ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Х.Нямбаатар: Жилд 200-300 сая ам.долларын цахилгаан Оюутолгойд худалдана

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2023-03-13

Оюутолгойн далд уурхайн олборлолт эхэлж буй энэхүү түүхэн өдөр тус гэрээг Монголын талд ашигтай болгох талаас хамгийн их ажилласан хүмүүсийн нэг нь Хуульзүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар.

Тэрбээр, УИХ-аас баталсан Оюутолгойн гэрээг Монголын талд ашигтай болгох 92, 103 дугаар тогтоолыг ажил хэрэг болгох талаар хөрөнгө оруулагч талтай олон удаагийн уулзалт зохион байгуулсны үр дүнд татварын өрийг хүчингүй болгож, мөн ирээдүйд төлөгдөх татварын өрийг ч мөн тэглэх ажлыг хийсэн билээ. Тэгвэл өнөөдөр тус төслийн гүний уурхайн олборлолт эхэлж буй энэ цагт Тавантолгойн цахилгаан станцыг барьж байгуулах, ингэснээр Монголын цахилгаан станцаас эрчим хүчээ худалдан авах томоохон гэрээнд гарын үсэг зурсан талаар байр сууриа илэрхийлэв.

Х.Нямбаатар сайд хэлэхдээ “Оюутолгойд тогтвортой эрчим хүч худалдан авах, нэг ёсондоо банкинд баталгаа болгохуйц эрчим хүч худалдан авах гэрээг байгуулах асуудлаа шийдлээ. Нэг кВт эрчим хүчийг 9 доллар, 20 центээр тогтвортой худалдах гэрээ хийсэн байгаа. Энэ гэрээ бусад хөрөнгө оруулалт татах болон тухайн цахилгаан станцыг барьж байгуулахад мөнгө босгох гэрээ болж чадсан. Эрчим хүчний яаманд Тавантолгойн цахилгаан станцыг барьж байгуулах тендерийг хоёр удаа зарласан. Аж ахуйн нэгж тодроогүй байна. Удахгүй гуравдахь удаа зарласнаар сонгон шалгаруулалт хийгдэх байх аа.

Монгол Улсын Засгийн газар хатуу түлшээр буюу нүүрсээр ажилладаг цахилгаан станц барьж байгуулах зарчим барьж байна. Дэлхий нийт ногоон эдийн засгийг дэмжиж байгаа юм билээ. Тиймээс энэ хоёрын зөрчил дунд асуудал явж байгааг ойлгох нь зөв байх. Бид жилдээ 200-300 сая ам.долларын эрчим хүчийг Оюутолгойд худалдана. Тавантолгой цахилгаан станц нь 450 мвт-ын хүчин чадалтай байх бөгөөд Оюутолгойн эрчим хүчийг 100 хувь хангахаас гадна аваарын үед Өвөрмонголын эрчим хүчний системтэй хамаарал бүхий үйл ажиллагаа явуулна. Илүү гарсан эрчим хүчээ төвийн эрчим хүчний системд нийлүүлнэ гэсэн ойлголцол хийгдлээ” гэв.

Үүнээс гадна “Рио Тинто” групп болон Монголын Засгийн газрын хооронд хоёр гол баримт бичиг зурагдсаны нэг нь "Зэс хайлуулах үйлдвэр" байгуулах асуудал юм. Харин нөгөөх нь төрийн өмчийн давуу оролцоотой, хатуу түлш ашиглах Тавантолгойн цахилгаан станц төсөл бөгөөд энэ төслийг эхлүүлэх нэгдсэн ойлголцолд хүрч чадсаныг Х.Нямбаатар сайд яриандаа онцоллоо.