ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Сэрүүн сайхан хангай уртын дууг хэн, хэзээ зохиосон бэ

O.Admin
2023-09-08

Улирал улирлын дундаас айраг цалгиж, уртын сайхан дуу онцгой жаргалантайгаар эгшиглэдэг налгар намрын өдрүүд хөврөн ахуй энэхүү цаг дор монгол туургатнуудын дунд ихэд дэлгэрсэн “Сэрүүн сайхан хангай” дууны гарал үүслийн тухай эрдмийн бага чуулган МУИС-ийн багш, оюутны хөгжлийн төвд боллоо.

“Эртний сайхан”, “Уяхан замбутивийн наран” зэрэг олон сайхан дууг хултай айраг мэлтэлзүүлэн барьсан уртын дууч цээл тунгалаг хоолойгоор уран гоё нугалаа, жиргээ, цохилтоор чимэглэн хадаахад, сонссон хүний сэтгэл хөвсөлзөн баясаж, хэн хэмээх авьяастан ямархан сэтгэлээр энэ гайхамшигт дууг зохиосон бол гэж эрхгүй бодогддог.

Тэгвэл “Сэрүүн сайхан хангай” хэмээх айзам уртын дууны зохиогчийн тухай судалгааг Хөвсгөл аймгийн Жаргалант сумын малчин О.Бадмаадорж хэлэлцүүлсэн нь дээрх эрдэм шинжилгээний бага хурлын бас нэгэн онцлог байв. Тийм учраас утга зохиол судлаач шүүмжлэгч, доктор профессор Ч.Дагвадорж “Малчин хүн уртын дууны тухай сонирхолтой илтгэл хэлэлцүүлж байгаад талархаж байна. Уртын дууг сонирхон дэмжигчдээс ардын дууны судалгааны асуудлыг мэргэжлийн судлаачдын анхааралд оруулахыг зорьж ажиллаж байгаа нь соёлын биет бус өвд анхаарлаа хандуулж байгаа энэ үед үнэхээрийн чухал юм” хэмээн онцолж байлаа.

Энэ дууг дэлхийн дэвжээнд, сонгодог түвшинд хүргэн дуулсан хүн бол яах аргагүй алдарт дуучин Н.Норовбанзад агсан билээ. Тэрбээр 1957 онд Москва хотноо болсон Дэлхийн залуучууд, оюутны наадмаас “Сэрүүн сайхан хангай” дуугаар алтан медаль хүртсэн нь монгол хүн дэлхийн тайзнаас уртын дуугаараа алтан медаль хүртсэн анхны тохиол болж тэмдэглэгджээ.

Мөн Н.Норовбанзад гуай Юнескогийн аман ба соёлын биет бус өвийн шилдэг бүтээлээр тодорч байсан энэ дуугаа “Миний зүрхний дуулал, миний сүлд дуу юм” хэмээн бахдан ярьсан байдаг аж.

 

 

Энэ даваа гарагт болсон тус эрдэм шинжилгээний бага хуралд МУИС-ийн Улаанбаатарын их сургуулийн зөвлөх профессор С.Байгалсайхан, Ардын жүжигчин, Монгол Улсын консерваторын уртын дууны багш Д.Түвшинжаргал, ШУА-ийн хэл зохиолын хүрээлэнгийн аман зохиол судлалын салбарын эрхлэгч, доктор А.Алимаа, “Соёмбо” академийн захирал А.Санжмятав, МУГЖ Б.Мөнхбаатар зэрэг эрдэмтэн судлаач, урлаг соёлын зүтгэлтэн  “Сэрүүн сайхан хангай” дууны гарал үүсэл, түгэн тархсан хувилбарууд, бэлгэдэл, дууны шүлгийн уран сайхны онцлогийн талаар илтгэл тавьсан юм.

 

 

Дээр өгүүлсэнчлэн СТА, түүх, соёл судлаач О.Бадмаадорж ““Сэрүүн сайхан хангай” айзам уртын дууны гарал үүсэл” сэдвээр илтгэл тавьж, энэхүү дууны үг, аяыг Сайн ноён хан аймгийн Далай Чойнхор Вангийн хошууны ноён Гэмпилдорж 1840-өөд онд зохион дуулсан нь тус хошууны сүлд дуу болон мөнхөрсөн хэмээн уг дууны үг, түүнд өгүүлсэн газар орны байдал, нутгийн ардын аман яриа, хошуу ноён Гэмпилдоржийн түүх намтарт үндэслэн тайлбарлалаа.

