ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Иргэд нь ойлгодог, төр нь хэрэгжүүлдэг стандарттайсан бол...

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2023-06-06

“Явган хүний зам дагуу автомашинаа байршуулдаг учраас замыг нь хуулаад мод тарьчихсан юм аа” гэх эмгэнэлтэй атлаа инээдтэй тайлбар өгөх дүр зураг. Зуслангийн хашаанд ч хийхээргүй шор төмрөөр хотын ногоон зүлгээ хашаалчихсан байсныг шүүмжлэхээр “Жилийн өмнө засчихсан л юм байна шүү дээ” хэмээх дуусдаггүй хариу тайлбар.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэний зорчих замыг хүн явахын аргагүй хийсэн ч “хийх сэтгэл гарсан нь их юм” хэмээн өөрсдийгөө өмгөөлөх их ухаан. Явган зорчигч нь дугуй, скүүтэртэй зорчигчдод хашигдаад зориулалтын замаараа явах аргагүй болсон ундуй сундуй хот. Иргэд нь улирал, улирлаас шалтгаалан уран гулгалт, уртын харайлтаар хичээллэх дуусдаггүй он жилүүд. Жил бүхэн халуун усаа хааж, нүх ухдаг гунигтай, гундуу хотын зураглал. Зогсоолгүй хотод машинууд нь замынхаа нэгдүгээр эгнээг эзэлчихдэг учраас олдсон жаахан зам дээрээ өдөржин түгжрэх бухимдалтай нийгэм. Хүүхдээ тоглуулах талбайгүйгээс Төв талбайдаа хямдхан шорлог, хятад наймаа дундаа хутгалдаж, баярласан нэртэй түгжирч, бухимдаж зогсох гунигтай дүр зураг.

Ерөөс энэ хотод бурууд нүд хурц хандвал бүх талбай, орчин нөхцөлд бид иймэрхүү дүр зургийг хэдэн зуугаар нь олж харна. Зориултын зогсоол нь олон байсансан бол явган хүний замаа эвдэж мод тарихгүйсэн, бид. Зориулалтын дугуй, скүүтэрийн замтайсан бол явган зорчигч нь замаа дээрэмдүүлж, машинтайгаа хамт төв замаар бэлчихгүйсэн.

Зориулалтын цэцэрлэгт хүрээлэн олонтойсон бол хиймэл зүлгэн дээр хэвтэх гэж хэдэн зуугаараа очерлохгүйсэн. Зориулалтын тоглоомын талбайтайсан бол эмийн сангийн тогтой утсанд хүрч, энхрий үрс минь эндэхгүйсэн.

Энэ хотыг, энэ улсыг үеийн үед удирдаж байсан, чиглүүлж босгосон хүмүүс нь жаахан л сэтгэл гаргаад аль ч улсад мөрдөгддөг норм, стандартыг эхнээс нь мөрдүүлчихсэн бол цементэн ширэнгэн дотроо саяулаа төөрч, бухимдаж, түгжирч, тэр ч байтугай төмөрт сүлбүүлж, тогонд цохиулахгүйхэн шиг тав тухтай, тохитой амьдарчих боломж байв.

Харамсалтай нь тэднээс тийм сэтгэл гараагүй юм шүү. Эсрэгээрээ Улаанбаатар хотын газрыг хэн хамгийн олноор тараах вэ гэсэн марафонд уралдаж, Мэргэжлийн хяналт, Газрын албад нь авлигад идэгдсэний гороор стандартгүй, хяналтгүй хотод бид хэзээ үхэхээ мэдэхгүй амьдарч байна гэвэл үнэнээс нэг их хол зөрөхгүй байх аа. Хотыг бүрхсэн энэ олон барилга, орон сууцнуудаас хэн нэг албан тушаалтан тоглоомын талбай, зориулалтын ногоон байгууламж, автомашины зогсоол “нэхдэг” байсан бол хүүхэд багачууд маань овоолсон шороонд тоглож, олуулаа тогтоол усанд живж үхэхгүй байв. Үүнийг засах, залруулах талаар сэтгэл гаргаж буй цөөнгүй хүн байгаа ч тэдний дуу хоолой даанч сул буйг нуух юун.

Тухайлбал, мега хотод цаг минут тутам мөрдөгдөж байх ёстой хууль дүрмийг буюу Улаанбаатар хотын эрхзүйн байдлын тухай хуулийн төслийг 27 жилийн дараа буюу өнгөрөгч оны аравдугаар сард эцэслэн баталж, мөрдөж эхэлсэн түүх бидэнд байна шүү дээ. Хотын даргаар С.Амарсайхан ажиллаж байхдаа эхлүүлсэн энэхүү төсөл Д.Сумъяабазар даргын үед ийнхүү батлагдаж, олны магнай тэнийж байв. 2020 онд Хотын даргаар С.Амарсайхан ажиллаж байхдаа "Нэг хот-Нэг стандарт" хэмээн зарлаж, зорилтод жил болгож, хотын стандартад олон ч өөрчлөлт хийж байжээ.

