ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Төвлөрсөн дэмжлэгийн үр дүнд оюуны бэрхшээлтэй залуу амжилттай ажиллаж байна

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2023-08-16

Монгол Улс дахь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж буй сайн жишээ

Монгол Улс 2009 онд НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенцод нэгдэн орж, хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах, нийгмийн оролцоог дэмжихэд чиглэсэн “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль”-ийг 2016 онд батлан хэрэгжүүлж байна. 2017 онд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих ажлыг үндэсний хөтөлбөрт оруулж, хууль эрх зүйн тогтолцоог хангаснаар 2021 онд Монгол Улсын Засгийн газар Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага /ЖАЙКА/-тай хамтран “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тогтолцоог бэхжүүлэх төсөл (DPUB2)”-ийг хэрэгжүүлж байна.

Энэхүү цуврал нийтлэлээр дамжуулан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжин ажиллаж буй байгууллага, гэр бүл, хамт олны төлөөлөл зэрэг олон талын байр суурийг онцлон тэмдэглэж, Монгол Улс дахь хөдөлмөр эрхлэлтийн сайн жишээг түгээхийг зорьж байна.

"Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн

хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж буй сайн жишээ"

Нийтлэл №16

“YONGSAN” Солонгос хоолны ресторан

зураг

 

Зургийн тайлбар: Менежер Л.Дулам /хамгийн баруун гар тал/, тогооч н.Баярмаа /баруун гар талаас 2 дахь/, мөн Ажлын байрны дадлагажуулагч Г.Осоржалам /зүүн гар тал/, туслах ажилтан Т.Мөнх-Учрал /зүүн гар талаас хоёр дахь/ нар

Олон удаагийн уулзалтын үр дүнд түүний зан байдал, онцлогийнх нь талаар мэдэж авчээ.

зураг

Мөнх-Учрал ресторан нээх 11 цагаас өмнө цэвэрлэгээгээ хийж дуусгадаг.

Биднийг Yongsan ресторан руу явах замд хэдий 4-р сар дундаа ороод байсан ч цас хялмаалан орж, зам бүхэлдээ цасаар хучигдав. Тус ресторан нь Чингэлтэй дүүрэгт, Метромолл их дэлгүүрийн замын урд байрладаг.

Ресторан руу ороход нэг удаагийн цагаан малгай өмссөн өндөр залуу цэвэрлэгээ хийж байв. Түүнийг Т.Мөнх-Учрал гэдэг. Одоо 23 настай. Оюуны хоцрогдолтой гэж оношлогдсон. 2022 оны 11-р сард тус ресторанд ажилд орсон бөгөөд цэвэрлэгээнээс гадна аяга таваг угаах ажил хариуцаж хийдэг. Тэр “Ажилдаа маш дуртай. Эндээ л ажиллана гэж боддог” гээд инээмсэглэв.

Мөнх-Учрал Улаанбаатарт төрж, бага, дунд ангиа энгийн сургуульд суралцаж төгсжээ. Дунд сургуулиа төгсөөд хувийн хэвшлийн МСҮТ-д тогооч, массажист гэх мэт хэд хэдэн мэргэжлээр суралцсан байна. Тус ресторанд орохоосоо өмнө нэг сүлжээ дэлгүүрт ажилласан боловч хамт ажиллагсдын ойлголт, хандлага муу байсан учир сар болоод л ажлаасаа гарчээ. 

зураг

”YONGSAN” рестораны захирал Д.Батхишиг

Мөнх-Учралыг тус ресторанд ажилд оруулсан хүн бол ажлын байрны дадлагажуулагч Г.Осоржалам юм. Осоржалам анх Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны хөдөлмөр эрхлэлтийн цахим систем болох EJOB /https://ejob.gov.mn//-оос Мөнх-Учралын мэдээллийг авчээ. Мөнх-Учралыг ажилд ороход ээжийнх нь хичээл зүтгэл ч их байсан бөгөөд ХБХХЕГ-т очиж EJOB-д бүртгүүлсэн байжээ. Осоржалам дадлагажуулагч Мөнх-Учрал болон түүний ээжтэй хэд хэдэн удаа уулзаж, зан байдал болон ямар ажил хийх сонирхолтой талаар нь асууж судалжээ. “Бага зэрэг дураараа ч их цайлган, ажил хийх хүсэл сонирхолтой юм байна” гэж дүгнээд Yongsan рестораны захирал Д.Батхишигт ажилд авах хүсэлт тавьжээ.зураг

