Японы мэргэжлийн сумод “Мэхний их дэлгүүр” нэрээр алдаршиж, ур чадвар, уран мэхээрээ гайхагдаж байсан Кёкүшюзан Д.Батбаяр 1999 онд “Кёкүшюзан хөгжил сан” ашгийн төлөө бус төрийн бус байгууллагыг эх орондоо байгуулж байжээ.
Байгуулагдсан цагаасаа хойш хүмүүнлэгийн, нийгэмд тустай үйл ажиллагааг явуулж байсан тус ТББ нь Нийслэлийн Засаг даргын тамгын газартай 2001 оны дөрөвдүгээр сарын 24-нд хамтран ажиллах гэрээ байгуулж, залуу гэр бүл, төрийн албан хаагчдын орон сууцаар хангах 1000 айлын орон сууцны цогцолбор босгох төслийг хэрэгжүүлжээ.
Уг гэрээнд “Кёкүшюзан хөгжил сан” ТББ-ыг төлөөлж гүйцэтгэх захирал Б.Батзориг (Одоо УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайдаар ажиллаж буй), Хотын ерөнхий менежер Т.Бадамжунай нар гарын үсгээ зурж байсан.
“Кёкүшюзан хөгжил сан” ТББ дээрх гэрээний хүрээнд 2001-2005 оны хооронд 550 айлын орон сууцыг барьж ашиглалтад оруулсан ба тэдгээр орон сууцаа борлуулж, 2002 онд 1.3 тэрбум, 2003 онд 5.01 тэрбум, 2004 онд 2.5 тэрбум нийт 8.9 тэрбум төгрөгийн орлого олжээ.
Хэдийгээр ТББ нь Аж ахуйн нэгж, байгууллагын орлогын албан татварын тухай хуульд заасны дагуу татвараас бүрэн чөлөөлөгддөг боловч Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд заасны НӨАТ-ын татвар төлөх ёстой байдаг.
Гэвч “Кёкүшюзан хөгжил сан” ТББ орон сууц борлуулалтаас олсон 8.9 тэрбум төгрөгийн орлогоосоо НӨАТ огт төлөөгүй байна. Уг үйлдлийг Үндэсний татварын ерөнхий газрын Хяналт шалгалт, арга зүйн хэлтсийн улсын байцаагч Д.Батбилэг, Х.Алтангэрэл нар шалгаж, 2005 оны есдүгээр сарын 15-ны өдрийн 300591 дугаарт актаар 711.2 сая төгрөгийн татварыг “Кёкүшюзан хөгжил сан” ТББ-д ногдуулсан байна. Тухайн цаг үедээ асар их мөнгө.
“Кёкүшюзан хөгжил сан” ТББ татварын улсын байцаагчдын татварын актыг эс зөвшөөрч анхан, давж заалдах, хяналтын шатны шүүхэд хандсан боловч ялагдал хүлээжээ. УДШ-ийн 2006 оны зургадугаар сарын 19-ны өдрийн 45 дугаар тогтоолоор “Кёкүшюзан хөгжил сан” ТББ улсад 711.2 сая төгрөгийн НӨАТ төлөх ёстой гэсэн шийдвэр гаргажээ.
Гэвч тус байгууллага УДШ-ийн шийдвэрийг гурван жилийн хугацаанд биелүүлээгүй юм. Шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй гурван жил болсон учраас 2009 оны нэгдүгээр сарын 07-ны өдөр “Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай” 48 тоот шүүгчийн захирамж мөн гарсан байна.
2008 онд “Кёкүшюзан хөгжил сан” ТББ-ын гүйцэтгэх захирал Б.Батзориг Баянзүрх дүүргийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдож, улмаар дүүргийн Засаг дарга болж дэвшчээ. Тухайн үед Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн даргаар ажиллаж байсан Н.Энхээ Б.Батзоригоос улсад төлөх ёстой 711.2 сая төгрөгийн татвараа төлөхийг шаардахад “Наад асуудлаа орхичих. Би ҮТЕГ-ын дарга Ц.Оюунбаатартай баз. Таныг Нийслэлийн татварын газрын дарга болгож өгье” хэмээн албан тушаал амлаж байсан гэдэг юм.
Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн дарга Н.Энхээ “Би албан тушаалын наймаанд дургүй. Миний дүү улсад төлөх ёстой татвараа л тушаачих” хэмээн гуйхад нь түүнийг ҮТЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Оюунбаатараар дамжуулан хууль бусаар ажлаас нь чөлөөлж, Налайх дүүрэг рүү шилжүүлжээ.
Ц.Оюунбаатарын албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Н.Энхээг хэрхэн хэлмэгдүүлж, улсад их хэмжээний хохирол учруулсан талаар дараагийн дугаарт дэлгэрэнгүй хүргэх учраас энэ асуудлыг түр орхие.
2009 онд Үндэсний татварын ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Оюунбаатар Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан тайлбартаа “Кёкүшюзан хөгжил сан” ТББ нь гурван шатны шүүхийн шийдвэрээр улсад НӨАТ 711.2 сая төгрөг төлөх ёстой. Гэвч УИХ-аас 2008 онд баталсан Татварын өршөөл үзүүлэх тухай хуулийн 6.1.1-д зааснаар “Кёкүшюзан хөгжил сан” ТББ-ын 711.2 сая төгрөгийн төлбөр нь өршөөлд хамрагдах бүрэн үндэстэй байна. Тус хуульд хамрагдахаар “Кёкүшюзан хөгжил сан” ТББ өмнө нь шүүхэд нэхэмжлэл гаргах үед манай байгууллагын ажилтнууд өршөөлийн хуульд хамруулахгүй байх талаар хариу тайлбар гаргаж байсныг үүгээр залруулж байна” гэх тайлбарыг гаргаж байжээ.
Үндэсний татварын ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Оюунбаатарын дээрх тайлбарт үндэслэн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Отгонцэцэг “Кёкүшюзан хөгжил сан” ТББ-д татварын улсын байцаагчийн 300591 дугаарт актаар тогтоосон 711.2 сая төгрөгийн торгуулийн Татварын өршөөлийн хуульд хамруулан, зохих журмын дагуу чөлөөлсүгэй гэх 223 дугаарт захирамжийг гаргасан байна.
Татварын өршөөл үзүүлэх тухай 2008 оны хуулийн хэрэгжих хугацаа 2008 оны наймдугаар сарын 01-ний өдрөөр хэрэгжих хугацаа нь дуусгавар болсон байхад Захиргааны хэргийн шүүх хүчингүй болсон хуулийг хэрэглэсэн ноцтой зөрчил гаргасан байдаг юм.
УДШ-ийн 2007 оны арваннэгдүгээр сарын 15-ны өдрийн “Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг дахин хянах тухай” зөвлөмжид “Хяналтын шатны шүүх хэргийг хянан хэлэлцэж, тогтоол гаргасан бол хүсэлтийг Улсын Дээд шүүхэд гаргана” хэмээн заасан байдаг аж. Өөрөөр хэлбэл “Кёкүшюзан хөгжил сан” ТББ-д татварын торгууль ногдуулсан асуудлыг УДШ-ээр хэлэлцээд эцэслэсэн учраас, торгуулийг хэргийг хэрэгсэхгүй болгох асуудлыг Дээд шүүхээр хэлэлцүүлэх ёстой байсан аж. Гэтэл Дээд шүүхээр бус захиргааны хэргийн анхан шатны шүүхээр тус асуудлыг шийдвэрлэж хэрэгсэхгүй болгосон нь хуулийг ноцтойгоор зөрчсөн үйлдэл байж болзошгүй юм.