Энэ ажлыг цаашдаа ч үргэлжлүүлмээр байх юм. Жил бүхэн зорилт болгосон ч буруудахгүй шүү. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд бид дүрмээ, стандартаа шинэчлэн баталж чадаагүйгээс шалтгаалж, энэ бүх стандартгүй, хяналтгүй, замбараагүй нийгмийг бий болгосон гэсэн үг л дээ. Хот стандарттай болж, шат шатанд мөрдүүлж эхэлсэн ч өмнөх алдаа, завхрал, зуурсан бантанг арилгахын тулд багагүй цаг хугацааг туулах нь мэдээж юм билээ. Анхнаасаа л мөрдөөгүй стандартыг яг таг мөрдүүлж, хэвшмэл ойлголт болгохын тулд дахиад ч хэдэн арван жил шаардагдах биз ээ.

Нөгөөтээгүүр, стандарт гэдэг зүйл ганцхан нийслэлийн зам талбайд дутагдаж байгаа зүйл огт биш юм. Хөдөө орон нутаг, хүний амьдралын алхам тутамд энэ бүхэн бидэнд дутагдаж байна. Махны худалдаанд тохирсон стандартгүйгээс чанартай, чанаргүй мах, ченжийн үнийн өсөлтийн маргаан тасрахгүй ээ. Хүнсний ногооны стандартгүйгээс хятад ногоо, хортой, хоргүй бордооны тухай маргаан намрын намарт тасрахгүй юм. Орон нутгийн автозам нь ямар ч тогтсон стандартгүй. Орон сууцандаа ямар стандартад амьдрахаа ч ойлгохгүй байгаа. 

Хүүхдийн тоглоомын талбайн стандартгүйгээс хэдэн арван хүүхдээ хиймэл тоглоомтой хийсгээд л амь насыг нь эрсдэлд оруулж байна. Сургуулийн хашаа, сурагчийн цүнх, сурах бичиг, та бидний өдөр тутамдаа идэж хэрэглэж буй бүх зүйлд норм, стандарт гэж зүйл мөрдөгдөхгүй байгаа учраас л энэ улсад, энэ хотод амьд явах баталгаа алга хэмээн халаглаж буй хэрэг.

Өмхийрсөн махтай хоол өдөр тутамдаа идэж байсан ч түүнийг хянах, мөрдөх, стандартыг тогтоолгох хүн хүч нь цөөхөн, байдаг ч таван цаасаар тамгаа “худалдчхаад” байгаа учраас стандарт бас дахин стандартыг салбар бүрт хэвшүүлье хэмээн уриалж байгаа юм. Үүний тулд УИХ, нийслэлээс баталсан стандартуудаа яг таг мөрддөг болъё. Илүү өргөн хүрээнд сурталчилж, шат шатанд хэрэгжилтийг хангах талаас ажилламаар байна. УИХ дээр хэн гоё ярьсныг нь бус хэн илүү бодитой, үндэслэлтэй, тооцоотой, тэр тусмаа хот шиг хот, улс шиг улс байх стандартын талаар ярьж байгаа улстөрчдөө дэмжицгээе. Стандарт ярьдаг Хотын даргатай, стандарт ярьдаг намыг олноороо дэмжицгээе. Илүү олуулаа стандарт ярьж, түүнийгээ дарга нарын чихэнд улиг болтол давтаж байж л бид 100 жилийн алдаагаа засна.

Миний, чиний, бидний хүүхэд автомашинтайгаа хамт замаар сүлжиж, тоглоомтойгоо хамт агаарт хийсэж, тогонд цохиулж, төмрөнд сүлбүүлж амиа алддаггүй тийм “стандарт” нийгмийн төлөө дуугаръя. Худлаа попорч буйг нь бус бодит зүйл ярьж байгаа улстөрчийг, бодлого боловсруулагчийг, Хотын удирдлагыг сонгодог болмоор байна. Өнөөдөртөө бид метро барих үлгэрт бус ядахдаа л скүүтер унах боломжтой стандарттай хотыг мөрөөдөцгөөе л дөө.

Шорлодог төмөртэй хашаа бус ногоон байгууламжтай хот мөрөөдье. Тиймийн учир иргэн та стандарт бас дахиад стандарт гэдэг зүйлийг л ой тоондоо ортол цээжлээд алхам тутамдаа үүнийг нэхдэг, мөрдөөгүйг нь мэдээлдэг, мөрдүүлсэн мэт хэлбэр хөөснийг нь хянадаг болчихвол сайнсан. Ядахдаа л насан туршдаа амьдрах барилга, орон сууцаа газар хөдлөлтөд тэсвэртэй эсэх, тоглоомын талбай, зориулалтын машины зогсоол, ногоон байгууламжтай байх эсэхээс шалтгаалан худалдан авдаг, тийм зүйлгүй барилгын компани, аж ахуйн нэгжүүдэд шаардлага тавьдаг, худалдан авч орлого оруулдаггүй болчихвол их зүйлийг өөрчилнө дөө, хэдүүлээ. Иргэд нь нэхэж мэддэг, төр нь түүнийг хэрэгжүүлдэг, баталсан хуулиа мөрдүүлдэгсэн бол...