ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

СУРВАЛЖИЛГА: Монгол Улс сувилагчийн хомсдолд бүрэн оржээ

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2023-05-03

            -Монгол Улс  боловсон хүчний маш том дутагдалд орсон-

Ямар ч эмнэлгийн нүүр царайг сувилагч тодорхойлдог. Тухайн үйлчлүүлэгчид үзүүлэх эрүүл мэндийн эмчилгээ сувилагчаас шууд хамаарна. Харин тэдний ажлын ачаалал, нийгмийн баталгаа цалин, хөлс, хангамжийн талаар хөндсөн нь тун цөөхөн билээ. Тэгвэл 2023 оныг “Сувилагчдын эрхийг  хамгаалах жил” болгон зарласантай холбоотойгоор УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн болон  Монголын сувилагчдын нийгэмлэгтэй хамтран  “Бидний сувилагч, бидний ирээдүй” сэдвийн хүрээнд өчигдөр  УБТЗ төв эмнэлгийн сувилагч нартаа уулзалт хийлээ.

Уулзалтад УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, Х.Ганхуяг, УБТЗ төв эмнэлгийн эрдэм шинжилгээ, сургалт хариуцсан Орлогч дарга Д.Бат-Ундрах болон бусад албаны хүмүүс оролцлоо. УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн “Энэхүү аянаар сувилагчийн эрх зүйн байдал, ажиллах орчин, нийгмийн баталгаа, цалин хөлс, хөдөлмөрийн үнэ цэнэ болоод хандлагын өөрчлөлтийг төрийн анхааралд оруулж чадлаа. Эрүүл мэндийн салбар бол сайн эмч, сайн  сувилагчийн хүчинд оршин тогтнодог.  Цар тахлын үеэр зарим гадны орнуудад сувилагч нар цагаан нөмрөг, маскаа тайлаад ажлаа хаяж байхад  манай сувилагчид өргөсөн тангарагтаа үнэнч байж, нэр төртэй ажиллаж, хүн ардынхаа эрүүл мэндийн энхийн манаанд тууштай зогсож чадсанд баярлаж, талархаж байгаа” хэмээлээ. 

Ж.Чинбүрэн: Ачааллаас хамааралтай ажлаасаа халшрах хам шинж илэрч байна

УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнгээс цөөн асуултад хариулт авлаа.

-Монгол Улс сувилагчийн хомсдолд орсон гэдэг харамсалтай мэдээ байна. Энэ талаар байр сууриа илэрхийлэхгүй юу. Яаж боловсон хүчний хомсдолоос гарах вэ?

-Улсын хэмжээнд нийт 14 мянга гаруй сувилагч, бага эмч ажиллаж байна. Гэхдээ эмч сувилагчийн харьцаа гэж чухал тоо бий. Тухайлбал, нэг эмчид гурван сувилагч ногдох ёстой. Өнөөдөр улсын хэмжээнд нэг эмч, нэг сувилагч гэсэн харьцаатай байна. Нийслэлийн хэмжээнд нэг эмчид 0.9 буюу 100 эмчид 90 сувилагч ногдож байна. Энэ нь Монгол Улс боловсон хүчний маш том дутагдалд орсон байна гэдгийг харуулж байна. Үүнтэй холбоотой сувилагчийн мэргэжлийн үнэ цэнийг сайжруулах зорилгоор улс орон даяар явж, бүсчилсэн уулзалтуудыг зохион байгуулж байгаа. Өнөөдрийн байдлаар 4000 гаруй сувилагчтай нүүр тулж уулзлаа.

