Даваа гарагт болсон 7.8 магнитудын хүчтэй газар хөдлөлтөөс хойш Турк, Сири даяар 33,000 гаруй хүн амь үрэгдээд байгаа бөгөөд цаг агаар хүйтэрч буйн улмаас амьд үлдсэн хүмүүсийг аврах итгэл найдвар буурсаар байна. Хамгийн сүүлийн мэдээллээр хоёр улсад нийтдээ 33,181 хүн нас баржээ.
Турк улсад амиа алдагсдын тоо 29,605-д хүрсэн тухай Туркийн Онцгой байдлын төв ням гарагт мэдэгджээ. Харин Сири улсын “Цагаан дуулгатнууд” иргэний хамгаалалтын бүлгийн мэдээлснээр тус улсад нийт 3576 хүн амиа алдсаны баруун хойд хэсгийн босогчдын хяналтад байгаа бүс нутагт 2168 хүн, Сирийн засгийн газрын хяналтад байгаа хэсэгт 1408 хүн амиа алдсан аж.
Баасан гарагт эрэн хайх, аврах ажиллагаа дуусгаснаа зарласан “Цагаан дуулгатнууд” өнгөрсөн бямба гарагт CNN-д “Нас барагсдын тоо илүү нэмэгдэх төлөвтэй байна” хэмээн мэдэгджээ.
Өчигдөр Туркийн өмнөд хэсгийн Хатай мужид нурангин дор 147 цагийн турш дарагдсан 10 настай Куди охиныг аварчээ. Мөн тус бүс нутагт амьд үлдсэн 35 настай Мустафа Сарыгул гэгчийг зургаан давхар орон сууцны балгаснаас 149 цагийн дараа гаргасан нь амьд үлдсэн хүн байгаа гэх итгэл найдварыг төрүүлж байгаа юм.
Гэсэн ч газар хөдлөлт болсноос хойш цаг хугацаа өнгөрөх тусам эдгээр аврах ажиллагааны мэдээ улам бүр хумигдсаар байгаа юм.
Олон улсын аврах багууд Туркийг орхих уу
Газар хөдлөлт болон бусад асуудлаас үүдэн тухайн хотуудад үймээн самуун гарч буй учраас зарим улс орны аврах, эрэн хайх багууд ажлаа түр зогсоох, зарим нь бүс нутгийг орхин гарах шийдвэрт хүрч байгаа юм. Тухайлбал, өнгөрөгч бямба гарагт Германы аврах баг аюулгүй байдлын үүднээс аврах ажлаа зогсоожээ. Мөн Израилийн эрэн хайх, аврах ажиллагааны бүлэг ням гарагт аюулгүй байдалд заналхийлсэн гэх шалтгаанаар Турк улсыг орхих шийдвэр гаргаад байна.
Тус багийг ахалж явсан Гүйцэтгэх захирал Эли Поллак, Үйл ажиллагаа эрхэлсэн дэд ерөнхийлөгч Дов Майсел нар мэдэгдэлдээ "Израилийн төлөөлөгчдөд аюул заналхийлсэн тагнуулын мэдээлэл ирсэн учраас бид ажилтнуудынхаа аюулгүй байдлыг нэгдүгээрт тавих ёстой" гэж мэдэгджээ. Гэсэн хэдий ч зарим улсын аврах, эрэн хайх баг түр завсарласны эцэст эргээд ажлаа хэвийн явуулж эхэлсний нэг нь Австрийн гамшгаас хамгаалах алба.
Тэд "Турк дахь бүлэглэлүүдийн хооронд түрэмгийлэл нэмэгдэж байна, аюулгүй байдлын нөхцөл байдал улам хүндэрч байгаа тул бямба гарагийн өглөө үйл ажиллагаагаа түр зогсоолоо" хэмээн мэдэгдсэн ч мөн өдрийнхөө орой нь ажлаа хэвийн явуулж эхэлжээ.