ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Турк, Сирид болсон газар хөдлөлтийн улмаас 3800 гаруй хүн нас бараад байна

O.Admin
2023-02-07

Турк, Сирийн нутаг дэвсгэрийг хамарсан аймшигт газар хөдлөлтийн дараа 3,800 гаруй хүн амиа алдаж,  аврагчид амьд үлдсэн хүмүүсийг нуранги доороос гаргахаар хичээж, хилийн хоёр тал барилгын нуранги, хог хаягдалд дарагдсан талаар CNN мэдээллээ.

Өнгөрсөн даваа гарагийн өглөөний 04 цагийн үед тус бүс нутагт тохиолдсон хамгийн хүчтэй газар хөдлөлт нь оршин суугчдыг орноос нь унагаж, Ливан, Израйлийн нутаг дэвсгэрт хүртэл нөлөөлжээ. Турк улсад гэхэд л 2316 хүн нас барж, хэдэн мянган хүн гэмтэж бэртэж, 5606 барилга нурсан гэж Туркийн Гамшиг, Онцгой байдлын агентлаг (AFAD) мэдээлсэн байна.

Харин хөрш зэргэлдээ Сирид 1136 хүн нас баржээ. Сирийн төрийн мэдээллийн “SANA” агентлагийн мэдээлснээр, Засгийн газрын хяналтад байгаа бүс нутгууд буюу Алеппо, Хама, Латакиа, Тартус зэрэг бүс нутагт 656 хүн нас баржээ. Албан ёсоор Сирийн иргэний хамгаалалт гэгддэг “Цагаан дуулгатнууд” бүлэглэл буюу сөрөг хүчний хяналтад байгаа бүс нутагт 480 хүн амиа алдсан гэж мэдээлсэн аж. 

7.8 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн голомт Туркийн Газиантеп мужийн Нурдаги хотоос зүүн тийш 23 километрийн зайд, 24.1 километрийн гүнд байсан гэж АНУ-ын Геологийн алба (USGS) мэдээлсэн байна. Даваа гарагийн турш хэд хэдэн дараалласан чичиргээнүүд мэдэгдсээр байсан бөгөөд хамгийн том нь буюу 7.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт нь анхны газар хөдлөлтөөс есөн цагийн дараа Туркт болсон аж. Тэрхүү газар хөдлөлт эх газраас хойд зүгт 95 км (59 миль) зайд болжээ.

Олон улс орон, тухайлбал Польш, Япон зэрэг улс орнууд гамшигт нэрвэгдсэн бүс нутагт тусламж үзүүлэхээр аврах ажилчдаа илгээсэн бөгөөд энгийн иргэдийг олох, амийг нь аоар их ажил өрнөж байна. Хүйтэн, нойтон цаг агаарын систем бүс нутгийг дайран өнгөрч байгаа нь энэ сорилтод улам саад болж байна гэлээ.

Даваа гарагт болсон газар хөдлөлт нь Туркт 1939 оноос хойш тохиолдсон хамгийн хүчтэй газар хөдлөлт юм байна. Ийм хүчтэй газар хөдлөлт нь ховор тохиолддог. Сүүлийн 25 жилийн хугацаанд Туркт 7.0 ба түүнээс дээш магнитудын хүчтэй долоон газар хөдлөлт болсон ч даваа гарагт хамгийн хүчтэй нь болжээ.

Жоржиа Техникийн Их Сургуулийн Дэлхий ба Агаар мандлын Шинжлэх Ухааны Сургуулийн туслах профессор Карл Ланг газар хөдлөлтийн идэвхжил өндөр хэвээр байна гэж CNN-д ярьжээ. "Энэ бол маш том хагарлын бүс, гэхдээ энэ нь сүүлийн үед тохиолдож байгаагүй том газар хөдлөлт юм" гэж Ланг хэлсэн аж.

“Бид цаашид барилгуудыг ашиглах боломжгүй. Магадгүй олон цагаар, сараар. Би мэдэхгүй байна" гэж доктор Мазен Кевара гэр бүлийнхээ хамт машинд хоргодож байхдаа CNN-д ярьжээ.