ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Нүүдэлчдийн агсарга бүс нээлтээ хийлээ

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2022-12-16

Монголын Үндэсний музейн 2022 оны хамгийн отгон үзэсгэлэн "Нүүдэлчдийн агсарга бүс" тусгай үзэсгэлэнг өнөөдөр нээлээ. Монголын Үндэсний музейн захирал Л.Жаргал үзэсгэлэнг нээж хэлсэн үгэндээ "Тус үзэсгэлэн нь музейн сан хөмрөг болон хувь цуглуулагчдын цуглуулгад хадгалагдаж буй агсарга бүстэй холбогдох үзмэр цуглуулгыг дээжлэн олон нийтэд нээлттэй толилуулахдаа эрдэм шинжилгээний каталоги номтой мөн эрдэм шинжилгээний хуралтай зохион байгуулагдаж буйг" онцлон тэмдэглэв.

 

 

Бүс нь нүүдэлчдийн амьдралын хэв маягт тохирсон байдаг бөгөөд морь унахад гэдэс зайлах, бөөр доргих, нуруу чилэхээс хамгаалах чухал үүрэгтэй төдийгүй, нийгмийн зэрэг зиндаа, эрх мэдлийг илтгэх чухал зүйл болон хөгжжээ. Тиймээс эрт үеэс бүсний арал, бэл тоногийг алт, мөнгө, үнэт чулуу хүрэл, яс, мод зэргээр урлан чимэглэдэг байв. Түүнчлэн бүсний арал дээр олон төрлийн амьтны дүр хээ угалз дүрслэх бөгөөд энэ эртний нүүдэлчдийн гоо зүйн илэрхийлэл, ертөнцийг үзэх үзлийг илтгэн харуулах өргөн утга агуулдаг байна. Бүс нь мөн эртнээс улс орон, хүн хооронд эв найрамдал тогтоох, тангаргийн эрхэм дээд бэлэг болдог байсан аж. Дээрх бүс эрхэмлэх уламжлал хожмын монголчуудад ч өвлөгдөн иржээ.

 

 

 

Мөн “Нүүдэлчдийн агсарга бүс” сэдэвт эрдэм шинжилгээний хурал Монголын Үндэсний музейн 1 дүгээр танхимд амжилттай болж өндөрлөлөө. Хурлын даргаар Монголын Үндэсний музейн захирал Л.Жаргал, Бодлого төлөвлөлт, удирдлагын хэлтсийн дарга Т.Зөнбилэг нар ажиллаж, 12 илтгэл хэлцэгдсэн юм. “Нүүдэлчдийн агсарга бүс” эрдэм шинжилгээний хуралд Монголын Үндэсний музейн Эрдэм шинжилгээний төвийн дарга Ц.Одбаатар /Ph.D./, Ж.Баярсайхан /Ph.D./ Эрдэм шинжилгээний ажилтан Т.Түвшинжаргал, Ч.Туулцэцэг /Ph.D./, Ж.Наранчимэг, Г.Ариунтуяа, Г.Бүрэнтөгс, Ч.Баяндэлгэр болон МУИС-ийн ШУС-ийн Хүмүүнлэгийн ухааны салбарын докторант Б.Өргөнбуян, БНХАУ-ын Минзу Их сургуулийн докторант A.Hairaa (Hai Ri) /Мinzu University of China/, СУИС-ийн Радио, телевиз медиа урлагийн сургуулийн багш, Л.Долгоржав /Ph.D./ болон Дэлхийн Монгол гарал үүсэлтэй төвийн тэргүүн Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин Доктор, Проф. О.Нямдаваа нар оролцож илтгэлээ хэлэлцүүлэв.