“Хөтөлийн цемент шохой” үйлдвэрийн гүйцэтгэх захирал Л.Наранбаатар мэдээлэл хийж байна. Тэрээр Худалдаа хөгжлийн банкны эзэн Д.Эрдэнэбилэгийн 340 тэрбум төгрөгийн өрийг “Хөтөлийн цемент шохой” ТӨХК төлөх ёсгүй хэмээн үзэж буй юм.
Тэрбээр “Өнөөдөр нэг шүүх хурал болох гэж байна. Хөгжлийн банк, Хөтөлийн цемент шохой ТӨХК-ийг хариуцагчаар татаад шүүхдэлцэж байгаа юм. Манай үйлдвэрийг авах гэж байгаа юм. "Сахал" Д.Эрдэнэбилэг гэдэг хүний төөрөгдүүлсэн "Хөтөл" ХХК 2015 онд Хөгжлийн банкнаас 61 сая ам.долларын зээл аваад “Хөтөлийн цемент шохой” ТӨХК үйлдвэр рүү хөрөнгө оруулалт хийнэ гээд авсан байдаг. Гэтэл энэ мөнгийг манайхаас нэхэмжлээд байгаа юм. Үнэн хэрэгтээ "Хөтөл" ХХК, "Хөтөлийн цемент шохой" ТӨХК хоёр бол тусдаа компани.
"Хөтөл" ХХК бол Сахал Д.Эрдэнэбилэгийн компани. 61 сая долларын зээл нь 340 орчим тэрбум төгрөг болж байна гэсэн. Д.Эрдэнэбилэгийн компанийн зээлсэн мөнгийг манайхаас нэхэмжлээд байгаа. Авсан зээлээсээ нэг ч төгрөг эргүүлэн төлөөгүй байна. Улмаар Хөгжлийн банк "Цемент шохой" ТӨХК-иас нэхэмжилж шүүхэд хандсан, өнөөдөр шүүх хуралдаан болно.
Та бүхэн энэ хурлыг анхаараарай. Хэрэв Д.Эрдэнэбилэгийн тавьсан өрийг Хөтөлийн үйлдвэрийн 820 гаруй ажилтнаас нэхэмжилж, үйлдвэрийг зээлийн төлбөр, барьцаанд хураан авах нөхцөл үүсвэл шударга бус үйлдэлтэй тэмцэх болно гэж мэдэгдэж байна. Бид харин Д.Эрдэнэбилэгээс цементийн алдагдсан боломжийн өртгөө нэхэмжлэх ёстой” гэсэн юм.