ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Ж.Ганбат: Долдугаар  сараас нүүрсний үнэ өсөж, хэрэглээ нэмэгдэнэ

O.Admin
2023-06-09

-Хятадын зах зээл дээр нүүрсний үнэ буурч, Монголын борлуулалт буурсан тухай мэдээлэл бий. Нүүрсний зах зээлийн өнөөгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Нүүрс энэ оны 01, 02, 03 дугаар сард хамгийн оргил үедээ 1663 юань буюу 230 ам.долларын үнэтэй байсан. Гэвч өнгөрсөн 04, 05 дугаар сард үнэ бууралттай байлаа. Гэхдээ Монгол Улстай хамааралтайгаар үнэ хэлбэлзээгүй. БНХАУ-ын тэг ковидын бодлого хатуу явагдаж, нэлээн хөрөнгө гаргаснаас хөөстэй байсан юм билээ. Манай нүүрсний гол худалдан авагч нь гангийн үйлдвэрүүд байдаг. Гангийн үйлдвэрийн гол худалдан авагч барилга, үл хөдлөх хөрөнгийн салбар нь уналттай байснаас хэрэглээтэй холбоотойгоор урд хөршид нүүрсний үнэ буурсан.

-Зургадугаар сарын байдлаар нүүрс 1050 юань буюу 140 гаруй ам.долларын үнэтэй байна.Өсөх хандлага байна уу?

-Шинжээчид нүүрсний үнэ дахин буурах, тогтворжих эсэхэд дүгнэлт хийсэн байна. Энэ сард бага зэрэг буураад долоодугаар сараас буцаад өснө гэсэн хүлээлттэй байна. Хятад том гүрэн учраас эдийн засаг, гангийн үйлдвэрээ сэргээх арга хэмжээг богино хугацаанд авч хэрэгжүүлнэ гэсэн хүлээлт байгаа. Хятадын дарга Ши Жинпинь Баяннуур, Хөх хотод айлчилж, гангийн үйлдвэрүүдийг сэргээх арга хэмжээг авч эхэлсэн. Тэгэхээр зургадугаар сарын сүүлээр, долдугаар  сараас нүүрсний үнэ өсөж, хэрэглээ нэмэгдэнэ.

-Манай улсын нүүрс Хятадын зах зээлийн хэдэн хувийг бүрдүүлж байгаа вэ? Австрали голлож, Монгол хаягдлаа гэх мэдээлэл гараад байгаа.

-Сингапур улсад 05 дугаар сарын 26-нд коксжих нүүрсний олон улсын бага хурал болсон. Энэ хурал дээр хоёр гол асуудал яригдсаны нэг нь Монгол Улсын экспортын хэмжээ. Монгол Улсын нүүрсний экспортын хэмжээ Австрали улсаас их, энэ хандлага цаашид ч үргэлжлэх талаар яригдсан.

Манайхан бол Австрали-Хятадын хориг цуцлагдаж,  Австралийн нүүрс Хятадын зах зээлийг эзэлж, Монголын нүүрс багассан гэдэг дүгнэлт хийгээд байсан. Сингапурт болсон хурал дээр бол эсрэгээр яригдаж, Монголоос авдаг нүүрсний хэмжээ өндөр хэвээр, цаашид өсөх хандлагатай гэж дүгнэсэн.

 

БНХАУ 2023 оны эхний дөрвөн сард 31.1 сая тонн нүүрс импортоор авсны 49 хувийг Монгол Улсын коксжих нүүрс эзэлж байна. Энэ нь манайхаас авах нүүрсний хэмжээ буураагүй, өндөр хэвээр хадгалагдаж байгааг харуулна.

 

-Үнэ бууралттай байх үеийн Эрдэнэс Тавантолгой компанийн борлуулалт ямар байв?

-2023 оны эхний таван сард 1 тэрбум 141 сая ам.долларын борлуулалт хийсэн. Өнгөрсөн 2022 оны бүтэн жилийн борлуулалтыг энэ оны эхний таван сард хийж чадлаа. Бид 2022 онд 11.4 сая тонн нүүрс экспортолсон бол 2023 оны эхний таван сард 11 сая тонн нүүрс борлуулаад байна.  