“Цэлмэг тэнгэр” ТББ-ынхаа үйл ажиллагааны хүрээнд өрх толгойлсон эмэгтэй болон түүний хүүхдүүдэд бэлэг, хүнс, нүүрс зэргийг бэлэг болгож байгаа нь /зургийг Батхишиг захирлаас авав/

Батхишиг захирал тус ресторанаас гадна газар тариалан, аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Борх-Оргил” ХХК-ийн үүсгэн байгуулагч бөгөөд олон салбарт хүчээ сорьж буй бизнесмэн юм. Бизнесийнхээ хажуугаар олон хүүхэдтэй, өрх толгойлсон, хүнд амьдралтай хүмүүст туслан, нийгмийн сайн сайхны төлөө олон зүйл хийж иржээ.

Тэр их сургуулиа төгссөнийхөө дараа Японд 4 жил сурч, ажиллажээ. Япон хэлний сургууль, Хёого мужийн их сургуульд судлаач оюутнаар тус тус суралцсан бөгөөд хичээлийнхээ хажуугаар цагийн ажил хийж, заримдаа настай хүмүүсийн асрах газарт өндөр настнууд болон хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст туслах сайн дурын ажил хийдэг байсан гэнэ. Тэр үеэс нийгмийн халамж шаардлагатай хүмүүст туслах хэрэгтэй юм байна гэдгийг маш сайн ойлгожээ.

зураг

Батхишиг захирал Японд сайн дурын ажилд оролцож байгаа нь /баруун гар талаас эхнийх/

Батхишиг захирал Монголд буцаж ирээд нийгэмд тустай ямар нэг зүйл хийе гэсэн бодлоор бизнесийнхээ хажуугаар өрх толгойлсон олон хүүхэдтэй эмэгтэйчүүдэд туслах ажлыг хийж эхэлсэн бөгөөд улмаар 2019 онд 5 гишүүний бүрэлдэхүүнтэй хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөө  “Цэлмэг Амьдрал” ТББ-ыг мөн байгуулав. Тус ТББ-ын зохион байгуулсан үйл ажиллагаанд ажлын байрны дадлагажуулагч Осоржалам хэд хэдэн удаа очиж оролцсон бөгөөд тэр үеэр Батхишиг захирал Солонгос хоолны ресторандаа хөгжлийн бэрхшээлтэй хүн ажиллуулах бодолтой байгаа тухайгаа ярьжээ. Ингэж ажилд орох хүсэлтэй хөгжлийн бэрхшээлтэй иргэн, ажлын байрны дадлагажуулагч, ажил олгогч гурвын хэн хэнийх нь хүсэл огтлолцсоноор Мөнх-Учрал одоогийн ажилдаа оржээ.

Ажиллах зохистой орчин бүрдүүлэх нь маш чухал

зураг

Мөнхучралын гол хариуцаж хийдэг ажил бол аяга таваг угаах юм.

2020 оны 2-р сар буюу коронагийн хорио цээрийн үед нээгдсэн YONGSAN ресторан нь одоо өдөрт 100-200 орчим хүн үйлчлүүлдэг хүний хөл тасардаггүй газар болжээ. Мөнх-Учралыг оруулаад нийт 4 үндсэн ажилтантай ба хоёр оюутан ээлжлэн цагаар ажилладаг байна. Нэг жилийн өмнөөс рестораны менежерээр ажиллах болсон Л.Дулам “Үнэнийг хэлэхэд эхэндээ Мөнх-Учралаар ямар ажил хийлгэхээ сайн мэдэхгүй байсан” гэж ярив.

