Сугалааны системийг цаашдаа үе шаттай халах болон сургууль цэцэрлэг, төрийн өмчит сургуулийн газрын асуудлыг өнөөдөр хуралдсан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцжээ. Энэ талаар БШУ-ы сайд Л.Энх-Амгалан сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
Тэрбээр, энэ жилийн тухайд 124 мянган хүүхэд цэцэрлэгт хамрагдсан. Үүнээс төрийн өмчийн цэцэрлэгт 94 мянга, хувийн өмчийн цэцэрлэгт 30 мянган хүүхэд хамрагдлаа. Гурван удаа элсэлт хийж эдгээр хүүхдүүдийг хамруулсан. Цаашдаа сугалааны системийг байхгүй болгохын тулд юу хийх талаар судалгаа явуулж, хэд хэдэн дүгнэлтэд хүрлээ.
Нэгдүгээрт, архитектур төлөвлөлтийн бодлого буруу байсан. Улаанбаатар хотын хэмжээнд 752 орон сууцны цогцолбор барилга баригдаж байна. Үүнээс 0.02 хувь буюу 20 цэцэрлэг л барихаар төлөвлөж байна. Тиймээс барилга эхлэх зөвшөөрөл, архитектур төлөвлөлтийн даалгавар, улсын комисс хүлээн авах процесс бүрт хариуцлага ярихгүй бол хэчнээн тэрбумыг зараад ч цэцэрлэгийн асуудлаа шийдэж чадахгүй. Цаашдаа цэцэрлэгийн барилга төлөвлөөгүй орон сууцны зураг төслийг батлахгүй байх, батлагдсан магадлал хийсэн, ашиглалтад хүлээн авсан албан тушаалтнуудад хариуцлага хүлээлгэх ажлыг зохион байгуулна.
Хоёрдугаарт, боловсролын салбарын газрын тооллого хийлээ. Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй 680 орчим төрийн өмчийн сургууль, 500 гаруй цэцэрлэг, 20 орчим Их дээд сургуулийн газрын тооллого хийлээ. Ихэнх сургууль цэцэрлэгийн газар хулгайлагджээ. Боловсролын салбарт байгаа газруудаас 12 сургууль цэцэрлэгийн 2.2 га газар, найман Их дээд сургуулийн 1.2 га газар бусдын буюу хүний нэр дээр, эрхлэгч захирлын эхнэр, жолоочийн нэр дээр шилжүүлсэн зөрчил илэрлээ.
Мөн нийтийн эзэмшлийн газар орон сууц бариулаад, тэр байрныхаа СӨХ рүү хүртэл нэр шилжүүлсэн асуудал байна. Хөдөө орон нутагт байгаа сургуулийн газрыг хүртэл гадны аялал жуулчлалын компани руу шилжсэн. Биеийн тамирын талбайн газар нь бусдын нэр дээр байна. Тиймээс хууль бусаар эзэмшсэн хүмүүсийн газар эзэмших эрхийг цуцалж, газрын үнийг буцаан төлүүлж, шийдвэр гаргасан албан тушаалтнуудад хариуцлага тооцож, нийтийн эзэмшлийн газар барьсан грааш, спорт заал зэргийг Хөрөнгийн газар дахин шилжүүлнэ" гэлээ. Энэ нь 2015-2022 оны хугацаанд гарсан зөрчил гэдгийг Л.Энх-Амгалан сайд тодотголоо.