ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

САЙН МЭДЭЭ: Монголын эдийн засаг хүлээлтээс давж чадлаа

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2023-02-19

"Эдийн засгаа сууриар нь тэлж чадахгүй бол дэвшүүлсэн зорилт бүхэн цаасан дээр царцан үлдэж, улс төрийн чөтгөрийн тойрогт Монгол Улсын амьдралын цаг хугацаа идэгдсээр байх нь ээ" хэмээн жил гаруйн өмнө Ерөнхий сайд “Шинэ сэргэлтийн бодлого”-оо УИХ-д танилцуулах үедээ мэдэгдэж байлаа.

Дэлхий нийтийг хамарсан цар тахлын хүнд цаг үеийг даван туулах, зогсолтод орсон эдийн засгаа сэргээхийн тулд экспортын орлогоо нэмэгдүүлж, ачаа тээврийн эргэлтээ нэмэх, боомтын сэргэлт, эрчим хүчний хараат бус байдлаас гарах зэрэг олон ажилд энэхүү бодлогын баримт бичиг нь маш чухал учраас улс төрийн дэмжлэг авахаар орж ирсэн гэдгээ мэдэгдсэн.

Тухайн үедээ олон ч хүн эргэлзэж байлаа. Монгол Улс цаашдаа дефолт зарлах нь ээ гэж муу амлаж байсан эдийн засагч, улстөрчид ч цөөнгүй бий. Өөрөөр хэлбэл, дэлхий нийтийг хамарсан цар тахал, геополитикийн эрсдэлд хүчин зүйлтэй тулгарсан манай улсын эдийн засаг 1990 оноос хойш хоёр дахь удаагаа хасах -5 болж агшсан учраас энэ хэцүү байдлаас хэрхэн эргэж өндийх, сэхээний тасагт хэвтсэн эдийн засгаа сэргээх боломж гарцыг “Шинэ сэргэлтийн бодлого” хэмээн тодорхойлж байв. Тэгвэл өнгөрсөн 1 жилийн хугацаанд алдагдсан боломжоо эргүүлэн авахын тулд Ерөнхий сайд Оюун-Эрдэнэ ба түүний удирдсан Засгийн газар зогсолтгүй тэмцэж, тэр хэрээр ч амжилт олж чадсаныг энэ удаагийн нэвтрүүлгээр үзэгч тантай хуваалцъя.  Тухайлбал,

-Цар тахлын 2 жилийн хугацаанд -4.6 хувиар агшсан байсан эдийн засаг 4 хувь болж сэргэлээ.

-Цар тахлын оргил үед 14.5 хувиар тасарч байсан улсын төсвийн орлого 106 хувийн гүйцэтгэлтэй гарав.

-Монгол Улсын экспортын орлого анх удаа 12.5 тэрбум ам.долларт хүрч, цар тахлын өмнөх түвшинд хүрэв.

-Төсвийн тэнцэл 1.4 их наяд төгрөгөөр сайжирч, төсвийн алдагдал 60 хувиар буурлаа.

-Валютын нөөц 2.8 тэрбум ам.доллар болж буураад байсан бол “Эрдэнэс Тавантолгой” компанид онцгой дэглэм тогтоосноос хойш 3.3 тэрбум ам.доллар болж, ханш тогтворжсон

-2023 оны нэгдүгээр сарын 9-ний байдлаар 138 олон улсын хөрөнгө оруулагчдаас буюу Ази, Америк, Европын хөрөнгө оруулагчдаас дөрөв орчим тэрбум ам.долларын захиалгыг ирүүлсэн

-2022 оны арванхоёрдугаар сарын 05-ны өдөр Чингис бондын өрийг бүрэн төлж барагдуулав.

-Самурай бондыг эргэн төлөх санхүүжилтийг Хөгжлийн банкны зээлийн эргэн төлөлтөөс 100 хувь бүрдүүлж чадав.

-Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч Fitch, S&P, Moodys агентлагууд Монгол Улсын зээлжих зэрэглэлийг “B, тогтвортой” төлөвт хэвээр хадгалсан зэрэг олон олон амжилттай 2023 оноо угтан авцгаав.  Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Засгийн газраас эдийн засгаа сэргээх, экспорт, гадаад худалдааг нэмэгдүүлэх, төлбөрийн тэнцлийг сайжруулах, гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэн, гадаад өрийн зохицуулалт буюу бондын өрийг төлөх арга хэмжээг авснаар Монгол Улс дефолтоос бүрэн сэргийлж чадлаа.  Үүнд хүрэхийн тулд тэр амаргүй нэг жилийг үдсэн нь ч үнэн. Нүүрсний хулгай, Хөгжлийн банкны луйвар, том үйлдвэрүүдийн хууль бус хувьчлал гээд олон хулгайтай “тулалдаж” тэр хэрээр ч өөртөө олон дайсан бий болгожээ. Авлигатай, хулгайтай тэмцсэн нэг жилийн үр дүнд бид эдийн засгаа сэхээний тасгаас гаргаж, энгийн тасаг руу шилжүүлэв. Харин 2023 онд эдийн засгаа эмнэлгээс гаргаж, цоо эрүүл болгохын төлөөх тулаанд эргэлзэхгүйгээр орно гэдгээ ч шинэ оны босгон дээр Ерөнхий сайд ард түмэндээ амласан. Өөрөөр хэлбэл, ирэх онд эдийн засгаа сэргээх, энгийн амьдралд шилжих тэмцэлд бус илүү их ашиг олох зам руу шуударсан гэсэн үг. Самурай, Гэрэгэ бондын өрөө бүрэн төлж дуусгах амлалтыг ард түмэндээ өгсөн. 2023 онд “Шинэ сэргэлтийн бодлого”-оо улам эрчимжүүлж хилийн боомтуудаа бүрэн нээж өргөн хэрэглээний барааны хомсдол, үнийн өсөлтөөс иргэдээ чөлөөлнө гэлээ. Хамгийн гоё мэдээ нь хөрөнгө оруулалтын орчинг сэргээх амлалт бөгөөд Оюутолгойн гүний уурхай 2023 оны эхний улиралд ашиглалтад орсноор эдийн засагт асар их сэргэлт авчрах нь тодорхой болов. Эрдэнэбүрэнгийн Усан цахилгаан станц, Тавантолгойн цахилгаан станц, Амгалангийн дулааны цахилгаан станцын өргөтгөлөөс гадна Эрчим хүчний хураагуур бүрэн ашиглалтад орсноор эрчим хүчний салбар эргээд өндийх нь ээ. Энэ бүхэн мэдээж нэг өглөө сэрэхэд бүрэн хийгдэхгүй ч эхлэлээ зөв тавьж, хулгайгүй, хууль бус зүйлгүй явж эхэлсэн цагт дуусах хугацаа нь тодорхой билээ.