ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

БНХАУ Индонезид өндөр хурдны галт тэрэгний шугам барьж, ашиглалтад орууллаа

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2023-10-03

БНХАУ-ын "нэг бүс нэг зам" санаачилгын хүрээнд хийж, гүйцэтгэсэн Индонезийн өндөр хурдны галт тэрэгний шугам өчигдөр нээлтээ хийжээ.

Индонез улс анх удаагаа өндөр хурдны төмөр замтай болж буй нь энэ бөгөөд нийслэл Жакартагаас хүн ам шигүү суурьшсан Бандун хот хүртэл 140 км үргэлжлэх аж. Өмнө нь хот хоорондын аяллын цаг гурван цаг байсан бол өндөр хурдны галт тэрэгний шугам ашиглалтад орсноор 40 минутад зорчих боломжтой болжээ.

Энэ нь БНХАУ, Индонез хоёр улсын “Нэг бүс, нэг зам” санаачилгын хүрээнд хийгдэж буй гол төсөл болж буйгаараа онцлог юм. Төсөл 7.5 тэрбум ам.долларын өртөгтэй, БНХАУ-аас голлон санхүүжүүлсэн бөгөөд China Railway International компани болон Индонезийн төрийн өмчит дөрвөн компанийн консорциум хамтран гүйцэтгэсэн байна. Тодруулбал, нийт өртгийн 75 хувийг БНХАУ-ын Хөгжлийн банкны зээлээр, 25 хувийг дотоодоосоо шийдсэн байна.

Төсөл 2016 онд эхэлж, 2019 онд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн ч, газар чөлөөлөлт, байгаль орчны асуудал, коронавирусийн цар тахлын улмаас дөрвөн жил хойшилсон аж. Түүнчлэн анх 4.3 тэрбум ам.доллараар хэрэгжихээр төлөвлөсөн байсан ч, бараа материалын үнэ өссөнтэй холбоотойгоор өртөг нь 7.3 тэрбум ам.доллар болж нэмэгджээ.

Indonesia High Speed Railway

Индонезийн Ерөнхийлөгч Жоко Видодо “Эдийн засгийн хувьд асар үнэтэй туссан ч, манай улсын хөгжилд өндөр хурдны төмөр зам олон талын ашиг тустай” гэдгийг онцлон тэмдэглэжээ.  Харин Тээврийн сайд нь “Америк, Европ, БНХАУ, Япон зэрэг улсын технологи бидэнд хэрэгтэй байна. Технологийн дэмжлэг үзүүлбэр манайх үсрэнгүй хөгжиж чадна” хэмээж, олон улсын технологийн дэмжлэгээр дэд бүтцээ хөгжүүлэх байр суурьтай байгаагаа илэрхийлсэн байна.

Энэ сард БНХАУ-ын Бээжин хотноо “Нэг бүс, нэг зам” олон улсын форум болох бөгөөд Индонезийн Ерөнхийлөгч уг үйл ажиллагаанд оролцож, хамтын ажиллагааны үр дүнгийн талаар мэдээлэл хийх төлөвтэй байгаа юм.