“Эцэг нь өөр хүүхэнтэй явсан учраас тэжээж чадахгүй байна. Хоёр настай хүүг маань үрчилж авч өсгөх хүн байна уу. Хүүхдээ үрчлүүлнэ. Эцэг нь гэр орон, малаа аваад өөр хүнтэй амьдрахаар явсан" гэх зар өчигдөр /2022.09.15/ цахим орчинд нийтлэгдсэн билээ. Тэгвэл уг мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагаа явуулсан аж.
Тодруулбал, Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн хүүхдийн асуудал хариуцсан алба хаагчид тухайн зар мэдээллийг нийтэлсэн эмэгтэйг олж тогтоон хүүхдийн хамт цагдаагийн байгууллагад хүргэсэн байна.
Мөн хүүхдийг Гэр бүл, хүүхэд, залуучуудын газрын харьяа хамгаалах байранд хүргэхээр ажиллаж байгаа гэлээ. Хүүхдийн ээж А нь нөхөр, хоёр хүүхэдтэй амьдардаг байсан бөгөөд дөрөв, хоёр настай хүүхдээ нэг нэгээр нь авна хэмээн нөхөр нь салахдаа дөрвөн настай хүүгээ аваад явжээ. Харин бүсгүй ажил хийж чадахгүй, ганц хүүхдээ тэжээж чадахгүй учраас нөхрийнхөө хамаатан, аав ээжид нь хандсан ч "Хоёр хүүхдээ нэг нэгээр нь аваад сал" хэмээн загнажээ. Түүний нөхөр нь жил гаруйн өмнөөс нэгэн бүсгүйтэй холбоо тогтоож, улмаар түүнтэй амьдарна хэмээн салж, өдгөө Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд амьдардаг аж.