2023 оны зургаадугаар сарын 27-ны 06.00 цаг: Зочид буудлын ресепшний “сэрээрэй” гэх утасны дуудлагаар цочин сэрэв. 24 цагийн явдал суудал, урд өдрийн завгүй аялалдаа бие нэлээд алжаажээ. Утасны сэрүүлгээ хойш урагш болгосоор 06.30 цагтай уралдан босож, буудлын цонхоор орчныг тогтоон харах боломж олдов.
Хажууханд баригдаж буй орон сууцны хороолол дээр ажиллаж буй барилгын ажилчид хэдийнэ ажилдаа иржээ. Доор харагдах үйлчилгээний газрууд онгойж, эзэд нь тунчиг хичээнгүйлэн гадаах орчноо цэвэрлэх аж. Ерөөс хятад хүмүүсийн шоргоолж шиг уйгагүй ажилладаг энэ зүтгэлийн хүчин дээр ийм том хотууд өндийсөөр, өсөж хөгжсөөр байгаатай маргах хүн олон гарахгүй биз.
Өглөөний цайгаа амтархан уусан бидний нөхөд буудлын үүдэндээ цуглаж, дараагийн газар руугаа давхихад бэлэн болоодохлоо. Урд өдөр нь өнгийн цэцэгс шиг алаглаж байсан охид маань өнөөдөр үндэсний дээл хувцсаараа гоёсон нь тунчиг дэгжин, бас бахархам. Бурхны авралаар өнөөдөр дахиад л бага зэргийн бүрхэг өдөр таарч шүү.
Гэхдээ л агаар бүгчим, амьсгалахад төвөгтэй хэвээр. Хятадад халууны өдрүүд нь эхэлчихсэн, агаарын хэм +30-аас 40, 50 хүрч халж байна. Тийм болоод ч Шанхай хот урд өмнөхөөс илүү хүний хөдөлгөөнгүй нам гүмхэн хэвээр. Автобусны хаалга, албан байгууллагын үүдээр ороод л эйр кондишний хүчээр сэрүүцэж, хаана л сэрүүцэх боломж байгааг хайж давхилдах бидний дэргэд хятад болон өвөрмонгол сэтгүүлчид маань харин ер тоосон шинжгүй ажилдаа шамдацгаана. Агаарын хэм, орчны байдалдаа дасан зохицчихсон бололтой шүү, тэд.
Дижитал загвар өмсөгчид цахиур хагалах цаг айсуй
Гэгээлэг саруулхан өрөөний хананд царайлаг охид, залуусын зургийг жирийтэл өлгөчихсөн үүдний угтах орчин, хоёр давхарт байрлах жижигхэн өрөөнүүдэд багтах зайгүй брэндийн бараа өрсөн студийн байр луу нэвтэрсэн нь “Байчю” цахим худалдааны төв юмсанжээ.
Хятадын тик ток, вичатад 1 сая хүртэл дагагчтай инфлүүсэр залуусыг сонгож шалгаруулан ажилд авч, брэндийн барааны сурталчилгааг шууд нэвтрүүлгээрээ хийдэг газар ажээ. Залуус ч энэ ажилдаа тунчиг дадлагажсан нь илт. Шилэн хананы араас хэдэн зуун нүд, дуран аппарат гялсхийж байхад л огт сатаарсан шинжгүй яг өмнөх бараагаа өөртөө итгэлтэй нь аргагүй тайлбарлана. Тэр бие хаа, царай зүс нь ярих ч юм биш. Арга ч үгүй биз. Hugo, Under Armour, Lancome зэрэг дэлхийд алдартай 80 гаруй брэндийн нүүр царайг тодорхойлох учраас царай зүс, биеийн хэлбэр хэмжээ, хөгжилтэй араншин, төлөв төвшин байдал зэргийг нь нарийн шалгаж авдаг гэнэ билээ.
