Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Юн Сук Ёол өнгөрсөн мягмар гарагт Украины тэргүүн хатагтай Олена Зеленскаг Ерөнхийлөгчийн Тамгын газарт хүлээн авч уулзжээ. Уулзалтын үеэр Өмнөд Солонгос улс олон улсын хамтын нийгэмлэгийн хүрээнд нягт уялдаа холбоотой ажиллаж, идэвхтэй тусламж үзүүлнэ гэж мэдэгдлээ.
Зеленска өөрийн нөхөр, Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийн тусгай элчээр Сөүлд иржээ.
Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Юн Сук Ёол Солонгосын засгийн газар, ард түмэн Украиныг дэмжиж, эв санааны нэгдэлтэй байдгийг илэрхийлж, амь үрэгдэгсдийн ар гэрийнхэн болон Украины ард түмэнд эмгэнэл илэрхийлэв.
Харин Украйны тэргүүн хатагтай Зелеска Өмнөд солонгос улсын ерөнхийлөгчид хандан Украины ард түмэнд өнөөг хүртэл илгээсэн хүмүүнлэгийн тусламжид талархаж байгаагаа илэрхийлж, боломжтой газар тусламжаа нэмэгдүүлэхийг хүслээ. Мөн тэрээр “Мина илрүүлэх, устгах төхөөрөмж, түргэн тусламжийн машин зэрэг тоног төхөөрөмжийн тусламж үзүүлнэ гэж найдаж байна” хэмээв.
Түүнчлэн Тэргүүн хатагтай Украины дайны дараах сэргээн босголтын ажилд Өмнөд Солонгосын бизнес эрхлэгчдийг оролцуулахыг хүссэн байна.
Эх сурвалж: YONHAP AGENCY
Н.Батзаяа