ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Өмнөд Солонгост нас барсан иргэдийн дунд өсвөр насны 11 хүүхэд байжээ

O.Admin
2022-10-31

Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хотод Halloween-ийн баяраар цугларсан олны хөлд дарагдан амиа алдсан хүний тоо нэмэгдэж, тэдний дунд гадны 26 иргэн байсан талаар "Ёнхап" агентлаг өнөө өглөө мэдээллээ. Энэ үйл явдалтай холбогдуулан Өмнөд солонгос улс даяар гашуудлын долоо хоног зарлажээ. Өөрөөр хэлбэл, ирэх сарын 05-ны өдөр хүртэл гашуудал зарлаж, бүх улсын Элчин сайдын яамдууд тугаа бөхийлгөж, урлаг соёлын арга хэмжээг цуцалжээ. 

Амиа алдсан хүний тоо 154 болж, хүнд гэмтэл авсан 33 иргэн байгаа тухай тус улсын Гамшигтай тэмцэх төвөөс мэдээлжээ. Мөн хөнгөн хэлбэрийн гэмтэлтэй 116 хүн бүртгэгджээ. Нас барсан хүмүүсийн 1-ээс бусдыг бүрэн таних ажиллагаа хийж дууссан байна. Тэдний дотор 26 гадны иргэн байгаагаас тав нь Иран улсын, Хятад улсын 5, ОХУ-ын 5, АНУ-аас 2, Японы 2 иргэн байна гэдгийг зарлажээ. Мөн Австрали, Норвег, Австри, Вьетнам, Тайланд, Казакстан, Узбекистан , Шри Ланка зэрэг улсаас тус бүр нэг иргэн амиа алдсан мэдээ байна. Тэдний дунд өсвөр насны 11 хүүхэд байсан бол үлдсэн нь 30 хүртэлх насныхан байжээ. 

Мөн сураггүй болсон хүний талаарх дуудлага 4000 орчим ирсэн гэдгийг орон нутгийн YTN Болон Ёнхап агентлагийн мэдээнд дурджээ. Нас барсан иргэдийн дунд 24 настай залуу жүжигчин Ли Жи Хан, мөн БНСУ-ын мэргэжлийн бэйсболын багийн хөгжөөн дэмжигчдийн ахлагч Ким Юна байсан бөгөөд тэдний зургийг тус улсын хэвлэлүүд олон нийтэд цацлаа. 

Өмнөд Солонгост тохиолдсон энэхүү үйл явдалд олон улсын эрх баригчид гашуудлын зурвас илгээсээр байна. Хамгийн эхэнд АНУ-ын ерөнхийлөгч Жо Байдэн гашуудлын зурвас илгээсэн бол БНХАУ, Их Британи, Франц, ХБНГУ, Канад, Мексик, Монгол зэрэг орны төрийн тэргүүн нар мөн эмгэнэл илэрхийлжээ.