ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

В.Путин: Евгений Пригожин араас хутгалсан

O.Admin
2023-06-24

Хөлсний цэргийн удирдагч Евгений Пригожины хувийн арми Оросын армийн эсрэг зогсож, цэргийн удирдлагыг түлхэн унагах оролдлого хийж эхлээд буй талаар бид өмнө нь мэдэгдсэн билээ. Энэ хүрээнд Пригожин “Ростов-на-Дону” хотыг хяналтдаа авсны дараа ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин зэвсэгт бослогыг дарна гэж амлан ард иргэдэдээ хандан мэдэгдэл хийлээ.

Өөрөөр хэлбэл, Пригожин Украины нутгаас Орос руу цэргээ оруулсны дараа тэнд байрлах Оросын өмнөд цэргийн тойргийн штабыг эзлэн авсан гэж мэдэгджээ. Энэ хот нь Оросын түрэмгийлэгч хүчний арын логистикийн гол зангилаа болдог.

"Хотын төвд хуягт машин, байлдааны асар том танктай Вагнерын байлдааны цэргүүд байрлаж байхад оршин суугчид харин гар утсаараа бичлэг хийж, зураг авсаар байв" хэмээн “Ройтерс” мэдээлж байна. Оросын аюулгүй байдлын эх сурвалж “Ройтерс” агентлагт өгсөн мэдээлэлдээ ““Вагнер”-ын сөнөөгчид хойд зүгт Москва чиглэлийн замд орших “Воронеж” хотын цэргийн байгууламжуудыг хяналтдаа авсан” хэмээжээ.

Москвагийн гудамжинд хамгаалалт нэмэгдээд байгаа. Мөн Улаан талбайг төмөр хаалтаар хаасан бөгөөд терроризмын эсрэг онц байдал зарлаад байгаа юм. В.Путин энэ асуудлаар ард иргэдэдээ хандан мэдээлэл хийхдээ “Хэт их хүсэл эрмэлзэл, хувийн ашиг сонирхол нь эх орноосоо урвахад хүргэлээ. Пригожин араас хутгалсан. Энэ бол Орост, манай ард түмэнд цохилт болж байна. Ийм аюулаас эх орноо хамгаалах бидний үйлдэл харин тунчиг хатуу байх болно. Урвалтын замд зориудаар орсон, зэвсэгт бослогод бэлтгэсэн, шантааж, террорист арга замаар явсан бүх хүмүүс зайлшгүй шийтгэл амсаж, хуулийн өмнө ч, ард түмнийхээ өмнө ч энэ бүхэндээ хариулт өгөх болно" гэж Путин хэлэв.

Үүнээс гадна, Пригожин Батлан ​​хамгаалахын сайд Сергей Шойгу, Жанжин штабын дарга Валерий Герасимов нарыг Ростов хотод уулзахаар ирэхийг шаарджээ.

Барууны орнууд цөмийн зэвсэгтэй ОХУ-ын нөхцөл байдлыг анхааралтай ажиглаж байгаагаа мэдэгдэж эхлэв. Тухайлбал, Цагаан ордон Ерөнхийлөгч Жо Байденд мэдээлэл өгсөн гэсэн бол  Их Британийн Батлан ​​хамгаалах яам “Сүүлийн үед Оросын төрийн өмнө тулгарч буй хамгийн чухал сорилт болж байна” гэж мэдэгджээ.