Дэлхийн хамгийн алдартай хөлөг онгоцны сүйрлийн талаархи урьд өмнө хэзээ ч байгаагүй зураглалыг ил болгожээ. Атлантын далайд 3800 метрийн гүнд орших Титаник хөлгийн анхны бүрэн хэмжээний дижитал хэвлэлийг далайн гүн дэх зураглал ашиглан бүтээжээ.
Энэхүү хэвлэл нь онгоцыг бүхэлд нь 3D дүрслэлээр харуулж, ингэхдээ усыг нь шавхсан мэт харах боломжийг олгодог байна. Судлаачид энэхүү бүтээл нь 1912 онд живсэн хөлөг онгоцонд юу тохиолдсон талаархи шинэ мэдээлэл олоход туслана хэмээн найдаж байгаа аж.
Саутгемптоноос Нью Йорк руу хүрэх анхны аялалдаа гарсан хөлөг онгоц мөсөн уулыг мөргөж, 1500 гаруй хүн нас барсан билээ.
Титаникийн шинжээч Пакс Стефенсон BBC -д өгсөн ярилцлагандаа "Усан онгоцны талаар хариулт шаардлагатай асуултууд одоог хүртэл байсаар байна” хэмээн ярьжээ. Түүний хэлснээр энэхүү хэвлэлийн загвар нь титаникийн түүхийг таамаглал биш харин нотолгоонд суурилсан судалгаанд хөтлөх анхны томоохон алхамуудын нэг болох аж.
Титаникийн сүйрлийг 1985 онд илрүүлснээс хойш олон судалгаа хийсэн ч хөлөг онгоц маш том мөн далайн гүнд учраас гүний харанхуйд камеруудын тусламжтайгаар ялзарч буй хөлөг онгоцны агшиныг л харах боломжтой байжээ. Өөрөөр хэлбэл, судлаачид хэзээ ч бүхэлд нь судалж, хараагүй байна.
Энэхүү шинэ хэвлэл нь хөлөг онгоцны сүйрлийг бүхэлд нь авч, Титаникийн дүр төрхийг бүрэн харуулсан байна. Хэвлэлийн ажлыг 2022 оны зун далайн гүний газрын зургийн Magellan Ltd компани болон төслийн талаар баримтат кино хийж буй Atlantic Productions хамтран хийсэн байна.
Мэргэшсэн хөлөг онгоцон дээрх багийн удирдлага дор зайнаас удирддаг шумбагч нь онгоц сүйрлийн урт, өргөнийг судлахад 200 гаруй цаг зарцуулжээ. Тэд өнцөг бүрээс нь 700 мянга гаруй зураг авч, 3D зураглалын сэргээн босголтыг бүтээсэн байна.