Тэдний тулгамдаж байгаа асуудлыг сонсохын зэрэгцээ хөдөө, орон нутаг, нийслэлд зэрэгт нөхцөл байдлыг газар дээрээс танилцаад явлаа. Тойргийн гишүүд нь идэвхтэй оролцож байна. Өчигдөр Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралд Эрүүл мэндийн салбарын боловсон хүчний бодлого сэдвээр тусгайлсан асуудлыг хөндлөө. Бид Эрүүл мэндийн даатгалын тогтолцоонд гүйцэтгэлийн санхүүжилтээр шилжсэн. Тэр дундаа УБТЗ төв эмнэлэг нь 28 мянга гаруй үйлчлэгчийг хамардаг том эмнэлэг. Тэгэхэд өнөөдөр 160-170 сувилагч ажиллаж байна. Тиймээс эрүүл мэндийн салбар тусгайлсан байгууллага байхаас илүүтэй чанартай, хүртээмжтэй, тусламж үйлчилгээг яаж хүргэх вэ. Үүгээр дамжуулаад эрүүл мэндийн салбарын ажилчид, ажилтанууд цалин хөлс нь хангалттай, сэтгэл хангалуун байна. Хамгийн чухал нь ажлын байран дахь ачааллаас хамааралтай ажлаасаа халшрах хам шинж илэрч байна. Тиймдээ ч 100 эмчид 90 сувилагч оногдож байна.

-Цалин хөлс нь харьцангуй бага шүү дээ. Тиймээс ажиллах боловсон хүчний дутагдалд орох нэг шалтгаан болж байна уу?

-Эрүүл мэндийн салбарынхан үр дүн буюу гүйцэтгэлийн санхүүжилтээр санхүүждэг болсон. 2020 оноос өмнө ердөө 670 тэрбум төгрөг төсөвлөгддөг байсан. Тэгвэл өнөөдөр нэг их наяд 430 тэрбум төгрөг төсөвлөгддөг боллоо. Энэ бол том боломж. Үүгээр дамжуулаад 3.4 сая хүнээ эмчилснийхээ төлөө санхүүжилтээ авч, сэтгэл хангалуун байх тогтолцоо руу орж байна.

Тэр эмнэлэг нь хувь болоод улсынх гэдгээс ямар ч хамаарал байхгүй. Санхүүжилт жигд байна. Дээрээс нь хязгаар тавихгүй. Гэхдээ энэ хугацаанд засаж, сайжруулах зүйл маш их байна. Хүн ам цөөтэй сумын эмнэлгийн санхүүжилт хангалтгүй байна. Үүний тохируулгыг хийхээр Эрүүл мэндийн сайд ажиллаж байгаа. Нийслэлд өрхийн эрүүл мэндийн байгууллага хамгийн их санхүүжилт авч байгаа мэт харагдавч, сэтгэл зүйн хувьд хангалтгүй байна. Тухайлбал, өрхийн эрүүл мэндийн байгууллагууд нөхөрлөл үүсгэж, санхүүгээ хянадаг болохын тулд зөвлөл байгуулж, ажиллах нөхцөлийг хангаж өгөх ёстой. Давхар эмнэлгүүдэд чанарын өрсөлдөөнийг авчирч байна.

-Өнөөдөр төлбөрийн хөнгөлөлт үзүүлээд, босго оноог бууруулж, сурах жилийг цөөлснөөр сувилагчийн орон тоо нөхөх бололцоотой юу. Ийм яриа мэдээлэл их байна. Та үүнтэй санал нийлүүлэх үү?

-Энэ бол маш чухал асуудал. Сувилагч нартаа уулзахад мэргэжлийн үнэ цэнэ чухал байна. Тиймээс сургалтын жилийг битгий цөөлөөч ээ. Босго оноог битгий бууруулаач ээ гэдэг саналыг хэлж байна. Гол нь хүнд эмчилгээ үйлчилгээ үзүүлж байгаа юм чинь чанартай сайн сурсан байх шаардлагатай. Харин сайн сурвал төлбөрийг нь бүрэн даадаг тогтолцоо хэрэгтэй гэж сувилагч нар хэлж байгаа юм. Тиймээс сувилагчийн үндсэн цалинг нэмэх хэрэгтэй. Эмчийн туслах биш, хамтрагч гэж харах ёстой гэдгийг хэлж байна.

 Б.Алтанцоож: Төрөөс сувилагчийн хөдөлмөрийн үнэлэмжийг нэмэгдүүлэх ёстой 

УБТЗ төв эмнэлгийн Сувилахуйн албаны дарга Б.Алтанцоожоос мөн энэ асуудлыг тодрууллаа. 

-Сувилагч мэргэжлийн үнэ цэнэ хаана оршиж байна вэ?