Мөнх-Учралд хамгийн эхлээд хоол зөөх ажил хариуцуулж байсан ч хоолоо андуурах, зочдыг идэж дуусаагүй байхад нь аяга тавгийг нь хураах гээд нэг л тохирохгүй байсан учраас ресторан нээхийн өмнөх заалны цэвэрлэгээ болон аяга таваг угаах ажил хариуцуулахаар болжээ. Гэвч үүнээс хойш ч асуудал багагүй гарчээ. Угаагч шингэнийг хэт их хэрэглэж, том савтай угаалгын шингэнийг хоёр, гуравхан өдөрт хэрэглээд дуусгах, хөөсийг нь дутуу арилгах, цоргоо хаахаа мартах зэрэг тохиолдол байнга гардаг байв. Тогооч Баярмаа “Угаалгын шингэнээ ямар хэмжээтэй хийх, хөөсийг нь хэрхэн сайн арилгах зэргийг зааж өгсөн ч эргээд л мартчихдаг болохоор их хэцүү байсан” гэж ярихад менежер Дулам “Усны төлбөр хүртэл хоёр дахин их гарсан шүү” гээд инээв.

Мөнх-Учралыг тэвчээр гаргаж зааж сургасан хүмүүс бол яахын аргагүй тогооч Баярмаа, менежер Дулам нар юм. Батхишиг захирлаас нийгэмд хувь нэмрээ оруулахын ач холбогдлын талаар байнга сонсож ирсэн Дулам менежер “Өмнө нь хөгжлийн бэрхшээлтэй хүнтэй хамт ажиллаж байгаагүй ч оюуны бэрхшээлийн талаар ойлгохыг хичээж байна. Хамт ажиллахад хэцүү үе байсан ч өмнөх ажил дээрээ үл ойлгогдож, гадуурхагдаж байсныг нь сонссон болохоор энэ ажлаас нь болиулчихвал цаашид энэ хүүхэд яах бол, улам л хэцүү байдалд орох байх гэж бодогддог. Аль болох яриаг нь сонсож ойлгохыг хичээдэг. Энд санаа амар ажиллаж болно гэж байнга хэлдэг дээ” гэв.

Дулам менежер Осоржалам дадлагажуулагчтай байнга холбоо барьж, жижиг зүйл гэлтгүй асуудал гарвал ярилцаж зөвлөлддөг гэнэ. Осоржалам дадлагажуулагч дээрх асуудлуудаас нэгийг нь ч гэсэн шийдье гээд угаагч шингэнийг усаар шингэлж, даралтаар гардаг саванд хийж өгсөн гэнэ. Зарим тохиолдолд Мөнх-Учралын ээжийг ч дуудаж хамтдаа ярилцах үе гардаг аж. “Бүгдээрээ хамтдаа дэмжиж, ажиллах нөхцөлийг нь бүрдүүлэх маш чухал юм байна гэж ойлгосон” гэж Дулам нэмж хэлэв.

ТББ-ын ажлынхаа хажуугаар Ажлын байрны дадлагажуулагч, сургагч багшаар ажиллаж байна

Мөнх-Учралыг ажлын байранд дадлагажуулсан Осоржалам бол “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тогтолцоог бэхжүүлэх төсөл (DPUB2)”-ийн сургалтад хамрагдаж, ажлын байрны дадлагажуулагч болсон. 2021 оны 9-р сард зохион байгуулагдсан “Ажлын байрны дадлагажуулагч бэлтгэх сургалт”, 2022 оны 3-р сард болсон “Ажлын байрны дадлагажуулагч бэлтгэх анхдугаар сургалт”,  Малайз улс дахь сургалт /2022 оны 11-р сар/, мөн 2023 оны 2-р сард зохион байгуулагдсан Япон дахь сургалтад тус тус хамрагдсан. Харин 2023 оны 3-р сард зохион байгуулагдсан “Ажлын байрны дадлагажуулагч бэлтгэх анхдугаар сургалт”-д сургагч багшаар ажилласан. Одоогийн байдлаар Мөнх-Учралаас гадна өөр хөгжлийн бэрхшээлтэй гурван хүнийг ажлын байранд зуучилж дадлагажуулжээ.