Брэнд бүхэн өөр, өөрийн өвөрмөц шалгууртай. Зарим нь хөгжилтэй, хөнгөн байдлаар хэрэглэгчээ татдаг залуусыг сонгох дуртай байдаг бол зарим нь төлөв түвшин, ихэмсэг дүр төрхийг, нөгөө хэсэг нь зөвхөн ганцхан инфлүүсэр сонгож бүх бараагаа сурталчлуулах гэх мэтээр хэрэглэгчийн болон компанид хандсан үйлчлүүлэгчийн хүсэл таашаалд нийцсэн бүх үйлчилгээг үзүүлдэг гэдгээрээ тэд бусдаас онцлог. “Үйлчлүүлэгч нэг бүр бидэнд үнэ цэнэтэй”, үйлчилгээний стандартад агуулга туйлаас чухал хэмээн эрхэм зорилгоо тодорхойлсон “Romomo” буюу цахим худалдааны төв нь 2011 онд үүсгэн байгуулагджээ.
Нэгдсэн маркетинг, omni-channel мэдээлэл технологийн үйлчилгээ, бараа захиалга, брэндийн буюу тансаг бараа бүтээгдэхүүний салбарт анхаарч ажилласаар ирсэн тус байгууллага 2017 оноос өндөр түвшний зар сурталчилгаа, кино, баримтат кино болон бусад салбарт баялаг туршлагатай хүмүүсийг цуглуулан брэнд сурталчлах болон бусад цахим платформд байршуулах брэндийн гэрэл зургийг үйлчилгээг үзүүлж эхэлсэн байна.
Бидний сайн мэдэх Таобао, Алибаба зэрэг онлайн платформуудад тавих гэрэл зургийг “Байчю Greative Studio”-д авч, онлайн сүлжээнд нийтэлдэг ажээ. Шууд нэвтрүүлгийн нийт 18 орчим студид нэвтрүүлэг тасралтгүй үргэлжилж, хоёр ээлжээр залуус нь брэнд сурталчлах ажилдаа шамдах зэргээр толгой өндийх ч завгүй бужигнан ажиллах тус хамт олон 2025 онд 3D загвараар хиймэл оюун ухаан болон бусад технологийг нэгтгэсэн виртуал, дижитал хүмүүсийг бий болгохоор ажиллаж буйгаа дуулгалаа.
Ухаандаа, хэрэглэгч утсаа аваад л өөрийн хэлбэр хэмжээ, хүссэн загвараа шивнэх төдийд л хиймэл оюун ухаан таны хүссэн өнгө загварын хувцсыг, таных шиг биеийн хэлбэр хэмжээтэй виртуал загвар өмсөгчид өмсгөн сонголт хийлгэх үйлчилгээ юм гэнэ. Айлын хүүхдүүд айхтар хөгжиж байна шүү, монголчууд минь.
Хятадад ирээд ажигласан гурван зүйлийн нэг нь яах аргагүй хүн хоорондын харилцааг багасгаж, цахим харилцааг төгөлдөржүүлсэн явдал. Гар дээрээ бэлэн мөнгө бариад явж буй хүмүүс Монголын хэдэн сэтгүүлчид, үүргэвчтэй хар, шар жуулчдаас өөр алга бололтойдог. Гар утасгүй л бол энэ улсад ганц ч алхах хэцүү юм шиг. Яг л үүнийг нотлох газарт одоо хамтдаа очицгоох гэж байна.
“Гурван шар”-ын гоймонтой шөлний амттайг яана
Монголд хэрвээ “Сайн байна уу. Надад .... хоол хэрэгтэй байна” гээд нэг төмөртэй яриад зогсож байвал олон хүн галзуурчихаж гэж харах байх шүү. Дэлхийн цөөнгүй улсад үүнийг зөвхөн кинон дээр гардаг үйл явдал гэж боддог байх. Манай Хотын дарга “Эгүнэ”-тэй ярилцсан шиг л эвэртэй туулай үзсэн мэт өдрийн хоолны хачир болгож ярих нь тодорхой.
