Нүүрсний экспорт, тээвэрлэлттэй холбоотой асуудлаар холбогдох эрх бүхий байгууллагуудын тайлан, мэдээлэлтэй танилцах ерөнхий хяналтын сонсгол Төрийн ордонд 10.00 цагаас эхлэх байсан.
Сонсголыг даргалагч УИХ-ын гишүүн С.Чинзориг нээлттэй сонсголыг эхлүүлэхээр дэгийг танилцуулах гэсэн боловч тусдаа танхимд зохион байгуулахыг зарим оролцогч эсэргүүцсэн учир зохион байгуулалтын асуудлаас үүдэн нээлттэй сонсгол 10 минут түр завсарласан.
Харин үүний дараа ажлын хэсэг иргэдийн саналыг авч хэлэлцээд, хоёр цаг бэлтгэл хангасны эцэст ерөнхий хяналтын сонсголыг 13.00 цагт Төрийн ордны Их танхимд эхлүүлэх шийдвэр гаргасан байна. Шууд дамжуулалт хийх бэлтгэл ажлыг хангах үүднээс 13.00 хүртэл хойшлуулсан байна. Тэгвэл тус сонсголд оролцуулахыг шаардсан зарим жагсагч Төрийн ордны баруун хаалганы дэргэд нүцгэн суулт зарлаж буй. Тэд Ерөнхий сайдтай уулзахыг шаардаж буй бөгөөд нүүрсний хулгайн нээлттэй сонсголд оролцуулах хүртэл хувцасгүй суухаа илэрхийлж байгаа юм. Ийн нүцгэн суулт зарласан иргэдийг осголтын нэгдүгээр зэрэгт орсон гэдгийг эмчийн үзлэгийн баг сануулж байгаа бөгөөд одоогийн байдлаар 2-3 хүн ухаан алдсаныг, эмнэлгийн машинаар авч явжээ.