зураг

 

Япон дахь сургалтын үеэр /Нүүрний эгнээ/

Осоржалам ажлын байрны дадлагажуулагч болоход түүний ээж Б.Гүнжилмаа /тулгуур эрхтний бэрхшээлтэй/-гийн нөлөө их байжээ. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоо болон хөдөлмөр эрхлэлтийн тал дээр олон асуудалтай тулгарч ирсэн Гүнжилмаа 2007 онд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлт болон тэднийг бизнес эрхлэхэд дэмжлэг үзүүлэх зорилго бүхий “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн Бизнес инкубатор төв” ТББ-ыг байгуулжээ. Тухайн үед ахлах сургуулийн сурагч байсан Осоржалам хичээлийнхээ хажуугаар ээжийнхээ ТББ дээр очиж тусалдаг байв. Их сургуулиа төгсөөд ТББ-даа үргэлжлүүлэн менежерээр ажиллах болжээ. Тэр хөгжлийн бэрхшээлтэй хүмүүстэй ажиллах хугацаандаа “Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс бидэнтэй адил” гэдгийг ойлгож, өөрсдийн үйл ажиллагааны ач холбогдлыг улам илүү мэдрэх болжээ. Нэг өдөр ХБХХЕГ-аас Ажлын байрны дадлагажуулагчийн хөдөлмөр эрхлэлтэд дэмжлэг үзүүлэх үйлчилгээг эхлүүлэх гэж байгаа тухай сонсжээ. Төрийн бус байгууллагынхаа дэргэд “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөрийн нөхөн сэргээх төв” байгуулахаар төлөвлөж байсан тэр цаг үетэй давхцаж байсан учраас “Хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг нийгэмтэй холбодог, ажлын байранд дэмжлэг үзүүлдэг бие даасан мэргэжил байдаг юм бол заавал онолыг нь суралцах хэрэгтэй” гэж бодож, DPUB2 төслийн сургалтад эргэлзэлгүй бүртгүүлжээ.

Дэмжлэгтэй хөдөлмөр эрхлэлтийн гол утга санаа, ажлын байрны дадлагажуулагчийн чиг үүргийн талаар онол, дадлага хослуулан суралцсанаар Осоржаламын одоог хүртэл хийж ирсэн ТББ-ын үйл ажиллагаанд олон зүйл дутагдалтай байсныг анзаарч, олж мэдсэн зүйлээ тусгаж байгаа ажээ. Түүний зэрэгцээ ТББ-ынх нь зорилго, чиглэл Ажлын байрны дадлагажуулагчийн чиг үүрэгтэй ижил гэдгийг ойлгож авсан нь түүний хувьд маш том ололт байсан гэнэ.   

Осоржалам бидэнд нэг жишээг ярьж өгөв. Түүний ажил дээр зөвлөгөө авахаар ээж охин хоёр ирсэн гэнэ. Охин нь сонсгол, хэл ярианы бэрхшээлтэй бөгөөд өрөөнд орж ирсэн цагаасаа л нэг л өөртөө итгэлгүй, хүний нүд рүү ч эгцэлж харахгүй байв. Юм асуусан ч хариулахгүй, бүх асуултад ээж нь өмнөөс нь хариулж байгааг хараад Осоржалам ээжийг нь түр өрөөнөөс гаргаж, тэр охинтой хоёулхнаа ярилцаж үзэв. Хамт цагийг өнгөрөөж сандрал, айдсыг нь арилгасныхаа дараа ТББ-ынхаа оёдлын хэсэгт дадлага хийлгэхээр болов. Охин эхэндээ тийм ч идэвхтэй байгаагүй ч хэд хэдэн удаа ирснийхээ дараа хүний царай руу хардаг болж, одоо хүмүүстэй бага зэрэг харилцдаг болж байгаа гэнэ. “Цаашид ч тэр охиныг ТББ дээрээ дадлагажуулж, яваандаа ажилд оруулах санаатай” гэж ярив. “ТББ болон ажлын байрны дадлагажуулагчийн ажил миний бодож төсөөлж байснаас ч илүү хоорондоо нягт холбоотой юм байна гэдгийг ойлгож авч байна. Аль алийг 100 хувь гүйцэтгээд явахыг гэж хичээдэг” гэж итгэл дүүрэн ярьсан юм.

зураг

 

“Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн Бизнес инкубатор төв”-ийн ажил болон ажлын байрны дадлагажуулагчийн ажлаа хооронд нь уялдаа холбоотой ажиллахыг хичээж байна” гэж ярих Осоржалам /зүүн гар тал/

Ажлын байрны дадлагажуулагч бол ажил хөдөлмөр эрхлэх сонирхолтой хөгжлийн бэрхшээлтэй хүн болон байгууллага хоёрыг холбох гүүр юм. DPUB2 төсөл 2021 оноос ажлын байрны дадлагажуулагч нарыг бэлтгэж байгаа бөгөөд 2023 оны 3-р сард “Ажлын байрны дадлагажуулагч бэлтгэх анхдугаар сургалт”-ыг зохион байгуулж, нийт 35 хүнийг ажлын байрны дадлагажуулагчаар бэлтгэсэн.