Гэтэл Шанхайн Ши Шян И Шян АI ресторанд өдрийн хоолны хачир ч биш өнөөдүүл чинь бүр өдрийн хоол хийж өгөөд зогсож байна, нөхөд минь. 2013 онд байгуулагдсан энэхүү ресторан хиймэл оюун ухаан ашиглан хятад хоолыг “ориг” тогоочоос дутахгүй стандартын дагуу хийдэг автомат системийг нэвтрүүлжээ.
Шишян компани өдгөө дөрвөн салбар нээсэн бөгөөд хоол, зууш бэлтгэдэг ухаалаг машинуудыг томоохон худалдааны төвүүдэд байрлуулж, цаашдаа гоймон болон бусад хоол хийдэг робот тогоочтой хоолны газруудыг олноор нээхээр төлөвлөн ажиллаж байгаагаа дуулгалаа. Та ердөө гар утсаа гаргаж ирээд л төхөөрөмжийн дэлгэц дээр уншуулан төлбөрөө төлж, хоолоо сонгоход л болоо. 2-3 минутын дараа хүссэн хоолыг чинь бүр авч явах боломжтойгоор савлаад өгчихнө гээд бод доо.
Гэхдээ нөгөө өрөөнд бужигнуулж буй робот тогоочоо бодвол энэхүү автомат машин бэлэн бэлдэцийг халааж, жигнэдэг гэдгээрээ онцлог юм билээ. Харин 100 метрийн цаахнатай гурван шар нөхөр утгаараа нөгөө алдарт гоймонтой шөлийг чинь хийж байхтай таарав. Нэг нь гоймонгоо чанана, нөгөөх нь аягаа бэлдэнэ, шөлөө хийнэ, нэмээд соус асгахаа бас мартахгүй юм аа. Үйлчлүүлэгчид ямар ч хүн гар хөлний оролцоогүйгээр хоолоо идэж дуусаад аягаа үйлчилгээний хэсэгт байх шар нөхөрт өгөхөд гялалзтал угаагаад хураачихаж байгаа юм.
Удахгүй урдаас харж байгаад аяга угаагч шар нөхөр “Аятайхан цэвэрхэн хооллож сур л даа” гэж загнавал ер гайхах юм алга аа. Энэ гал тогоонд гурван робот, нэг хүн ажиллах бөгөөд хүний оролцоо зөвхөн бэлдэц бэлтгэхэд л хэрэгтэй. Бусдыг нь гурван шар хийх ажээ. Үгүй мөн гайхуулж чадаж байна шүү, тэд. Робот шар найзуудын бэлтгэж өгсөн гоймонг амтархан зооглосон манайхан дараагийн аялалдаа тунчиг хөгжөөнтэй, хөөртэйхөн гарцгаалаа.
Гадаадын иргэн харьяатын газар чинь гавлаж, байцааж, цагдаж хорьдоггүй юм байна
Гаднаас харвал даруухан бор байшин бидний очих дараагийн газар байж. “Энэ байшингийн нууц юу юм бол. Иргэдийн төвөөр биднийг оруулах шалтгаан юу байсан юм бол” гэж өөрөөсөө асуусаар бушуухан л эйр кондейшнээ бараадахаар хамгийн түрүүнд шахуу л гүйгээд оров оо.
Гэвч гаднаасаа намуухан харагдсан бор байшинд ёстой түм түжигнэж, бум бужигнаж байх нь тэр. Нэг буланд эхнэрүүд амтат жигнэмэг хайраад түмэн завгүй. Нөгөө буланд өвөө, эмээ нар эртний ший жүжгийн дуу дуулж, үндэсний хөгжим тоглоод биднийг ч анзаарах сөхөө алга аа. Голын өрөөнд бас л баахан ахмад настнууд нэгнээ шагнаж урамшуулж, инээж хөхрөөд л.
