НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хаалттай хуралдаанаар АНУ тэргүүтэй гишүүн улсууд Оросын саяхан Украинд өгсөн дроны цохилтыг мөрдөн шалгахыг шаардсан байна.
Учир нь Аюулгүйн зөвлөлийн зарим гишүүн орон Украинд хэрэглэсэн Оросын дроныг Иранд үйлдвэрлэсэн зэвсэг гэж үзэж байгаа юм. Харин Орос, Иран улсууд Украинд хэрэглэсэн дроныг шалгах эрх НҮБ-д байхгүй гэсэн байр суурьтай байна.
Аюулгүйн зөвлөлийн хуралдааныг АНУ, Франц, Британийн хүсэлтээр хуралдуулсан юм. НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн 2015 оны тогтоолоор Иран улсаас дрон зэрэг зэвсэг худалдан авахыг хориглосон байдаг.
Украинд яг Ираны дроныг Орос хэрэглэсэн бол олон улсын тогтоолыг Москва зөрчсөн гэсэн үг гэж Францын байнгын төлөөлөгч мэдэгдсэн байна.
Иймээс НҮБ-ын тогтоолыг ОХУ зөрчсөн эсэхийг тогтоохын тулд олон улсын шинжээчдийн багийг Украин руу илгээх нь зүйтэй гэж үзэж байна. Харин ОХУ-аас НҮБ-д суугаа байнгын төлөөлөгчийн орлогч Өрнөдийн орнуудад өөрсдийн буруутгаж байгаа үндэслэлээ нотлох ямар ч баримт байхгүй гэж үзэж байна.
ОХУ сүүлийн үед олон удаагийн давтамжтайгаар дрон буюу нисгэгчгүй, алсын удирдлагатай зэвсгээр Украины нийслэл, бусад хотуудын эрчим хүчний болон бусад дэд бүтэц рүү цохилт өгч байгаа.
АНУ болон Европын холбоо газарт буух үедээ дэлбэрдэг, хямд өртөгтэй "Шахед-136" загварын дроныг Иран улс Орост нийлүүлсэн баримт бий гэж мэдэгдсэн. Вашингтон Иран дроноо ОХУ-д нийлүүлсэн бол энэ нь Тегераны цөмийн зэвсгийн үйл ажиллагааг хязгаарлах 2015 оны гэрээний нэг хэсэг буюу Аюулгүйн зөвлөлийн 2231 тоот тогтоолыг зөрчсөн алхам болно гэж үзэж байна.
Украины талаас есдүгээр сараас хойш Иранд үйлдвэрлэсэн 223 дроныг замаас нь барьж устгасан гэж мэдээлж байна.
Украины арми "Шахед-136" загварын дроныг агаараас эсэргүүцэн хамгаалах пуужин, сөнөөгч онгоц, пулемёт болон бусад зэвсэг ашиглан устгасан юм байна.
Олон улсын эрхзүйг зөрчсөн эсэх асуудал НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хэмжээнд яригдаж байгаа учир Иран улс ОХУ-ын дайнд ашиглаж байгаа дроныг тус улсад нийлүүлээгүй гэдгээ мэдэгджээ.