Хятадын Ардын төлөөлөгчдийн 14 дүгээр Их Хурлын анхдугаар чуулганаар Ши Жиньпиныг БНХАУ-ын даргаар гурав дахь удаагаа санал нэгтэйгээр сонголоо.
Хуралд нийт 2952 төлөөлөгч оролцож, тус улсын үндсэн хуулиар олгогдсон төрийн удирдлагыг сонгох эрхийг хэрэгжүүлсэн байна. Сонгууль албан ёсоор 09.27 цагт эхэлсэн бөгөөд санал хураалтыг нэрээ нууцалсан байдлаар явуулсан хэмээн Шинхуа агентлаг мэдээлжээ.
Сүүлийн 10 жилийн хугацаанд Хятадын эдийн засаг эрчимтэй хөгжиж, 2012 онд 53,9 их наяд юань байсан ДНБ нь одоогийн байдлаар 121 их наяд юань (ойролцоогоор 17,37 их наяд ам.доллар) болж өсчээ.
Мөн дэлхийн хоёр дахь том эдийн засаг Ши Жиньпины удирдлага дор урьд өмнө хэзээ ч байгаагүй шинэчлэлийн загвараар урагшилж байна хэмээн Шинхуа агентлаг онцолжээ.
Хятадын эдийн засаг сүүлийн 10 жилийн хугацаанд дэлхийн эдийн засгийн 18 гаруй хувийг бүрдүүлж, дэлхийн эдийн засгийн өсөлтөд оруулсан хувь нэмэр дунджаар 30 гаруй хувьд хүрсэн байна.
Мөн Хятад улс туйлын ядуурлыг устгаж, дэлхийн өндөр боловсрол, нийгмийн хамгаалал болон эрүүл мэндийн тогтолцоог бий болгожээ. Ингэснээр Хятад улсын иргэдийн дундаж наслалт сүүлийн 10 жилд 74.8-78.2 болж нэмэгдэсэнээс гадна экологи, байгаль орчныг хамгаалах чиглэлд өргөн хүрээтэй өөрчлөлт шинэчлэлтийн түүхэн ажлуудыг хийсэн байна.
Эх сурвалж: Шинхуа агентлаг
Н.Батзаяа