Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр 10 дугаар сарын эхний долоо хоногт тохиодог. Энэ өдрийн хүрээнд өнөөдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд иргэд, аж ахуйн нэгж, албан байгууллагууд 10 төрлийн мод тарилаа. Мод тарих үндэсний өдрийг нээж Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан хэлсэн үгэндээ “Бид жилд хоёр удаа буюу хавар намрын улиралд бүх нийтээрээ мод таридаг болсоор бүтэн нэг үе буюу 12 жил өнгөрсөн байна. Мод тарих үйлсэд нэгдэхээр ирсэн энэ олон иргэд, байгууллагууд, хүүхэд багачуудаа харахад бидний хамтын зорилго биелж, Монгол Улс 1 тэрбум мод тарих амлалтаа бүрэн биелүүлж чадна гэсэн итгэл төрж байна. Улаанбаатар хотоо ногоон болгохын төлөө улам олон мод тарьж, хайрлан хамгаалж ургуулцгаая” гэлээ.