“Times of India” сонин Монголд заавал аялах ёстой есөн шалтгааныг нэрлэжээ.
Шалтгаан 1: Онгон зэлүүд байгаль, өвөрмөц тогтоц амар амгаланг эрэлхийлэгчид болон адал явдал хайгчдад яг тохирно. Нүд булаах энэ нутгаас та нүүдэлчдийн баялаг соёл, уламжлалыг агуулсан онгон байгаль, уудам тал нутгийг харах боломжтой.
Шалтгаан 2: Цэнхэр тэнгэрийн орон гэгддэг Монгол орон хачин жигтэй, гайхамшигт байгалийн тогтоцтой. Өндөр уулсаас эхлээд өргөн уудам тал нутаг, элсэн манхантай. Байгалийн гайхамшигт гоо үзэсгэлэн, нам гүм байдлаараа таныг байлдан дагуулах нь гарцаагүй. Нар жаргахад тэнгэрт мянга мянган одод түгэж, гараа сунгахад хүрч чадах мэт мэдрэмж төрүүлнэ.
Шалтгаан 3: Гуравдахь шалтгаан бол зэрлэг байгаль. Монголын баруун талаас өндөрт нисэх бүргэд, хойд хэсгээс цаа буга, өмнөд хэсгийн элсэн цөлөөс дураар бэлчээрлэх тэмээн сүргийг харах боломжтой. Аялагчид урьдчилан төлөвлөж, өөрийн хүсэл сонирхол, үзэхийг хүссэн зүйлсийнхээ дагуу газраа сонгох хэрэгтэй.
Шалтгаан 4: Гурван сая гаруйхан хүн амтай, бараг тал нь нийслэл Улаанбаатар хотдоо амьдардаг учир уудам газар нутагт аялагчид байтугай өөр хүнтэй ч таарах магадлал бага. Гэхдээ Монголын аялал жуулчлалын салбар өсөлттэй байгаа бөгөөд олон орноос шууд нислэгийн холболт сайжирч байгаа. Тиймээс олон аялагчгүй байгаа дээр нь эвдрээгүй, онгон зэлүүд байгалийг харах боломжтой.
Шалтгаан 5: Хэдийгээр энгийн амьдралын хэв маягтай ч, монголчууд ер бусын зочломтгой зангаараа алдартай. Нүүдэлчид өөрсдөө гол гэртээ байрлаж, эсгий модоор хийсэн уламжлалт сууц болох илүү гэртээ зочдоо хүлээж авдаг. Тэд зочдыг хүлээн авч, баялаг соёлоо тэдэнд хуваалцахыг үргэлж хүсдэг.
Шалтгаан 6: Улаанбаатарт та олон улсын төрөл бүрийн хоолыг идэх боломжтой. Гэхдээ хөдөө орон нутагт нүүдэлчдийн хоол хүнсний гол хэсгийг мах, сүүн бүтээгдэхүүн бүрдүүлдэг. Энэ хүнс нь тэднийг хатуу ширүүн өвлийг даван туулахад тусладаг юм. Үдийг зугаатай өнгөрүүлэхийг хүсвэл нүүдэлчин гэр бүлтэй монгол банш чимхэх боломжтой.
Шалтгаан 7: Монголд Н.Алтанхуяг ба түүний Намнаа академи Морин харвааг хөгжүүлж байна. Нутгийн иргэд ч морин спортын ур чадвараа ахиулж, монгол харвааны суурь мэдлэгт суралцах болсон. Зуны улиралд долоо хоног бүр үйл ажиллагаа зохион байгуулдаг бөгөөд шинээр элсэгчдэд зориулсан өдрийн сургалтыг ч хийдэг.
Шалтгаан 8: Монголын баруун хязгаарын казах ард түмэн уламжлалт аргаар бүргэдийг гаршуулж, чоно шиг ан агнуурт сургадаг. Ес, аравдугаар сард Алтайн уулсын баруун хэсэгт зочилж, олон зууны турш уламжилж ирсэн Казах ард түмний бүргэдийн фестивалийг нүдээр үзэх боломжтой.
Шалтгаан 9: Азиас Зүүн Европ хүртэл Эзэнт гүрнийг байгуулсан хүчирхэг дайчин гэдгээрээ дэлхий дахинаа танигдсан Чингис хааны өлгий нутаг. Монголд түүнийг улс үндэстнийг үндэслэгч хэмээн хүндэтгэдэг. Улаанбаатарт түүний нэрээр нэрлэсэн олон бизнес байхаас гадна 40 метр өндөр морьт хөшөө бий. Жуулчид нэгэн цагт их хааны захирч байсан өргөн уудам нутаг дэвсгэрийг үзэхийн тулд морины хүзүү хүртэл гарах боломжтой байдаг.