НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш Израилын армийн ширүүн дайралтад өртөж буй Парестины Газын зурвас “Хүүхдийн оршуулга” болж буйг онцолж, түр хугацаанд галаа зогсоохыг шаардлаа.
Тэрбээр Нью-Йорк хот дахь төв байрандаа хэвлэлийн бага хурал хийсэн бөгөөд энэ үеэр “Сөргөлдөгч талууд болон олон улсын хамтын нийгэмлэгүүдэд үүссэн хүмүүнлэг бус байдлыг таслан зогсоох, Газын зурваст үзүүлэх хүмүүнлэгийн тусламжийг илүү өргөн хүрээтэй болгоход шууд болон шууд бусаар хүлээсэн үүрэг бий” гэдгийг онцолж, энэ бол хүн төрөлхтний хямрал хэмээжээ.
Аравдугаар сарын 7-нд Израилын арми, Палестины Хамас бүлэглэлийн хооронд ширүүн мөргөлдөөн эхэлснээс хойш Газа дахь эрүүл мэндийн байгууллагын мэдээллээр 10222 хүн нас барсаны 4000 нь хүүхэд байна. Мөн ажил үүргээ гүйцэтгэж яваад 36 сэтгүүлч амь үрэгджээ. Антонио Гутерреш “Арга зам тодорхой. Нэн даруй галаа зогсоох шаардлагатай байна. Оролцогч бүх талууд олон улсын хүмүүнлэгийн эрх зүйн хүрээнд хүлээсэн үүргээ биелүүлэх ёстой” гэв. Тэрбээр энэ удаа Израилыг нэр заасангүй. Гэхдээ өнгөрөгч сард Аюулгүйн зөвлөлийн хуралдаан дээр Израилыг хүмүүнлэг хуулийг зөрчсөн хэмээн буруутгаснаар тус улсын ширүүн эсэргүүцэлтэй тулгарч байсан юм.