 

 

Далай Чойнхор вангийн хошуу нь өдгөөгийн Архангай аймгийн Тариат, Хангай, Цахир, Өндөр-Улааны тал, Хөвсгөл аймгийн Жаргалант, Галт, Шинэ-Идэр сумд, Завхан аймгийн Их-Уул, Тосонцэнгэл сумын урд зах, Идэр сумын зүүн захыг хамарсан өргөн уудам нутагтай байжээ.

 

Судлаач О.Бадмаадоржийн өгүүлж буйгаар, “Сэрүүн сайхан хангай” дууг дээрх нутагт “Сэрүүн” хэмээн нэрлэж заншсан бөгөөд Сэрүүний Далайхүү, Сэрүүний Ёндон гэх зэрэг энэ дуугаар овоглосон, алдартай дуучид байжээ. Түүнчлэн Хөвсгөл аймгийн Жаргалант суманд “Сэрүүнийхэн” хэмээх овог үүссэн байдаг аж.

 

СГЗ Ч.Дагвадорж, “Уртын дууг зохиож байсан уламжлалаас харахад, ер нь хошуу ноёд, хутагт хувилгаад удам дамжсан бичиг соёлын уламжлалтайнхаа хувьд нутаг усаа аргадсан, хүлэг сайн морио бахадсан дуу зохиож ирсэн шиг байдаг. Тухайлбал, 20-р зууны эхээр Лу жанжин гүн хэмээн алдаршсан яруу найрагч өөрийн хайртай хүлгийн тухай “Сайвар халтар” гэдэг дуу зохиосон нь монгол даяар тархсан байдаг” хэмээгээд энэ талаасаа тус дууны зохиогч нь хошуу ноён байх магадлалтай гэж үзэж буйгаа илэрхийлсэн юм.

 

Харин СУИС-ийн хөгжмийн урлагийн сургуулийн уртын дууны багш, доктор Ц.Чулуунцэцэг, “Сэрүүн сайхан хангай” дууг дуулах ур чадвар шаарддаг, давхар шуранхайтай, хоолойн цохилго, нугалаа, уран чимэглэл ихтэй нэлээд хүнд дуу гэж үздэг. Ерөнхийдөө сопран буюу тунгалаг хоолойт дуучинд тохиромжтой. Дундговь аймгийн боржгин аялгуугаар дуулдаг газруудаар энэ дуу ихэд түгэн тархсан бөгөөд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Алшаа, Шилийн гол, Сөнөд, Үзэмчин хошуудад мөн дэлгэрсэн байдаг юм билээ” хэмээн уг дууны тархац, дуулах онцлогийн талаар тодотгосон юм.

 

 

Ташрамд дурдахад, өнөөг хүртэл зуун дамжин өртөөлж ирэхдээ баялаг "намтартай" болсон энэ дуунд холбогдох нэгэн түүхийг Монголын хөгжмийн зохиолчдын холбооны ерөнхийлөгч Г.Төвшинтөр хуваалцсан нь Дундговь аймгийн нэрт уртын дууч Г.Дадьсүрэн агсны дурсамж яриа байв. Түүний өгүүлснээр, уртын дууны боржгин бараат их дууч, хуучнаар шилийн сайн эр явсан П.Ширчинжунай гэгч цаазын ял аваад “Сэрүүн сайхан хангай”-г дуулж амь мултарсан түүх байдаг аж.

Эрдэм шинжилгээний хурлын үеэр О.Бадмаадорж гуайгаас дараах зүйлийг тодруулсан юм.

-Сонирхолтой сэдвээр эрдэм шинжилгээний хурал зохион байгуулж байгаад тань баяр хүргэе. Та өөрийнхөө тухай танилцуулна уу?

-Би Завхан аймгийн Идэр суманд төрсөн. Одоо Хөвсгөл аймгийн Жаргалант суманд суудаг, малчин хүн.

 

 

-Та "Сэрүүн сайхан хангай" дууг ямар учраар судалж эхлэв, ямар зорилго тавьж байгаа вэ?

-Далай Чойнхор вангийн хошууны ном бичих гээд судалгааны ажлаар явж байхад олон бүтээл гарч ирсэн. Тэгээд тэднийг системтэйгээр, нэг нэгээр нь гаргаж ирэх хэрэгтэй юм байна гээд энэ эрдэм шинжилгээний хурлыг санаачилсан юм.

