ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

ТАНИЛЦ: Буруугүй хэмээн мэлзэж буй Д.Бат-Эрдэнэ гишүүний холбогдсон хэрэг

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2023-03-29

Өнгөрөгч долоо хоногт УЕПГ-аас нэр бүхий гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг УИХ-д ирүүлсэн билээ. Хуулийн хугацаанд буюу ажлын тав хоногт хэлэлцэх ёстой уг асуудлыг УИХ энэ долоо хоногт холбогдох Дэд хороо, байнгын хороо болон чуулганаар хэлэлцэх учиртай.

Тиймээс өнөөдөр тус асуудлыг Халдашгүй байдлын дэд хороо хэлэлцэж байна. Тус дэд хорооноос ямар шийдвэр гарах, хуралдаанд хэн юу хэлсэн, хэн дэмжсэн, дэмжээгүй нь нууц байдаг учраас Дэд хорооноос барагтай л бол УИХ-ын гишүүнийг огцруулна гэсэн шийдвэр гарч байгаагүй.

Мөн асуудал дэгдэж эхлэхтэй зэрэгцэн зарим гишүүд албан тушаалдаа үлдэхийн тулд УИХ-ын гишүүдийн кнопыг үнэд хүргэж эхэлсэн гэх яриа дуулдаж байгаа. Харин энэ мэдээллийг олон нийтэд ил хүргэсэн сэтгүүлчдийг тэд “Худалдагдсан” хэмээн тодорхойлж буй гэх.

Тухайлбал, УИХ-ын гишүүн "Ажнай" буюу Д.Бат-Эрдэнэ “Нэр бүхий мэдээллийн сайтууд намайг гишүүдэд тэрбум төгрөг тараасан гэх үндэслэлгүй мэдээлэл түгээлээ. Би нэр хүндээ сэргээх үүднээс хуулийн байгууллагад хандана” хэмээжээ. Тэрбум төгрөг тараасан, эсвэл завдсан эсэхээс үл хамааран тэр хүн хэрэг хийсэн үү гэвэл хийсэн.

Үүнийг Ерөнхий сайд нь өөрөө Монголын үндэсний олон нийтийн телевизээр мэдэгдсэн. Улс төрийн зорилготой, зохион байгуулалттай жагсаалын гол санхүүжүүлэгч нь “Ажнай” буюу Д.Бат-Эрдэнэ гишүүн байсан хэмээсэн билээ. Тэгвэл эрхэм гишүүнийг дан ганц нүүрсний буюу орон нутгийн өмчит жижиг Тавантолгойн хэрэгт шалгуулж байгаа юу гэдгийг “UBN.mn” сайт илүү тодорхой хөнджээ.

УИХ-ын гишүүн Л.Энхболдын хөндсөн 268 мянган тонн нүүрс буюу тухайн үеийн ханшаар 60 тэрбум төгрөгийн нүүрс 2013-2017 онд алга болсон байдаг. Орон нутгийн жижиг Тавантолгойгоос нэг том мөргөцөг алга болсон бөгөөд “Тавантолгой транс” компаниар дамжин тээвэрлэгдэж, хилээр гарсан. Харин тус компани тээвэрлэлтийн үеийн бичиг баримтаа үерт урсгасан гэдэг тайлбар өгч шалгуулахаас татгалздаг.

“Тавантолгой транс”-ыг Д.Дагвадорж, Д.Хуушаан нараас гадна “Ажнай” корпораци хамтран байгуулсан нь улсын бүртгэлд бичигдсэн бөгөөд тус корпораци нь УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнийх гэдгийг хүн бүхэн мэдэх билээ.

Тухайн цагт орон нутгийн жижиг Тавантолгойг өдгөө Өмнөговь аймгийг удирдаж буй Р.Сэддорж удирдаж байсныг эргэн сануулъя. Тэгвэл Д.Бат-Эрдэнэ гишүүн нь 2006-2022 оны хооронд орон нутгийн гэгдэх “Таван толгой” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал, ТУЗ-өөс ногдол ашиг хуваарилах шийдвэрүүдийг гаргуулж, Гүйцэтгэх захирал, Ерөнхий нягтлан бодогчоор дамжуулан ногдол ашгаас өөртөө 28.7 тэрбум төгрөг, өөрийн хамаарал бүхий компанип мөн мөнгө шилжүүлжээ. Үүнээс гадна өөрийн хамаарал бүхий "Капитрон" банкаар дамжуулан ногдол ашгийн мөнгийг хувьдаа авч ашиглаж, мөнгө угаасан гэх нотлох баримтууд ч хуулийн байгууллагад ирээд байгаа гэнэ. Орон нутгийн өмчит "жижиг” Тавантолгой жил бүхэн Өмнөговь аймагт ногдол ашиг өгдөг бөгөөд өнгөрсөн хугацаанд олгосон мөнгөн дүнгээс 6 тэрбум төгрөг сох дутсан асуудлыг мөн Д.Бат-Эрдэнэ гишүүн болон түүний хамаарал бүхий хүмүүстэй холбон шалгаж байгаа юм байна.