Туркийн Гамшиг, онцгой байдлын агентлаг газар хөдлөлтийн дараа эрэн хайх, аврах ажилд саад болохгүй байхын тулд иргэдийг төв замаас хол байхыг уриалжээ. Тус агентлаг твиттер хуудастаа "Газар хөдлөлтийн голомт руу чиглэж буй эрэн хайх, аврах баг, онцгой байдлын автомашинууд ажлаа хэвийн гүйцэтгэхийн тулд зам чөлөөтэй байх ёстой юм. Тиймээс шаардлагагүй бол замын хөдөлгөөнд оролцохгүй байхыг анхаарна уу" хэмээн жиргэжээ. Газар хөдлөлтийн голомтод 300,000 хөнжил, 24,712 ор, 19,722 майхан илгээсэн байна.
Мөн гамшигт нэрвэгдсэн хүмүүст сэтгэлзүйн болон эрүүл мэнд, нийгмийн бусад тусламж үзүүлэхийн тулд 765 ажилтан, 50 автомашин илгээсэн аж. Турк, Сири улсад туслах олон улсын тусламжийн болон аврах баг томилолт өвөртлөн ар араасаа тус улсыг зорьсоор байгаа бөгөөд Япон, Польш улсууд хамгийн эхэнд багаа илгээсэн. Тэгвэл Энэтхэгийн гамшгаас аврах хоёр багийн эхнийх нь Туркийг зорьжээ. Энэтхэгийн Агаарын цэргийн хүчний мэдээлснээр, гамшгаас аврах багийн эхнийх нь даваа гарагийн шөнө Туркийг зорьсон байна.
Энэтхэгийн Агаарын цэргийн хүчин мягмар гарагт твиттер хуудаснаа "С-17" стратегийн тээврийн онгоц "Гамшгийн эсрэг үндэсний хүчний эрэн хайх, аврах багуудыг дагуулан Турк улсыг зорьсон" гэж мэдэгджээ. Энэтхэгийн Гадаад хэргийн яам мөн л төстэй бичлэгийг твиттер хуудсандаа нийтэлж, “Газар хөдлөлтийн гамшигт аврах материалын эхний хэсэг Эрэн хайх, аврах баг, тусгайлан бэлтгэгдсэн нохойн анги, эмнэлгийн хэрэгсэл, өрөмдлөгийн машин болон бусад шаардлагатай тоног төхөөрөмжийн хамт Турк улс руу явж байна. Удахгүй Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди эмгэнэл илэрхийлж, Туркийн Засгийн газартай тусламж илгээнэ" гэж мэдэгдэв.
Эргэн сануулбал, өчигдөр буюу даваа гарагийн үүрээр Туркийн Сирийн хилийн ойролцоох Газиантеп мужид 7.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсны улмаас Турк, Сирид олон мянган хүн амь үрэгдэж, олон мянган хүн шархдаж, одоогийн байдлаар нас барсан иргэдийн тоо 4300-д хүрээд байна. Өмнө нь буюу 1939 онд Туркт хамгийн хүчтэй газар хөдлөлт болсон бөгөөд 300 мянган хүн нас барж байжээ. Даваа гарагийн газар хөдлөлтийн чичиргээ болон түүний дараах чичиргээ Ливан, Израиль, Ирак, Иордан зэрэг бүс нутагт бүртгэгдсэн байна.