ХХААХҮЯ-ны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Болорчулуунтай тариалангийн үйлдвэрлэлийн өнөөгийн чиг хандлага, цаашид авч хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ажлын талаар ярилцлаа.
-Энэ жилийн хувьд хур ихтэй сайхан зун болж өнгөрлөө. Харин одоо ургацаа хугацаанд нь алдахгүй авчих юмсан гэж тариаланчид залбирч сууна. Есдүгээр сарын цаг агаарын төлөв ямар байгаа бол?
-Энэ жил 450.3 мянган тонн үр тариа хураана. Үүнээс 425.8 мянган тонн буудай авах урьдчилсан дүн гарсан. Өөрөөр хэлбэл, дотоодынхоо хэрэгцээг бүрэн хангах хэмжээний буудай авна. Харин төмс, хүнсний ногооны 50 хувийг нь хангана. Өнгөрсөн зуны долоо, наймдугаар сар бороо ихтэй байлаа. Цаг уурын байдлаас шалтгаалж ургац хураалт 10-15 хоногоор оройтох төлөвтэй байгаа. Гэхдээ есдүгээр сар бороо багатай, халуун байна гэсэн цаг агаарын урьдчилсан төлөв гарсан. Тэгэхээр ургацаа бүрэн хураачих бололцоо бий гэж итгэж байна.
-Засгийн газар тариалангийн бүс нутгийг зарласан. Үр дүнгээ өгч байна уу. Тариаланч, малчин хоёрын маргаан багасаж чадсан уу?
-Сүүлийн жилүүдэд малын тоо толгой өслөө. Энэ хэрээр тариалангийн бүс нутаг руу их орж ирж байна. Тухайлбал, Сэлэнгэ аймаг 500 мянган толгой малтай л байсан. Гэтэл одоо 1.5 сая болсон. Төв аймгийн мал 2.7 дахин нэмэгдсэн. Тэгэхээр энэ их мал чинь тариалангийн үйлдвэрлэлийн технологийг мөрдөх боломжгүй болгоод байгаа юм. Тогтвортой ургац авахын тулд технологийг нарийн барих хэрэгтэй. Аж ахуйн нэгжүүд өндөр үнэтэй техник авч, паркаа шинэчилсэн ч технологийг мөрдөж нэвтрүүлж чадахгүй байна. Тариан талбай руу малаа оруулснаас болж сүрлэн хучилт хийх боломжгүй болсон. Хөрсний элэгдэлийг хамгаалах, тогтвортой ургац авах шинэ технологийг нэвтрүүлж чадахгүй байгаа нь мал бүхий иргэдтэй холбоотой. Иймд Засгийн газар газар тариалангийн бүс нутгийг тогтоосон. Олон жил ярьсан ажлыг эцэслэж, энэ жил зоригтой шийдвэр гаргасан нь цагаа оллоо. Малчид ч зөвөөр ойлгож хүлээн авч байна. Газар тариалангийн бүс нутагт эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлнэ. Үүнийг дагаад тэжээлийн үйлдвэрлэл нэмэгдэж, малчид эрүүл, чанартай сүү, махаа экспортлох боломж бүрдэх юм.
-Хөрсний элэгдэл их байна. Үүнтэй тэмцэх ямар бодлого хэрэгжүүлж байна вэ?
-Хөрсний элэгдэлийг багасгахын тулд шинэ технологи руу шилжих шаардлагатай байгаа гэдгийг би өмнө нь хэлсэн. Иймд шат дараатай арга хэмжээ авч хэрэгжүүлж байна. Газар тариалангийн бүс нутгийг зарласан. Энэ бүсэд тариан талбай бол зориулалтаараа байх ёстой. Энд мал бэлчих ёсгүй. Тариан талбайг хашаажуулах бодлого барьж байгаа. Яамнаас дөрвөн тэрбум төгрөг гаргаж, Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Орхон, Төв аймгийн Жаргалант, Баянцогт, Цээл, Булган аймгийн Хутаг-Өндөр сумдын нутаг 430 км хашаа барих гэж байна. Дараа жил хашаагаа дагуулаад ойн зурвас байгуулах ТЭЗҮ-ийг боловсруулаад байгаа. Үүний үр дүнд технологийг мөрдөж, ургац тогтвортой авах бололцоо бүрдэнэ.
