Барилга, хот байгуулалтын яамны дэргэдэх Шинжлэх ухаан, техник, технологийн зөвлөлийн зургадугаар сарын 21-ний өдрийн хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцжээ. Үүнд:
Шинжлэх ухаан, техник технологийн сангаас санхүүжих “Улсын захиалгат төсөл”-үүдийн санал:
-Эрчим хүчний үйлдвэрлэлээс гарах хаягдал үнс, шааргыг барилгын материал үйлдвэрлэхэд ашиглах, барилгын материалуудын үнсэн нэмэлтийн орцын нормыг тодорхойлох;
-Барилгын материалаас ялгарах хортой бодисын ялгаралтын хэмжээ, ялгарч дуусах хугацааг тогтоох тандалт судалгаа;
-Геодезийн маш урт суурь талтай интерферометрийн /vlbi/ станц байгуулах ТЭЗҮ боловсруулах.
-"Агаарын зураглалын ажлын заавар" /БД 11-113-13/ дүрмийг "Агаар, сансрын зураглалын ажил” барилгын норм, дүрэм болгож шинэчлэн боловсруулах;
-Кадастрын зураглалын ажил /БНбД 11-11-16/-г шинэчлэн боловсруулах;
-Барилга байгууламжийн 2022 оны үнийн индекс;
-“Газрын тос боловсруулах, газрын тос-химийн барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, галын аюулгүй байдлын шаардлага” барилгын дүрмийн төсөл;
-"Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын Цэцэгт багийн шинэ суурьшлын бүсийн ерөнхий төлөвлөгөө”, “Увс аймгийн Өмнөговь сумын Улиаст багийн шинэ суурьшлын бүсийн ерөнхий төлөвлөгөө”-г боловсруулсан тухай асуудлуудыг авч хэлэлцэв.
Хэлэлцүүлгийн үеэр зөвлөлийн гишүүд Шинжлэх ухаан, техник технологийн сангаас санхүүжих “Улсын захиалгат төсөл”-д нэр дэвшсэн “Геодезийн маш урт суурь талтай интерферометрийн /vlbi/ станц байгуулах, ТЭЗҮ боловсруулах” ажлыг журмын шаардлага хангахгүй байна гэж үзээд хэлэлцэхээс татгалзав. “Кадастрын зураглалын ажил” /БНбД 11-11-16/-ын төслийг дахин хэлэлцүүлэхээр тогтож, бусад асуудлыг дэмжлээ.