Хүүхдүүд тоглох, ханз сурах, төгөлдөр хуур сурах, ший жүжгийн хувцас урлах өрөө гээд 2500 метр талбайд байрлах гурван давхар байр ёстой түмэн өнгийн хэлээр “найрал хөгжим” тоглож байх ажээ. Энэ бол Гүбэй хотын иргэдийн төв. Манайхаар бол “Ахмадын хөгжлийн төв”-тэй адилхан. Бас “Хүүхдийн хөгжлийн төв” шиг ч гэж зүйрлэж болмоор. Гэхдээ манайхаас ялгаатай нь энд ахмад, дунд, залуу, нялх балчир хэн бүхэн ирэхээс гадна Шанхай хотод амьдарч буй мянга, мянган гадаад иргэдийн зорих дуртай газрын нэг юм билээ.
Учир нь Гүбэй нь хамгийн олон гадаад иргэд амьдардаг дүүрэг гэдгээрээ онцлог. Дүүргийн 33 гаруй мянган иргэний 51 хувь нь гадаад иргэд бөгөөд 50 орчим улс орны төлөөлөл энд амьдардаг ажээ. Тиймдээ ч иргэдийн төвд ирж хятад хэл сурах, хятад үндэстний хоол, соёл, урлаг, уран сайхантай танилцаж, бас хоолны сургалтад цагийн 7-10 юанаар суралцах боломжтой.
Зарим сургалтууд нь бүр үнэ төлбөргүй. Хятад иргэдтэй ойртож нөхөрлөх, тэднээс суралцах, хөгжих, цаашлаад Шанхайд ажиллаж амьдрах, хилээр нэвтрэх, түрээсний байр олох, ажлын байрны зөвшөөрөл авах зэрэг 30 гаруй үйлчилгээг энэ төвөөс нэг цонхны үйлчилгээгээр авдаг юм билээ. Хэрвээ тухайн гадаад иргэн Шанхайд ажиллаж, амьдрах А хэлбэрийн ажлын зөвшөөрөл авах хүсэлт гаргаж, нөхцлийг нь бүрэн хангасан бол ажлын долоо хоногт хүсэлтийг нь шийдээд өгчихдөг гэнэ шүү. Нэг үгээр хэлбэл, “Гадаад иргэдийн хөгжлийн төв” гэж нэрлэж болохоор.
Хань ижлээ дагаад харь нутагт ирсэн охид, залуус, ажил амьдралын мөр хөөгөөд алс нутагт амьдрахаар ирсэн хэн бүхэн энэ төвөөс найзаа олж, нөхөрлөл бүтээж, бас хятад хүмүүстэй танилцаж, ээнэгшин дасах боломжийг олгодог учраас өдрийн турш, 24 цагийн хугацаанд цаг ямагт хүнтэй, гурван давхар тэр чигээрээ хөл хөдөлгөөнтэй, хөгжөөн найр дүүрэн байдаг юмсанж.
Манайд ч энэ газар бий нь ч бий л дээ. Гэхдээ хууль зөрчсөн иргэнийг цагдан хорьдог гэж гайхуулалтай биш. Ахмадын хөгжлийн төвтэй шүү, хүүхэд хөгжлийн төвөө харин 21 аймагт барих төсөвгүй болчихоод, тусламжаар босгож эхэлсэн гэж тэнэгтэлтэй ч биш. Гэхдээ л “Аглуу” зан хөдлөөд хэрэг алга аа. Эрхэм дарга нар минь хэрвээ Шанхайг зорьж гэмээнэ энэ газраар заавал ороод гардаг юм шүү. Дотоодын иргэн байтугай гадаадын иргэн нэг бүрийг ингэж анхаарч, халамжилж, хайрлаж байж л тэр хот сая л иргэндээ хүлээн зөвшөөрөгддөг юм байна шүү.
