Дэлхийн далайн аялалын түүхэнд тод хараар бичигдэн үлдсэн хамгийн эмгэнэлтэй, бас сургамжтай нь яах аргагүй Титаник хөлөг мөсөн уул мөргөн осолдсон явдал юм. Тэртээ 1912 онд болсон эмгэнэлт бодит түүхээс сэдэвлэсэн “Титаник” кино ч Оскарын хамгийн олон номинацид тэргүүлж байсан удаатай. Энэ утгаараа хэчнээн чанартай уран бүтээл болсон нь илхэн.
Кино 1997 онд дэлгэцнээ гарч, дэлхий даяар хит болж байлаа. Кино зохиолыг бичсэн алдарт найруулагч Жэймс Камерон “Титаник”-т 1912 оны дөрөвдүгээр сарын 15-нд осолдсон Титаник хөлөгт зорчиж явсан өөр өөр нийгмийн гаралтай ч, нэг нэгэндээ ухаангүй дурласан Роза, Жек Даусон нарын хайр сэтгэлийн тухай өгүүлсэн байдаг. Мөн тэдний хайр сэтгэлийг “далайн зүрх” зүүлтний түүх, хөлгийн ахмадын ахуй байдалтай уялдуулан бичсэн нь кино шүүмжлэгчдээс өндөр үнэлэлт авсан байдаг билээ. Ингэж л, зүрхэн хэлбэртэй хөх өнгийн зүүлт алдаршиж, ийм загварын үнэт эдлэл зах зээлд үнэд орж эхэлсэн байдаг юм.
Кинонд Францын 16 дугаар Людовик хааны хэрэглэж байсан алмазан хүзүүний зүүлтийг Розагийн чинээлэг сүйт залуу Каледон Хокли хуримын бэлэг болгон бэлэглэж буй тухай гардаг шүү дээ. Тэгвэл үнэхээр Титаник хөлөгт “Далайн зүрх” зүүлт байсан уу, эсвэл Камероны зохиомол түүх үү гэдгийг уншигчиддаа сонирхуулж байна.
Үнэндээ, бодит байдалд ийм зүүлт байжээ. Кинонд гардаг шиг бодит хайрын түүх, бас бодит хүзүүний зүүлт ч байжээ. Түүхэнд тэмдэглэгдсэнээр Титаник хөлөгт зорчиж явсан Кэйт Флоренс Филиппс гэх бүсгүйд түүний дурлалт залуу Хэнри Самуэл Морли хайр сэтгэлийн бэлэгдэл болгон хөх шигтгээ бүхий зүүлт бэлэглэж байсан аж.
“Далайн зүрх”-ийн бодит амьдрал дахь эмгэнэлт түүх
Кэйт жирийн нэгэн дэлгүүрийн худалдагч бүсгүй байсан гэдэг. Тэрбээр өөрийн ажиллаж байсан дэлгүүрийнхээ босст ухаангүй дурласан бөгөөд тэр нь Хэнри байлаа. Хэнри бүсгүйгээс 20 насаар ах нэгэн байсан төдийгүй өөрийн гэсэн амьдралтай, эхнэр хүүхэдтэй байжээ.
Гэхдээ 1912 оны тэрхүү хар өдөр Хэнри эхнэр, хүүхдээ орхиж, хайр сэтгэлээ даган шинэ амьдрал эхлүүлэхээр Кэйттэй хамт Маршалл гэх нэрээр “Титаник” хөлөгт зорчиж явсан байдаг. Гэвч, хөлөг онгоц нь Атлантын далайд осолдох үед Хэнри амь үрэгджээ. Энэ ослоос Кэйт амьд үлдсэн. Гэхдээ хэвлийдээ хүүхэд тээж, басхүү нас барсан хайртынх нь бэлэглэсэн зүүлтнээс өөр юу ч үгүй үлджээ.
Ослын дараа Кэйт 1913 оны нэгдүгээр сарын 11-нд охин Элленээ төрүүлжээ. Тэрээр 1918 онд Брентфордод Фредерик Х.Ватсон гэгч эрхэмтэй гэрлэсэн ч, удалгүй сэтгэцийн өвчинөөр өвчилсөн тул охиныг нь өвөө, эмээ нь өсгөсөн байна. Кэйт 1964 оны гуравдугаар сарын 27-нд нас барсан бол Эллен охин 2005 он насан эцэслэсэн аж.
Эллен амьдралын хүнд нөхцлийн улмаас ээжийнхээ зүүлтийг Флоридад амьдардаг нэгэн эмэгтэйд арилжжээ. Уг эмэгтэй насан эцэстлээ зүүлтийг эзэмшсэн бөгөөд нас барсных нь дараа Титаникийн музейд хандивласан байна.
“Далайн зүрх” гэх хөх алмазан зүүлтний түүхийг ийн Кэйтийн амьдралаас сэдэвлэжээ. Гэхдээ оргинал зүүлт нь хөх алмаз биш, хөх өнгийн сапир гэх чулуу байдаг гэнэ. Хэлбэр нь ч зүрх биш байв. Зохиол хэдий зохиомол ч, тухайн үед тэрхүү зүүлтийг “Тэнгисийн дурлал” хэмээн нэрийддэг байсан гэнэ. Титаник хөлгийн осолтой хамт төгссөн Кэйт, Хэнри нарын эмгэнэлт дурлалаас сэдэвлэн Жек, Роза нарын дурлалын түүх ч кинонд амилсан хэрэг.
Кинонд ашигласан зүүлтийг Лондонгийн үнэт эдлэлийн “Asprey & Garrad” хөх өнгийн циркон чулуу, цагаан алт ашиглан 10 мянган ам.доллараар бүтээжээ. Харин одоо бол дэлхийн хамгийн үнэтэй зүүлтэд зүй ёсоор тооцогдох бөгөөд зах зээлийн үнэлгээ нь хагас тэрбум ам.доллар болсон.