Монгол Улсад хүүхэд алга болсон дуулиан, шуугиантай зэрэгцэн үргэлж сөхөгддөг асуудал нь камержуулалт. "Алгын чинээ сумаа камержуулсан бол алдрай бяцхан охиныг олох байсан даа" гэж бид 2017 онд улс даяараа халаглаж, найман настай хүүхдийн эрэлд гарсан ч өнөөг хэр олдсонгүй. Энэхүү эмгэнэлт хэргээс хойш зургаан жил болжээ. Харин бид мартсан.
Түүнээс хойш юу ч өөрчлөгдсөнгүй. Дахиад л Дорноговь аймагт өсвөр насны хүүхэд бусдын гарт онц ноцтойгоор амиа алдахад өнөөх л камержуулалтын асуудлаа ярьсаар, хөндсөөр байгаа нь даанч эмгэнэлтэй биш гэж үү. Яагаад бид хүүхдийн асуудал сөхөгдөх бүрт өөрсдийнхөө арьсыг хамгаалж, өмгөөлөх аргаа олж яддаг юм бэ. Дорноговь аймаг хил гаальд ойр, хүн ам цөөтэй ч дэд бүтэц сүүлийн үед нэлээд хөгжиж байгаа газар.
Цаашлаад явуулын хүн ихтэй, олны хөл хөдөлгөөн тасардаггүй атлаа яагаад сайн чанарын камер тавьж болохгүй байсан хэрэг бэ. Дагаад арчилгаа хяналтыг яагаад хийдэггүй юм бэ. Төрийн мөнгө уйлдаггүй гэсэн шиг “хүн айлгах” зорилготой хэдэн юм зоочхоод “говийн салхи шуурганы аяыг дийлэхгүй байна” хэмээн удирдлагууд тайлбарлах нь даанч өрөвдөлтэй. Нэгэнт бүс нутгийн онцлог иймээс хойш дорноговьчууд хүүхэд хамгаалал, камержуулалт, асуудалтай гэр бүлийн тэмдэглэгээг сайтар хиймээр байгаа юм. Хэдэн хүүхдийн амиар нутаг орныхоо бүс бүсчлэлд зориулсан ажил хийхийг дорноговьчуудаас харж байя. Дахиад ч ийм үйлдэл давтагдахгүй гэх баталгаа байгаа юу.
Нөгөөтээгүүр, хот, хөдөөгүй хүүхэд алга болсон, эндсэн асуудал бол камераас гадна стандартгүй явсны 100 жилийн гай. Улсын нийслэл Улаанбаатарт гэхэд үзэгдэх орчин хязгаарлагдмал ундуй сундуй барилга байгууламж, зам талбай, сараалжсан хашаа хашлага, эмх замбараагүй газар олголтоос энэ бүхэн үүдэлтэй, бас холбоотой.
Хэдхэн хоногийн өмнө Стандарт хэмжил зүйн газар 100 жилээ хийгээд сүр дуулиантай баяраа тэмдэглэж байна билээ. Стандартын 100 жил биш стандартгүй явсны 100 жил юм аа гэвэл үнэнд илүү ойрхон сонсогдсоныг нуух юун. Хэрэв стандарттай байсан бол шинээр ашиглалтад орж буй барилгууд адаглаад цонхны хаалттай байх байв.
Нэг нэгнийхээ үзэгдэх орчинг хязгаарласан барилга байгууламжийг дуртай газраа барихгүй байлаа. Зам талбай бүр хурд сааруулагчтай, тодоос тод тэмдэглэгээ, гэрэлтүүлэгтэй болох байсан биз. Цаашлаад бүхий л газар явган хүний замтай, гэрлийн шонгийн утас нь цухуйж хүүхдийн амийг авахгүй байхаас ой тэмдэглэх хэмжээнд энэ салбарыг хөгжүүлсэн үү гэдгээ ярих ёстой билээ. Стандарт яриад мэргэжлийн шаардлага тавихаар төрийн байгууллагууд цалингаа голж, хүн хүч дутагдалтай гэдгээ үргэлж өмнөө барьж өнөөг хүрсэн. Тэгсэн атлаа нийгмийн тулгамдсан зүй ёсны өчнөөн асуудалд стандартын шаардлага тавьдаггүй, хуулиа хэрэгжүүлдэггүй, өнөө маргаашаа бодсон шийдвэр гаргасаар уландаа гишгэж орхив. Өнөөдөр төрийн байгууллага, УИХ-ын гишүүд дунд ч стандарт ярьдаг, стандарттай байх шаардлага тавьдаг ганц хүн нь Шадар сайд С.Амарсайхан гэхэд хилсдэхгүй.
Ганц дайчин ганцаардахгүй гэдэг шиг холбогдох байгууллагад нь шаардлага тавьж, хууль эрх зүйн орчныг шинэчилж, өөрчлөх талаар хэлдэг, ярьдаг ч дэмжлэг багатай л гурван жилийг үзэж байна шүү дээ. Тэгэхээр ганц хүний үг хүчгүй байгаа учраас бусад сайд, дарга нараас ч гэсэн стандартаа нэхэж, шаардмаар байна. Хүүхэд хамгааллын асуудал ярихаар алдсан хойноо нийтээрээ, нийгмээрээ гэмшдэг биш хариуцдаг газар, албан хаагчдаас стандартаа нэхэж, хуулиа хэрэгжүүлж ажиллахыг шаардмаар байгаа юм. Үнэхээр стандартын шаардлага хангадаггүй ямар ч ажлыг хүлээж авдаггүй, дүгнэлтийг нь өгдөггүй чанга байя. Хүндээ, хүүхдэдээ хүртээмжтэй байдлаар ажиллаж, үлдэх үр хүүхдийнхээ төлөө өнөөдрөөс стандартаа нэхэж эхэлье. Стандартгүй 100 жилийнхээ алдааг хамтдаа засмаар байна. 1.2 сая хүүхдийн эрхийг хамгаалсан шиг хамгаалъя.
Ард иргэдийн татварын мөнгийг тендер нэрээр зарж үрэхдээ хамгийн чанартай сүүлийн үеийн камерыг хот, хөдөөгүй нийлүүлье. Давхар арчилгааг нь ч сайн хийе. Гэхдээ тендерийн шалгаруулалтаа хуулийн дагуу хийж, цавчаа хийдэггүй хариуцлагатай хувийн байгууллагад хариуцуулж, төр камерын аянаас савраа татмаар байна.
Нэг үгээр хэлбэл, төр биш хувийн хэвшилд үүнийгээ даатгаад төлбөрөө төлдөг системээр явах нь зөв юм байна. Харин хувийн хэвшил ашиглалт, аюулгүй ажиллагаагаа хариуцаад үүнийхээ хариуд төрөөс мөнгөө аваад явчихдаг систем рүү орох цаг нь болжээ. Үүнээс гадна төрийн нэрээр тендер зарлахдаа хамгийн хямдыг гэж зааж өгдгөөс чанаргүй, жилийн насгүй эд зүйлс хаа сайгүй бий болов. Үүнийг хуульдаа өөрчлөлт оруулж чанартайг хэмээн сонгохгүй бол нүд хуурсан камер дахиад ч хэдэн зуун, аймаг суманд гоёл төдий өлгөгдөх билээ. Төгсгөлд нь хэлэхэд, стандарттай газар, сайн чанарын камертай байхад бид хамар дороосоо хүүхдүүдээ алдахгүй байх аа.