“Хилээ цэлийтэл нээе, Хятад улсад шинэ эрин, шинэ зуун эхэлчихээд байна”
Ингэж хэлмээр санагдах нэгэн газар бидний энэ өдрийн сүүлчийн газар байсан юм. Монгол Улсын газар нутаг, Тавантолгойн орд газраас ачигдсан нүүрсийг Шивээхүрэн-Сэхээ боомтоор Хятадын хил давмагц хэн нэг Жан, Ли овогт ачааны машины жолооч угтаж аваад, цаашаа тээвэрлэдэггүй юм билээ. Харин Шижин шинжлэх ухаан технологийн төвөөр “овоглодог” Кюү овогт буюу “Q-Truck” хэмээх жолоочгүй автомашин хүлээж аван боомт дотроо ачиж буулгадаг аж.
Шинэ зууны техникийн хөгжил Монголын хилд ойрхон иржээ. Шар нар, бор хоногийг автомашины кабин дотроо төөрүүлж, халтар ухна шиг болтлоо нүүрс тээврийн машинд сэгсчүүлж явдаг жолоочийн хүнд хүчир хөдөлмөрийг Хятад улс муж, хот даяараа халах цаг тун удахгүй ирсэн нь энэ ажээ.
Хятадын алдартнуудыг төрүүлсэн Шижин гудамжнаас өсөж өндийсөн эгэл залуугийн байгуулсан “Шижин шинжлэх ухаан технологи”-ийн компани нь 2015 онд байгуулагдаж, 2016 онд анхны инженерээ ажилд авч байжээ. Гэтэл ердөө хоёр жилийн дараа буюу 2018 онд хөгжүүлэлтээ бүрэн хийж дуусгаад, хиймэл оюун ухаанаар бүрэн тоноглосон жолоочгүй автомашиныг ачаа буулгах, ачих томоохон терминал, олон улсын усан онгоцны зогсоол, нүүрс тээврийн боомтуудад ашиглуулахаар эхний захиалгаа авч эхэлсэн бахдам түүхийг бичжээ.
Өдгөө харин 90 минут цэнэглэхэд 150 км замыг туулдаг, явдал дундаа баттерейгаа сольж болдог, 75 тонны даацтай, цагт 35 км/ц хурдалдаг энэхүү ухаалаг хөлөг дэлхийн 18 орны 160 гаруй компанийн боомт, терминалуудад “алба хааж” байна.
Араб, Тайланд, Швед, Ойрхи Дорнод, Шиньжян олон улсын хуурай боомт гээд нэрлээд байвал мундахгүй олон. Тун удахгүй тэд 100 гаруй ухаалаг, эко жолоочгүй автомашиныг АНУ-ын хэрэглэгчийн хүсэлтээр, тус улсад нийлүүлэхээр үйлдвэрлэх ажилдаа ханцуй шамлан орсноо бидэнд баяр хөөртэй дуулгав. “Хамтдаа хөгжинө шүү” гэчихээд хаа хол хаяад явчихсан байна шүү дээ гэж мөнхийн хөршдөө уруулаа унжуулан тунирхмаар ч юм шиг. Араас чинь элдэж хөөгөөд төд удахгүй хөгжинө дөө хэмээн гэгээн мөрөөдлөөр алс ирээдүйгээ төсөөлмөөр ч юм шиг. Монголын ээрэм говиор жолоочгүй машин нүүрс тээвэрлэн хурдалж, Монголын худалдааны төвүүдэд бор, шар роботууд хоол хийх цаг удахгүйдээ хэмээн мөрөөдмөөр ч юм шиг. Ийн бодол тээсээр буудал руугаа буцаж явна аа.
2023 оны зургаадугаар сарын 28-ны 08.30 цаг:
Шанхайн цаг агаарын бурхан тэнгэр өнөөдөр биднийг өршөөсөнгүй ээ. Гадаа агаарын хэм бараг л хөрсөн дээрээ +45 хүрч байна уу гэлтэй халуу шатна. Өмссөн улавчны доороос цемент халуунаар төөнөж, өргөсөн шүхрийнхээ сүүдрийг бараадаад ч тусыг эс олов, бид. Ёстой л нохой гаслам халуун гэдэг чинь энэ өдөр тохиож байна гээч.