-Жил бүрийн тавдугаар сарын 12-ны өдөр Сувилагчдын эрхийг хамгаалах өдөр тохиодог. Сувилагчдын өдрийг тохиолдуулан УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, Монголын сувилагчдын нийгэмлэгтэй хамтран 21 аймаг, нийслэлийн есөн дүүргээр аян зохион байгуулж байна. Манай эмнэлгийн хувьд ч гэсэн энэхүү аяны хүрээнд сургалт, хэлэлцүүлэг, уулзалтыг зохион байгуулж байна. Уулзалтаар төрөөс хэрэгжүүлж буй эрүүл мэндийн салбарын бодлого, төсөл хөтөлбөр, шийдвэрийн талаар санал солилцлоо. Уулзалт хэлэлцүүлэгт 100 гаруй сувилагч оролцож байна. Монгол Улс өнөөдөр сувилагчийн хомсдолд бүрэн орсон. Манай эмнэлгийн тухайд боловсон хүчний хомсдолтой байгаа. Цаашид төрөөс сувилагчийн хөдөлмөрийн үнэлэмжийг нэмэгдүүлэх, цалин хөлс, урамшууллыг нэмэх, нийгмийн асуудлыг нь шийдэх талаас доривтой арга хэмжээ авах шаардлагатай. Тэгж байж мэргэжлийн үнэ цэн, ажиллах боловсон хүчний хомсдолоос сэргийлэх, гарах бололцоотой.

-Ажлын ачаалал, ажлын байран дахь орчин их нөлөөлдөг. Энэ асуудалд ямар нэгэн шийдэл, гарц гаргалгаа байна уу?

-Сувилагч нарын ажлын ачаалал их шүү дээ. Нэг сувилагчдад оногдох өвчтөний тоо маш их байна. Тиймээс ажлын ачаалал ихтэй байдаг. Харин үүнийг бууруулахын тулд сургалтын системд өөрчлөлт хийх шаардлагатай. Тухайлбал, сувилагч гэж ямар мэргэжил юм бэ. Энэхүү мэргэжлийг ямар сэтгэл зүйтэй хүн эзэмших ёстой вэ зэргийг тодорхой нарийн зааж өгөх ёстой. Сувилагч мэргэжлийг эзэмшихэд тухайн хүний сэтгэл зүй маш их нөлөөтэй байдаг.

Ажлын ачааллыг бусад мэргэжилтэй харьцуулахад хэд дахин өндөр, хариуцлагатай ажил. Түүнчлэн үйлчлүүлэгчтэй харилцахаас эхлээд мэргэжлийн онцлог их ялгаатай. Тиймээс сургалтын системд шинэчлэл хэрэгтэй гэж хардаг. Мэргэжил эзэмших цаг хугацаа нь дөрвөн жил хэвээр байхад болно. Хамгийн чухал нь энэхүү мэргэжлийн онцлогыг харуулсан тусгайлсан хөтөлбөрийг суулгаж өгөх ёстой. Дөрвөн сураад төгсөхдөө ядаж л сэтгэлзүйн хувьд бүрэн бэлтгэгдсэн, мэргэжлийн онцлог, ажлын ачаалал зэргийг ойлгосон байх юм.

-Цалин хөлс, нийгмийн баталгааг нь хангахад юу шаардлагатай вэ?

-Сувилагчийн үндсэн цалин харьцангуй бага. Тэгсэн хэрнээ ажлын ачаалал их байдаг. Үндсэн цалинг нэмэх шаардлагатай. Сувилагч нар ажлын ачааллаас болж, мэргэжлээсээ шантарч байна. Цар тахлын үеэс эхлээд халшрах хам шинж сувилагч нарт илэрч байгаа. Цалин хөлс, нийгмийн баталгааг нь хангахад анхаараасай гэж маш их хүсч байна.

-Танай эмнэлэг 100 гаруй мэргэжлийн сувилагчтай гэлээ. Сувилагч нарынхаа сэтгэлзүйг бэлтгэх, ажлын ачааллыг бууруулах зэрэгт хэрхэн анхаардаг вэ?

-Анхааралгүй яах вэ. Манай эмнэлэг 100 гаруй мэргэжлийн сувилагчтай. Эмнэлгийн зүгээс чадавхжуулах болон эмнэлзүйн тогтмол сургалтыг тусгайлан зохион байгуулдаг.