Өчигдөр Дархан-Уул аймгийн "Оюуны ирээдүй" цогцолбор сургуулийн хичээлийн А байрны цайны газарт тус сургуулийн 12 дугаар ангийн сурагч амьсгал боогдуулагч цацсаны улмаас сурагч, ажилчдад хордлогын шинж тэмдэг илэрсэн тухай бид мэдээлсэн. Тус сургуулийн 6-12 дугаар ангийн 142 сурагч, сургуулийн багш, ажилтан 16 нийт 158 хүн хоолой боогдох, амьсгал бачуурах, ханиалгах, дотор муухайрах, бөөлжих, цээжээр өвдөх шинж тэмдэг, зовуурьтай эмнэлэгт хүргэгдэн тусламж үйлчилгээ авчээ.
Өчигдөр 19:00 цагийн байдлаар 3 сурагч хүүхдийн тасгийн түр ажиглах өрөөнд байгаа тухай Дархан-Уул аймгаас мэдээлсэн юм. Харин бусад сурагчид болон багш ажилчид тусламж, зөвлөгөө аваад гэртээ харьжээ.
Үүссэн нөхцөл байдалд мэргэжлийн байгууллагуудаас хийсэн үзлэг, шинжилгээгээр тус сургуулийн цайны газарт хэрэглэж байсан газ хэвийн, 3 давхарт байрлах химийн лабораториас ямар нэг бодис алдагдаагүй нь тогтоогдсон тул өнөөдрөөс хичээл сургалтын үйл ажиллагаа хэвийн үргэлжилнэ.
Амьсгал боогдуулагч нулимс асгаруулагч биедээ авч явсан эмэгтэй сурагч өмнө нь Улаанбаатар хотод халдлагад өртөж байсан. Давтлага, дугуйлан зэргээс шалтгаалан сургууль дээрээ оройтох тохиолдол их гардаг. Тиймээс үеэл ах нь биеийг нь хамгаалах зорилгоор уг зүйлийг дүүдээ хотоос авч өгч явуулсан байжээ.