Бид өнөөдөр Шанхай хотыг орхиж, Жансү мужийн эхний хот болох Сүжөүг зорих ёстой. Хүний гараар бүтээгдсэн технологийн гайхамшгийг нүдээр үзэж, чихээр сонссон 72 цагийн аялалын төгсгөлд Юй Юань түүхэн үзмэрийн хамгаалалтын бүсээр ороод гарах завшаан тохиолоо. Хятад улсын 400 жилийн түүхийг хадгалж буй аялал жуулчлалын алдарт Жян Нань нутгийн цэцэрлэгт хүрээлэн нь Мин гүрний үед өндөр насыг насалсан аавдаа зориулсан Хан овогт хүүгийн бүтээл буюу айлын эзэмшлийн цэцэрлэгт хүрээлэн байжээ.
Мин, Чин гүрний түүхийг архитектурын гайхалтай хэв маягтай хослуулж, соёл, ёс заншилтайгаа хавсарган бүтээсэн эл гайхамшгийг Шанхайг зорьж очвол заавал үзээрэй. 4А зэрэглэлийн аялал жуулчлалын бүс болон хөгжсөн үзэсгэлэнт бүсийн ширхэг чулуу ч архитектурын гайхамшгийг нүднээ илхэн харуулна. Луугийн хоёр толгойг уулзуулан ханандаа сийлж, их биеийг нь ваараар бүтээсэн, байгалийн чулуу ашиглан урлагийн бүтээл туурвиж, гишгэх зам болгонд тэд түүхээ, өв соёлоо хүүрнэсэн байх юм. Байшингийн дээвэрт хүртэл хүлэг баатруудын төрхийг урлаж, сийлчихэж. Дэгсдүүлж хэлбэл энд Мин, Чин гүрний бүхэл бүтэн түүхийг сийлээд үлдээчихжээ. Уул хадыг нь урласан атлаа унаган төрхөөрөө мэт шигтгэж, ус ургамал нь зүг бүртээ хараа булаах эл үзэсгэлэнт цэцэрлэгт хүрээлэнд харамсалтай нь тийм ч удаан саатаж чадсангүй.
Нэгдүгээрт, дараагийн шинэ аялал, шинэ түүх, шинэ зууны түүх биднийг хүлээж буй. Хоёрдугаарт, Шанхайн тэр халуунд сүүдэрлэх бараатай байгаад ч удаан зогсож үнэндээ төвдөхгүй юм билээ. Худалдааны гудамжаар нь гэрлийн хурдаар шурдхийгээд л 200 км-ын зайд байх Сүжөү хотыг зорихоор хоёр улсын 50 гаруй сэтгүүлчдийн цуваа Хун Чяо өртөө рүү хурдны галт тэргэнд суухаар хөдөллөө.
Зорин ирэх бүрт өөр, өөр ертөнцийг бүтээсэн ид шидээ гайхуулж, зочлон саатах бүрт гайхамшиг шинээр бүтээж байдаг Дорнын сувд чамтай дараа дахиад “уулзах” цаг ойрхон байх биз ээ. Ирэх жилүүдэд дэлхий амгалан байж гэмээнэ ид шидийг илүү олноор нь бодит болгосон 2025 онд заавал эргэж ирнэ дээ хэмээн өөртөө амлав, би.
Тэр цагт чамайг ямархан нүдээр харж, гайхамшгийг чинь бишрэн, хэвлэлийн хуудаснаа цоохорлож суух бол...Энэ мэтийг эргэцүүлсээр суутал 200 км замыг 27-хон минутад туулаад хүрэх газраа ирчихэж. "За худлаа байлгүй дээ" хэмээтэл нээрээ буух цаг болсныг хөтөч маань дуулгав. Үгүй нээрээ, Дархан руугаа хоёр дуу сонсох зуурт л хүрчихдэг бол мөн сайхан аа.
Үргэлжлэл бий...