Монгол Улсын Засгийн газраас өнөөдөр УИХ-д 2023 оны төсвийн тодотгол, 2023-2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл болон бусад дагалдах хуулийн төслүүдийг өргөн барив. Тэгвэл энэ удаагийн төсвийн тодотголоор ямар, ямар өөрчлөлтүүд хийгдэх талаар Монгол Улсын Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл хийлээ.
Тэрбээр, “Засгийн газар өнгөрөгч 2022 онд гадаад өрийн эрсдэлтэй байдал, төсвийн хүндрэл, төлбөрийн тэнцлийн дарамт зэрэг бланс алдагдсан асуудалтай тэмцэж, богино хугацаанд эдийн засгаа сэргээх, гадаад худалдааг сайжруулах, боомтын сэргэлт, тээвэр зохион байгуулалтыг сайжруулах, ялангуяа нүүрс дагасан далд эдийн засгийг арилгахын төлөө тэмцсэний үр дүнд түүхий эдийн үнэ нэмэгдэж, эерэг үр дүн гарсан.
Улмаар, төлбөрийн тэнцэл, гадаад валютын нөөц нэмэгдэж, гадаад өрөөс шалтгаалсан өр төлбөрийн дампуурал, эрсдэлээс бүрэн гарлаа. Тавдугаар сарын байдлаар Монгол Улс 24 сая тонн нүүрс экспортод гаргалаа. Жилд 36 сая тонныг гаргана гэж тооцсоны 60 гаруйг нь эхний таван сард гаргачихлаа. Тиймээс энэ удаагийн төсвийг тодотгох, төсвийн ерөнхийлөн захирагч нарын хооронд зохицуулалт хийж 1 их наяд 896 тэрбумын тодотгол хийх гэж байна.
Үүнээс:
-Нийт мөнгөний 50 хувь буюу 996 тэрбум цалин нэмэхэд
-Ахмад настны тэтгэвэр нэмэгдэхэд 96 тэрбум
-Хүсэлт гаргасан хүүхэд бүрт болон өнгөрсөн зургаан сарын мөнгийг нөхөж олгоход 167 тэрбум
-Түгжрэл ба алслагдсан дүүргүүдийн замын ажилд 187 тэрбум
-Зорилтот халамжийн тэтгэмжид 89.3 тэрбумыг тус тус зарцуулахаар шийджээ. Нийслэлийн 1.5 сая иргэнд шууд болон шууд бус замаар хүртээмжтэй байхаар шийдлээ. Энэ бол тодотгол юм шүү. Тиймээс бүх асуудлыг шийдэж чадахгүй. Тийм боломж ч байхгүй. Боломж гарсан дээр нь орхигдсон, тулгамдсан асуудлаа шийдэж байгаа юм. Ахмадын тэтгэврийн зөрүүг ойртуулах, тэтгэврийн доод хэмжээг нэмэгдүүлэх чиглэлд илүү анхаарна. Сүүлийн 10 гаруй жил салбарын хуулиуд дээр цалингийн асуудлыг тусгаж өгснөөр Засгийн газрын зүгээс төрийн албан хаагчдын цалингийн нэгдсэн бодлого барьж явахад хүндрэлтэй болсон. Тиймээс нэгдсэн бодлогоор цалингийн бодлогыг барьж явахад энэ удаагийн тодотгол нэмэр болж, төрийн албан хаагчдын цалингийн доод хэмжээг 1.000.000 руу дөхүүлнэ. Тэтгэврийн нэмэгдэл хүн бүр дээр өөр, өөр гарна.
Тухайлбал, 1990 онд тухайн үеийн дундаж цалин буюу 500 төгрөгийн цалин авч байгаад тэтгэвэр тогтоолгосон багш байлаа гэж бодъё. Тэгвэл одоо мөн адил ажил мэргэжилтэй, цалин авч байгаа багшийн цалинтай итгэлцүүрээр ижил болж ирнэ. 1990 оны итгэлцүүр 2060 гэж тооцвол 500-г 2060-аар үржүүлэхээр 1.030.000 болно. Эндээс ажилласан жил, цалингийн хэмжээгээр тэтгэврийг тогтоож, 2022 онд тэтгэвэрт гарсан багштай ижил хэмжээнд очно. Тэрний дараа дахиад уг тэтгэвэр нь дахиад 10 хувиар нэмэгдэнэ” гэлээ.
Эдийн засгийн өсөлт өнөө жилд +6 хувьд хүрэх бөгөөд ДНБ 60 их наяд болно гэв. Харин 2023 оны төсвийн алдагдлыг нэмэхгүйгээр тодотгол хийж чадсанаа Сангийн сайд онцоллоо. Тэтгэврийн зөрүүг арилгах болон цалингийн нэмэгдлийн талаарх доорх зурагнаас харна уу.