ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

ХХБ-тай эрүүл мэндийн салбарынхныг орон сууцны зээлд тэргүүн ээлжинд хамруулах гэрээ байгууллаа

O.Admin
2023-03-31

Эрүүл мэндийн салбарт ажиллагсдын нийгмийн хамгааллыг сайжруулахад чиглэсэн нэн чухал баримт бичигт өнөөдөр гарын үсэг зурж баталгаажууллаа.

Манай эрүүл мэндийн салбар 56 мянга шахам ажиллагсадтай. Тэдгээрийн дийлэнх нь эмэгтэйчүүд. Мөн дийлэнх нь бага албан тушаалын, цалин багатай үйлчилгээний ажиллагсад байдаг учраас орон сууцны зээлд хамруулах нь нэн чухал байгаа юм.

Тиймээс Худалдаа, хөгжлийн банкинд хүсэлт тавьж, удирдлагын түвшинд уулзалтууд хийж өмнө хэрэгжиж байсан орон сууцны хөтөлбөрийг үргэлжлүүлэх санал тавьсан.

Банкны зүгээс саналыг минь хүлээн авч хамтран ажиллахаар зөвшөөрснөөр өнөөдөр ийнхүү Хамтран ажиллах гэрээнд Худалдаа, хөгжлийн банкны гүйцэтгэх захирал О.Орхоны хамт гарын үсэг зурлаа.

Ингэснээр тус банк эрүүл мэндийн салбарын эмч, ажиллагсдын орон сууцны ипотекийн зээлд хамрагдах хүсэлтийг дараалал харгалзахгүй хүлээж авч, тэргүүн ээлжинд шийдвэрлэж байхаар болж буй юм.

Худалдаа, хөгжлийн банкны хувьд Ковид-19 цар тахлын хүнд хэцүү цаг үед эрүүл мэндийн салбарыг онцгойлон дэмжих бодлогоор өөрсдөө санал тавьж эмч, эмнэлгийн ажиллагсдыг орон сууцны зээлд дараалал харгалзахгүй хамруулах хамтын ажиллагааг эхлүүлж 400 шахам хүнд 30 гаруй тэрбум төгрөгийн зээл олгосон. Гэрээний хугацаа дуусч энэ оны эхнээс ердийн журмаар зээлийн хүсэлтийг шийдвэрлэж байсан юм билээ.