Энэ удаагийн нийтлэлээр ажлын байрны дадлагажуулагч хөгжлийн бэрхшээлтэй залууд үнэлгээ хийж, улмаар ажил олгогчтой холбон ажилд оруулж, хамт олны оролцоотойгоор тогтвор суурьшилтай ажиллахад нь дэмжлэг үзүүлсэн бодит сайн жишээг танилцуулахыг зорьлоо. Мөн бидний бэлгэсэн энэхүү нийтлэл нь Монгол улсад “Ажлын байрны дадлагажуулагчийн хөдөлмөр эрхлэлтэд дэмжлэг үзүүлэх үйлчилгээ” хэрэгжиж эхэлсэн тухай бодит баримт болно гэдэгт найдаж байна.

ХНХЯ болон DPUB2 төсөл хамтран хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг идэвхтэй дэмжиж буй байгууллагуудын сайн жишээг цувралаар хүргэж ирсэн ба энэ удаагийн нийтлэлээс эхлэн төслийн үйл ажиллагааны хүрээнд бэлтгэгдсэн ажлын байрны дадлагажуулагч нарын жишээг ч мөн дээрх байдлаар танилцуулахаар төлөвлөж байгаа юм.  


Байгууллагын мэдээлэл

Байгуулагын нэр

“YONGSAN” солонгос хоолны ресторан

Үйл ажиллагааны чиглэл

Ресторан

Ажилтны тоо

Үндсэн ажилтан 6 /2023 оны 7-р сарын байдлаар/

Цагийн ажилтан 2 /оюутан/

Хөгжлийн бэрхшээлтэй ажилтны тоо

1 ажилтан /Оюуны бэрхшээлтэй/ 

     /2023 оны 4-р сарын байдлаар/

Хөгжлийн бэрхшээлтэй хүн ажилд авсан шалтгаан

・Захирал Д.Батхишиг хүнд хэцүү амьдралтай, нийгмийн эмзэг бүлгийн иргэдэд чиглэсэн үйл ажиллагааг ТББ-аараа дамжуулан явуулж ирсэн.  

・Нийгмийн хариуцлагын хүрээнд, ажлын байрны дадлагажуулагчаар   дамжуулан хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажилд авсан.

Авч хэрэгжүүлж буй арга хэмжээ

・Тухайн ажилтанд үнэлгээ хийж, тохирсон ажилд нь томилох, шаардлагатай тохиолдолд дахин үнэлгээ хийж, өөр ажилд томилдог. /Зөөгчөөс угаагч болгосон/

・Ажлын дарааллыг нь ойлгомжтой байдлаар бичиж, байнга ажилладаг хэсэгт нь байрлуулж өгсөн. Мөн угаалгын шингэнийг тохиромжтой хэмжээгээр гардаг даралттай саванд хийж өгөх зэрэг тохируулгуудыг хийсэн.

・Гэр бүл, асран хамгаалагчтай нь байнга холбоотой ажиллаж, асуудал гарсан тохиолдолд асран хамгаалагчаас гадна захирлыг оролцуулан ярилцаж зөвшилцдөг.

 

 

【Ажлын байрны дадлагажуулагчийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйлчилгээ】

ХНХЯ, ЖАЙКА-ийн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тогтолцоог бэхжүүлэх төсөл, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газартай хамтран 2022 оны 6-р сараас “ААНБ болон хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг холбон ажиллах ажлын байрны дадлагажуулагчийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйлчилгээ”-г хэрэгжүүлж эхлээд байна.

Тус үйлчилгээний үр дүнд илүү олон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг тогтвортой ажлын байраар хангана. Нөгөөтэйгүүр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажиллуулах боломжгүй ААНБ-ын хувьд ажлын байрны төлбөрийг төлж, нийгмийн хариуцлагаа хүлээх шаардлагатай.

【Холбоо барих хаяг】

Ажлын байрны дадлагажуулагчийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйлчилгээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл доорх хаягаар холбогдоно уу.

Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар

И-мэйл хаяг: [email protected]

Утасны дугаар: 7707300877032222