ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

АЙЛЧЛАЛ: Ши Жиньпин Украины дайныг энхийн замаар шийдэх санал тавив

O.Admin
2023-03-21

Орон нутгийн цагаар гуравдугаар сарын 20-ны үдээс хойш 13:00 цагийн үед БНХАУ-ын дарга Ши Жиньпин тусгай онгоцоор Москвагийн "Внуково" нисэх онгоцны буудалд газарджээ. Түүнийг ОХУ-ын Ерөнхий сайдын орлогч Дмитрий Чернышенко болон Засгийн газрын бусад өндөр албан тушаалтнууд угтан авсан байна. Ингэснээр БНХАУ-ын дарга Ши Жиньпин ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины урилгаар Орос улс дахь төрийн айлчлалаа эхлүүллээ.

Ши Жиньпин хэлсэн үгэндээ, “Хятадын Засгийн газар, ард түмний нэрийн өмнөөс Оросын Засгийн газар, ард түмэнд чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж, сайн сайхны ерөөл дэвшүүлье.

Хятад, Орос хоёр бол уул мөрөн, гол усаар холбогдсон найрсаг хөрш. Хоёр тал эвсэлд үл нэгдэх, сөргөлдөхгүй байх, гуравдагч этгээдийг онилохгүй байх зарчмын үндсэн дээр хоёр орны харилцааг бэхжүүлэн хөгжүүлэхийг шаардаж, шинэ хэлбэрийн том улс орнуудын харилцааны үлгэр жишээг харуулж байгаа билээ.

Хятад, Оросын харилцааны хөгжлийн ололт амжилт нь хоёр орны ард түмэнд бодит ашиг тус авчирч, дэлхийн хөгжил дэвшилд чухал хувь нэмэр оруулсан”  хэмээжээ. Энэхүү айлчлал нь үр дүнтэй, ололт амжилтад хүрч, шинэ эриний Хятад Оросын бүх талын стратегийн хамтын ажиллагааны түншлэлийн харилцааг эрүүл, тогтвортой хөгжүүлэхэд шинэ түлхэц болно гэж итгэж байна гэв.

Түүнтэй хамт ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны Байнгын хорооны гишүүн, Төв хорооны ерөнхий газрын дарга Цай Чи, Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Гадаад хэрэг эрхэлсэн Тамгын газрын дарга Ван И, Гадаад хэргийн сайд Чинь Ган болон бусад холбогдох албаны хүмүүс хүрэлцэн иржээ.

Үүний дараа хоёр орны удирдагчид албан бус уулзалт хийсэн бөгөөд ярилцлагын үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин дахин сонгогдсон Ши Жиньпинд баяр хүргэснээс гадна Украины мөргөлдөөнийг шийдвэрлэх Хятадын саналд хүндэтгэлтэй хандаж байгаагаа илэрхийлээд Ши Жиньпиний "Украины хурц хямралыг зохицуулах" 12 зүйл бүхий төлөвлөгөөг хэлэлцэнэ гэж мэдэгджээ. Энэхүү 12 зүйл бүхий төлөвлөгөөнд байлдааны ажиллагааг зогсоох, шууд яриа хэлэлцээрийг сэргээх, улс орны бүрэн эрхт байдлыг хүндэтгэх, нэг талыг барьсан хориг арга хэмжээг зогсоох гэх мэт зүйлүүдийг тусгажээ.

Эх сурвалж: Шиньхуа агентлаг 

Н.Батзаяа