ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

АНУ-ын хоёр иргэн Мексикт  амиа алджээ

O.Admin
2023-03-08

Өнгөрсөн долоо хоногт Мексикт дөрвөн америк хүнийг буутай этгээдүүд хулгайлан, хоёр иргэний амь насанд халдсан хэрэг гарсан билээ. Энэ хэргийн талаар Мексик болон АНУ-ын холбогдох албаныхан зэвсэгт халдлагаас амьд гарсан хоёр иргэнийг эх орондоо буцаж ирсэн хэмээн мэдээллээ.

Хэргийн талаар тодруулбал, өнгөрсөн гуравдугаар сарын 3-нд АНУ-ын дөрвөн иргэнийг  Мексикийн Тамаулипас мужийн зүүн хойд хэсэгт орших Техастай хиллэдэг Матаморос хот руу машинтай явж байхад нь   зэвсэгт этгээдүүд барьцаалсан юм. Хохирогчдын ойр дотныхон нь “Тэд гоо сайхын хагалгаа хийлгэхээр явж байсан” хэмээн хэвлэлийнхэнд ярьсан байна.

Цагаан ордны Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хэвлэлийн төлөөлөгч Жон Кирби халдлагын улмаас амиа алдсан иргэдийн найз нөхөд болон гэр бүлийнхэнд эмгэнэл илэрхийлсэн юм.
Мөн Тамаулипас мужийн Ерөнхий прокурор Ирвинг Барриос Мохика халдлагаас амьд гарсан хоёр иргэнийг Матаморос дахь АНУ-ын консулын газартай хамтран мягмар гарагт АНУ-д хүргэсэн тухай твиттер хуудсандаа мэдээлжээ.  Ингэхдээ тэднийг Мексикийн зэвсэглэсэн цэргийн өндөр хамгаалалт дор АНУ-д буцаасан аж.

Холбооны мөрдөх товчоо мэдээлэхдээ “Гэмт этгээдүүдэд барьцаалагдсан дөрвөн иргэний хоёр нь амь насаа алдаж, амьд гарсан хоёр иргэнийг АНУ-ын эмнэлэгт хүргэж, нас барсан иргэдийн цогцсыг эх оронд нь буцаан авч ирсэн. Хохирогчдын нэг  нь хүнд гэмтсэн” хэмээжээ. Мөн Холбооны мөрдөх товчоо холбогдох хууль хяналтын байгууллага болон олон улсын байгууллагуудтай хамтран энэхүү аймашигт хэргийг үйлдсэн этгээдүүдэд зохих хариуцлагыг оногдуулна хэмээн мэдэгдэв.

Түүнчлэн Мексикийн Ерөнхийлөгч Андрес Мануэль Лопез Обрадор “Манай улсад ийм зүйл болсонд бид маш их харамсаж байна. Амиа алдсан иргэдийн  ар гэрийнхэн, найз нөхөд, АНУ-ын засгийн газарт эмгэнэл илэрхийлж байна” хэмээгээд цаашид тус улсын зүгээс энх тайван, аюулгүй байдлыг хангах ажлыг үргэлжлүүлэн хийх болно гэдгээ мэдэгдлээ.
Тус хэрэгтээ холбогдуулан Мексикийн цагдаагийн газар 24 настай эрэгтэйг баривчлаад байгаа аж. 

Эх сурвалж: BBC 

Н.Батзаяа