Засгийн газраас “Эрдэнэс Тавантолгой” ХК-д зургаан сарын хугацаатай онцгой дэглэм тогтоосон билээ. Тиймээс энэхүү байгууллагыг Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ганбат удирдаж байгаа юм.
Тэгвэл нүүрсний асуудлын эргэн тойронд маргаан, луйвар нэлээд байгаа бөгөөд Ерөнхий сайдын хувьд ч анхаарал нэлээд хандуулж буй. Энэхүү асуудлын эргэн тойронд АТГ-аас нүүрснийхэнтэй холбоотой 20 гаруй объектод үзлэг нэгжлэг хийж, 30 гаруй хүнийг байцаасан байна.
Энэхүү 30 гаруй иргэн дотор “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Тавантолгой төмөр зам” ТӨХК болон гүйцэтгэгч гэрээтэй байгууллагуудын албан тушаалтнууд байжээ.
Албан бус эх сурвалжийн хэлж буйгаар энэхүү нүүрсний хулгайн асуудалтай холбогдуулан "Бодь" группын байранд мөн нэгжлэг хийх байсан ч нэгдүгээр хүн буюу Ерөнхийлөгчийн даалгавраар зогсоосон гэх. Учир нь "Бодь интернэшнл" группын ТУЗ-ийн дарга Д.Баясгалангийн эхнэр нь Ерөнхийлөгчтэй найз учраас гуйж байж, уг нэгжлэгийг зогсоосон гэх мэдээлэл дуулдав. Тус групп нь Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг барихдаа "Монголын төмөр зам" компанийн барьсан өртгөөс дөрөв дахин өндөр үнээр барьсан гэх.
Офтейк гэрээнд нүүрсийг 49 ам.доллароор авч байсан бол цаад талдаа үүнээс 5 дахин өндөр үнээр зарж байсан гэх асуудлаар ч эдгээр хүмүүс шалгагдах ёстой. Тухайн үедээ коксжих нүүрс түүхэн дээд амжилт буюу нэг тонн нь 400 ам.доллар хүрч байлаа.