Орос улс Беларусийн нутаг дэвсгэрт тактикийн цөмийн зэвсэг байрлуулна гэж ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мэдэгдлээ. Тэрбээр, энэ алхам нь цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх гэрээг зөрчихгүй бөгөөд АНУ Европт зэвсгээ байрлуулж байгаатай адил хэмээн зүйрлэжээ. Мөн Москва өөрийн зэвсгийн хяналтыг Минск рүү шилжүүлэхгүй гэж Оросын төрийн мэдээллийн хэрэгслүүд мэдээлж байна.
Харин энэхүү мэдэгдлийн дараа АНУ Оросыг цөмийн зэвсэг хэрэглэхээр бэлтгэж байна гэдэгт итгэхгүй байна гэж мэдэгджээ.
Энэ талаар АНУ-ын Батлан хамгаалах яам мэдэгдэлдээ "Бид өөрсдийн цөмийн зэвсгийн стратегийн байр сууриа өөрчлөх ямар ч шалтгааныг олж хараагүй. Бид НАТО-гийн хамтын эвслийн хамгаалалтад тууштай байх болно" гэжээ.
Беларус Украинтай маш урт хилийн зурвасаар холбогддог бөгөөд НАТО-гийн гишүүн Поланд улстай, мөн Литуан, Латви улсуудтай хиллэдэг байна.
Эх сурвалж: BBC
Н.Батзаяа