Нэгдүгээр сарын 8-ны өдрөөс эхлэн гадаад орнуудаас Хятад улсад ирж буй зорчигчдыг тусгаарлахаа больж байгааг өчигдөр Бээжингийн эрх баригчид зарлажээ. Тус улсад сүүлийн өдрүүдэд коронавирусийн халдвар тархалт эрчимтэй нэмэгдэж байгаа. Энэ нь Хятадын засгийн газар бараг гурван жил хатуу дагаж мөрдсөн “тэг ковид” дэглэмээ цуцалсантай холбоотой.
Ням гарагаас эхлэн тус улсын эрх баригчид цар тахлын тоо баримтыг зарлахаа зогсоосон юм. 2020 оны гуравдугаар сараас эхлэн гадаадаас Хятадад ирж буй зорчигчид гурван долоо хоногийн хугацаанд заавал тусгаарлагдах хатуу журам хэрэгжиж байв. Энэ хугацаа явцын дунд буурсаар одоо таван өдөр болоод байгаа. Харин нэгдүгээр сарын 8-наас эхлэн Covid-19 нь А ангиллын халдварт өвчнөөс B ангиллын халдварт өвчин болж, зэрэглэл буурч байгаа тул гадаадаас ирэгсэд тусгаарлагдах шаардлагагүй болжээ.