Энэ сарын 03-ны өдөр нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн Дүнжингарав салбарт цус цуглуулах салбар төв шинээр нээлтээ хийсэн билээ. Энэ талаар ЦССҮТ-ийн донор зохион байгуулалтын тасгийн их эмч Р.Энхтуяагаас тодрууллаа.
-Дүнжингарав худалдааны төвд цус цуглуулах шинэ төв нээлтээ хийсэн. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?
-Цус сэлбэлт судлалын үндэсний төвөөс санаачлан Эрүүл мэндийн сайдын тушаалаар сар бүрийн 03-ны өдрийг “Цусаа бэлэглэх өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлж байхаар болсон. Энэ удаагийн цусаа бэлэглэх өдрийг Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Дүнжингарав салбарт тэмдэглэн өнгөрүүллээ. Түүнчлэн “Жи Си Ай капитал” байгууллагын дэмжлэгтэйгээр байгуулсан “Дүнжингарав” цус цуглуулах шинэ төвийн нээлтийг хийлээ. Уг төв нээлтээ хийснээс хойш тав дахь өдрөө ажиллаж байна. Энэ хугацаанд шинээр донорын эгнээнд нэгдэж цусаа хандивлах залуусын тоо нэмэгдэх хандлагатай байна. Үүнээс гадна, цус цуглуулах төв шинэ салбараа нээснээр донорын эгнээ өргөжиж ард иргэдэд хүрч үйлчилж байна гэж ойлгож болно.
-Өдөрт хэдэн хүн цусаа өгч байна вэ. Цуглуулсан цусаа ямар үед хэрэглэдэг вэ?
-Өглөө 08:30-13:30 цагийн хооронд ажилладаг. Дүнжингарав төв нээгдсэнээр өдөрт 15-20 хүнээс цус цуглуулж байна. Хүн ам өсөн нэмэгдэх хэрээр өвчлөл өдрөөс өдөрт нэмэгдэж, байгаатай холбогдуулан цусны хэрэглээ байнга нэмэгдэж байна. Мөн эрхтэн шилжүүлэн суулгах хагалгаа, хавдрын өвчлөл, аваар осол, гэмтэл, төрхийн хүндрэл гэх мэт өвчний үед цус цусан бүтээгдэхүүнийг хэрэглэдэг.
-Манайд хэдэн цус цуглуулах төв байдаг юм бэ?
-Цус сэлбэлт судлалын үндэсний төв нь “Дүнжингарав” нэгдсэн худалдааны төвд гурав дах суурин цэгээ байгуулаад цус цуглуулж байна. Манай үндсэн төв хоёрдугаар эмнэлгийн хашаанд Цус сэлбэлт судлалын үндэсний төв, Мөн хуучин нэгдүгээр төв эмнэлгийн хойно Сүхбаатар цус цуглуулах төв тус тус ажиллаж байгаа. Үүнээс гадна явуулын баг албан газар, сургууль, цэргийн ангиудаар явж цус цуглуулдаг.
-Бүх хүн цусаа өгөх боломжтой юу. Цусаа өгөхөөр ирж байгаа хүмүүс юуг анхаарах ёстой вэ. Хориглох зүйл байдаг уу?
-Өөрийгөө эрүүл гэж бодож байгаа 17-60 хүртэлх насны 45-с дээш кг жинтэй иргэн та цусаа өгөх боломжтой. Цус өгөхөд түр буюу бүр хориглох заалт гэж байдаг. Тодруулбал, элэгний В, С вирусгүй хүмүүс цус өгөх боломжтой. Цус өгөхийн өмнө өөх тостой хоол хориглодог. Мөн доод тал нь зургаан цаг унтаж амарсан байх хэрэгтэй. Цусаа өгөхөөр ирсэн хүмүүс донорын эрүүл мэндийн карт бөглөж эмчтэй ярилцлага хийж бозлзол хангасан бол цусаа өгдөг.
-Хүмүүс цусаа өгч байх нь зөв үү. Нэг хүнээс хэдий хэмжээний цус авдаг юм бэ. Цусаа өгснөөр хэдэн хүнд амьдрал бэлэглэх боломжтой гэсэн үг үү?
-Ер нь цусаа өгч байх ёстой. Цусаа байнга тогтмол өгдөг хүн зүрх судасны өвчин болон цус харвалтаас өөрийгөө 80-90 хувь хамгаалдаг гэсэн олон улсын судалгаа гарсан байдаг. Цусыг 350, 400 гэсэн хоёр стандарт хэмжээгээр л авдаг. Таны өгсөн цус гурван төрлийн бүтээгдэхүүн болоод гурван хүнд амьдрал бэлэглэнэ гэсэн үг. Тодруулбал улаан эс, сийвэн, ялтаст эсийн гэсэн гурван төрлийн бүтээгдэхүүнийг бэлтгэдэг. Жил ирэх тутам цус цусан бүтээгдэхүүний хэрэглээ нэмэгдэж байгаа тул та бүхнийг донорын үйлсэд нэгдэхийг уриалж байна.