 

Монгол Улс 2023 оны эхний таван сард 23.1 сая тонн нүүрс экспортолсны 43 хувийг Эрдэнэс Тавантолгой ХК дангаараа борлуулсан байна. Нүүрсний үнэ буурсан ч борлуулалтаа хангалттай хэмжээнд хийж байгаа.

 

-Өнгөрсөн жилийн борлуулалтыг энэ оны хагаст хийсэн гэхээр 2023 оны төлөвлөгөө нэмэгдэх үү? Энэ жил ямар хэмжээний нүүрс экспортлох вэ?

-Эрдэнэс Тавантолгой ХК хамгийн оргил үедээ буюу 2019 онд 15.5 сая тонн нүүрс борлуулсан байдаг. Энэ оны эхний таван сард 11 сая тонн нүүрс борлуулаад байна. Тэгэхээр бүтэн жилдээ 15.5 сая тонныг давуулна. Бид энэ онд 23 сая тонн нүүрс борлуулахаар төлөвлөж байсан. Одоогийн борлуулалтын хэмжээтэйгээ уялдуулаад 30 сая тонн болгон нэмэгдүүлээд байна. Борлуулалтыг огцом нэмэгдүүлж, багасгах биш тогтвортой байлгах нь бидний гол зорилго.

-Улсын төсөвт төвлөрүүлэх татвар, хураамжийн орлого хэр хэмжээтэй байгаа вэ?

-Эрдэнэс Тавантолгой ХК 2023 оны эхний таван сард улсын болон орон нутгийн төсөвт 1.061.2 тэрбум төгрөгийн татвар, хураамжийг төлөөд байна. Үүнээс АМНАТ-т 727.7 тэрбум төгрөг, ААНОАТ-т 288.9 тэрбум төгрөг, бусад төрлийн татварт 44.6 тэрбум төгрөгийг төвлөрүүлээд байна.

-Биржийн арилжаанд цөөн компани оролцдог, сонирхол буурсан талаар яригддаг. Бодит байдал ямар байгаа вэ?

-Эхний арилжаанууд амаргүй байсан, одоо тогтворжсон. Нийт 18 удаагийн цахим арилжаанд давхардсан тоогоор 30 компани оролцож, нүүрс худалдан авсан. Нэг удаагийн арилжаанд 2-5 компани оролцдог. Цахим арилжаагаар 1 сая 24 мянган тонн нүүрсийг 126.7 сая ам.доллараар борлуулж, борлуулалтын орлогыг 37.7 сая ам.доллараар нэмэгдүүлсэн.

Орон нутгийн Тавантолгой ХК-ийн арилжаа зогсонги байдалтай байна. Тавантолгой ХК, Эрдэнэс Тавантолгой ХК хоёрыг хольж яриад байгаа. Бидний арилжаа амжилттай болж байгаа.

 

Худалдан авагч талаас бизнесийн нууц гэдэг утгаараа нэрээ нууцлах хүсэлт ирүүлээд байгаа. Хятадын төрийн өмчийн томоохон компани биржийн арилжаанд оролцож эхэлсэн. Цаашид тогтмол оролцохоо мэдэгдсэн нь Хятадын зах зээлд өгсөн зөв дохио гэж үзэж байгаа.

 

-Нүүрс баяжуулах үйлдвэрийн төсөл ямар шатанд яваа вэ? Ашиглалтад орох болж байна уу?

-Эрдэнэс Тавантолгой ХК-д нүүрс баяжуулах үйлдвэрийн хоёр төсөл хэрэгжиж байна. Нэг нь жилд 10 сая тонн нүүрс угаах хүчин чадалтай Цанхийн уурхайн нойтон аргаар нүүрс угаах үйлдвэр. Манай компани 100 хувь өөрөө санхүүжүүлж, гүйцэтгэгчээр нь Норинко Интернэшнл компани ажиллаж байна. Ажил 37.5 хувьтай, 2024 оны 07 дугаар сард ашиглалтад орно. Хоёр дахь төсөл нь Бортээгийн хуурай аргаар нүүрс баяжуулах үйлдвэр. Жилд 5 сая тонн нүүрсийг хуурай аргаар баяжуулах хүчин чадалтай үйлдвэрийг МТАС түншлэл өөрийн хөрөнгөөр барьж, гүйцэтгэл нь 73 хувьтай явж байна. Ирэх 07 дугаар сард ашиглалтад орно.