ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Хятадын валютын нөөц 3.205 сая ам.долларт хүрчээ

O.Admin
2023-05-09

Өнгөрсөн сард америк долларын бусад гол валюттай харьцах ханш унаж, хятадын гадаад валютын нөөц нэмэгдсэн талаар CGTN сайтад нийтэлжээ.

Тодруулбал, Хятадын гадаад валютын удирдлагын газраас мэдээлснээр, өнгөрсөн дөрөвдүгээр сард Хятадын гадаад валютын нөөц 0.66 хувиар буюу 20.9 тэрбум ам.доллараар нэмэгдэж, 3.205 их наяд ам.долларт хүрсэн байна.

Мөн гадаад валютын нөөцийн өөрчлөлтөд дэлхийн макро эдийн засгийн үзүүлэлтүүд,  томоохон эдийн засгуудын мөнгөний бодлогын хүлээлтээс шалтгаалсан ам.долларын индексийн уналт, дэлхийн санхүүгийн хөрөнгийн үнийн өсөлт зэрэг олон хүчин зүйл нөлөөлсөн хэмээн мэдэгдэлдээ дурьджээ.

Өнгөрсөн дөрөвдүгээр сард Хятадын мөнгөн тэмдэгт юанийн ам.доллартай харьцах ханш 0.63 хувиар унасан бол ам.долларын ханш бусад гол валюттай харьцуулахад 0.94 хувиар буурчээ.

Хятад улс гуравдугаар сарын сүүлчээр 66.50 сая унц алт эзэмшиж байсан бол дөрөвдүгээр сарын эцэст 66.76 сая цэвэр трой унц алт эзэмших болжээ. Хятадын алтны нөөцийн үнэ гуравдугаар сарын эцэст 131.65 тэрбум ам.доллар байсан бол дөрөвдүгээр сарын эцэст 132.35 тэрбум ам.долларт хүрсэн байна.

“Олон улсын хөрөнгө оруулагчид болон гадаадын компаниудын Хятадын зах зээл дээрх хүлээлт цаашид сайжирч, гадаад цохилтын эрсдэлээс үр дүнтэй урьдчилан сэргийлэх, бууруулах ажлыг үргэлжлүүлж, юанийн хөрөнгийн сонирхол улам нэмэгдэнэ гэж таамаглаж байна. Гадаад валютын нөөцийн ерөнхий тогтвортой байдалд хувь нэмэр оруулах болно” хэмээн JLL Greater China компанийн ахлах эдийн засагч, судалгааны албаны дарга Брюс Панг хэлэв.

Эх сурвалж:CGTN

Н.Батзаяа