-Сүүлийн гурван жил тариаланчдыг ган нэрвэлээ. Үүнээс гарах ганц гарц нь усалгаатай тариалан. Яамны зүгээс усалгаатай тариалалтыг нэмэгдүүлэх ямар бодлого баримталж байна вэ?
-Сүүлийн жилүүдэд зургадугаар сар гантай байдаг болчихоод байгаа. Үүнийг сөрж манай тариаланчид техник технологи, үрийн шинэчлэл хийсний үр дүнд давж гардаг болчихоод байна. Гэхдээ усалгаатай тариалангийн талбайг 80 мянган га-д хүргэнэ гэсэн бодлого барьж байгаа. Манай орны хувьд 400 мянган га талбайг усжуулах боломжтой гэсэн судалгаа бий. БНХАУ-аас удахгүй найман мянган га талбайг усжуулах тоног төхөөрөмж оруулж ирнэ. Мөн Азийн хөгжлийн банктай хамтран усалгаатай тариаланг нэмэгдүүлэх төсөл хэрэгжүүлэхээр ажиллаж байна.
-Тариалангийн эргэлтийн талбайг 1.2 сая га-д хүргэнэ гэсэн зорилт тавиад байгаа. Ийм нөөц бололцоо байгаа юу?
-Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлогын баримт бичигт 2025 онд тариалангийн талбайг нэг сая 50 мянган га-д хүргэнэ гэсэн зорилт тавьсан. Одоогийн байдлаар 870 орчим мянган га эргэлтийн талбай байгаа. Үүнийг нэмэгдүүлж, хуучин тэжээлийн үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглаж байсан талбайг эргэлтэд оруулна.
-Завханы Тэс, Асгат суманд тариалангийн газар олгож байгаа нь үүнтэй холбоотой юу?
-Завхан аймаг руу тэжээлийн аж ахуй байгуулъя гэсэн бодлого баримталж байгаа юм. Баруун аймагт малын өвчлөл харьцангуй гайгүй байдаг. Энэ утгаараа тус бүс нутагт эрчимжсэн аж ахуйг хөгжүүлж, махны экспортыг нэмэгдүүлэх боломж нээгдэж байна гэж ойлгож болно.
-Аж ахуйн нэгжүүдийн техникийн шинэчлэлийн бодлогыг сүүлийн жилүүдэд хэрэгжүүлж ирсэн. Цаашид үргэлжлэх үү?
-Техникийн шинэчлэлийг атрын гуравдугаар аяны хүрээнд сайн хийсэн. Мөн 2017 онд ОХУ-ын 10 сая ам.долларын зээлийн хөрөнгөөр техникийн шинэчлэл хийж эхэлсэн. Өнөө жил үргэлжилж, үтрэмийн машин, хадлангийн тоног төхөөрөмжийн шинэчлэл хийгдэж байна. Саяхан 25 комбайн ОХУ-аас оруулж ирж, аж ахуйн нэгжүүдэд өгөөд дууслаа. Манай хойд хөршийн техник үнэ хямд, бүтээмж өндөр, техникийн үзүүлэлт нь барууны орныхоос нэг их дутахааргүй байдаг болохоор аж ахуйн нэгжүүдийн хэрэгцээг бүрэн хангаж байгаа. Цаашид Польш, Герман, БНХАУ-аас техник оруулж ирэхээр төлөвлөж байна.
-Халхын голд олон аж ахуйн нэгжид газар олгож, хар тамхины төрлийн ургамал тарьж, Хятад руу гаргадаг гэсэн явган яриа их байдаг. Үнэн үү?
-Халхын голд 40 мянган га эргэлтийн талбай бий. Нэмж газар олгоогүй. Тус бүсэд буудай болон царгас зэрэг тэжээлийн ургамал тариалдаг. Хар тамхины төрлийн нэг ч ургамал тариалаагүй гэдгийг хариуцлагатай мэдэгдэе. Харин “Алтай констрашн” ХХК тэжээлийн үйлдвэр барьсан. Цаашид үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ экспортлохоор төлөвлөж байгаа юм билээ.