 

Нэгдүгээрт, энэ дуу унаган нутагтаа маш их мартагдлаа. Хоёрдугаарт, энэ дууны үг, аялгуу их өөрчлөгдөж байна. Нэг хагас түрлэгийг Н.Норовбанзад гуай гурван минут 10 секунд дуулж байсан бол одоогийн сайн дуучид хоёр минут гарантай л дуулж байна. Мөн уртын дууны амин сүнс нь шуранхайд байдаг. Н.Норовбанзад гуай нэг амьсгаагаар 20 секунд шуранхайлж дуулж байсан бол, бусад дуучид 8-12 секунд л шуранхайлж байна. Ингэж энэ дууны аялгуу айзам нь хумигдах аястай болж байгаа нь харамсалтай юм.  

 

Бас “тунгалгийн ус” гэдэг үгийг нь ”тунгалаг ус”, “Манда толгойн шил дээр...” гэдэг үгийг нь “Манхан толгойн...” гэх мэтээр өөрчилж дуулж байна. Иймээс үүнийг эмхлэх, журамд нь оруулах юмсан гэсэн үүднээс энэ эрдэм шинжилгээний хурлыг хийхийг зорьсон юм.

 

-Та дууны зохиогчийг дууны үг, нутаг орны онцлог, нутгийн ардын хууч ярианаас батлан тайлбарлалаа шүү дээ. Хошууны сүлд дууг ямар үед дуулдаг уламжлалтай  байсан юм бол?

- Нэрт дуучин М.Дорждагва гуай нэгэн удаа академич Б.Ринчен гуайгаас боржгины найр яагаад ийм их дэгтэй, боржгины дуунууд яагаад ийм уран гоё байдаг юм бол гэж асуухад, “Тэгэлгүй яах вэ, хааны найрын дэг боржгинд хадгалагдаж үлдсэн юм чинь" гэж хариулж байсан гэдэг. Тэгвэл Гэмпилдорж нь алтан ургийн удмын хүн юм.

Тэрээр засаг бээл төрийн жүн ван Гончигжавын бага хатнаас буюу одоогийн Хөвсгөл аймгийн Жаргалант сумын нутагт 1821 онд мэндэлж, багаасаа эрдэмд боловсорч, 16 насандаа Тариатын хүрээнд хошуу ноёноор өргөмжлөгджээ.  

 

“Сэрүүн сайхан хангай” дууг хавар цагт зусландаа буугаад, гэрээ барихаасаа өмнө идээ будаа дэлгэж, зун сайхан болоосой хэмээн хангай дэлхийгээ аргадан сайн сайхан байхыг бэлгэдэж бүрэн эхээр нь дуулдаг байсан уламжлал байсныг энэ хурал дээр эрдэмтэн судлаачид ярилаа. 

 

Ер нь бол, Сэрүүн сайхан хангай гэдэг нь Идэр, Чулуут голын хоорондох Хангай ханыг хэлж байгаа юм. Хангай ханыхан зуны эхэн сар гаруут идээ цагаа тавиад, “Сэрүүн сайхан хангай” дуугаа дуулж, хангай дэлхийдээ хүндэтгэл илэрхийлдэг байжээ. Тиймээс хошууны хүндэтгэлийн ёслол, найр наадмын эхэнд дуулдаг уламжлалтай байсан байна.

 

-Боржгин аялгуугаар дуулдаг орон нутгаар энэ дуу ихэд дэлгэрсэн тухай судлаачид өгүүлж байна. Тэгэхээр хоймор нутгийнхан уртын дууны сангийн хувьд аль хэр баян гэж үзэж болох вэ?

-Хоймор нутгийн уртын дууны тухайд, урд талын гурван сумандаа байгаа юм. Би нэг жишээ татъя. Манай Жаргалант сумын 2-р багийн өндөр настан П.Аюушжав, “Сэрүүн” хэмээх дууг миний ах П.Ёндон найр наадам, хээр гадаа явахдаа хошуу ноёны минь зохиосон дуу хэмээн залбиран дуулдаг хүн байв. Жаргалант сумын нутаг доод Цэцүүхийн Сэрхийн өвөлжөөний уяан дээрээс аялан Устын толгой дээр сайн мориор хатируулж хүрэхэд /ойролцоогоор 45-50 км газар/ долоон түрлэгийг нь бүрэн дуулж дуусгадаг байсан гэж ах маань ярьдаг байсан” хэмээн хуучилдаг.

“Сэрүүн сайхан хангайд нь аа

Тунгалгийн ус урсна аа мину зээ”

хэмээх энэ дууны эхний хагас түрлэгийг Н.Норовбанзад гуайн дуулсантай харьцуулбал, П.Ёндон гэдэг хүн дууг бүтнээр нь 45-аас дээш минут дуулдаг байсан нь тодорхой байгаа юм.