ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

ХӨНДӨХ СЭДЭВ: С.Бямбацогт, Ж.Энхжаргалан хоёр эвлэрч, төрийн мөнгөөр тоглосоор байх уу

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2023-11-13

“Төрийн мөнгө уйлдаггүй”  гэдэг шиг  Зам тээвэр, хөгжлийн сайд С.Бямбацогтын увайгүй үйлдэл арай л хэрээс хэтэрлээ, Ерөнхий сайд аа. Түүний хувь  “Драгон” төв нь эрүүл ахуйн шаардлага хангахгүй байгаа учраас нүүлгэн шилжүүлэхээс өөр аргагүй боллоо хэмээгээд хэдхэн сарын өмнө Толгойт өртөөнд байрлах "Номин"-гийн агуулах худалдааны хэсэг рүү тээврийн төвийг нүүлгэн шилжүүлж байсан нь саяхан.

Гэтэл өнөөх “Драгон” төвийн боссын хүргэн буюу Ж.Энхжаргалан гэгч нь бүхэл бүтэн сэтгүүлчдийн арми хөлсөлж байгаад түүнийг нууц амрагаа төрийн томилолтод авч явдаг, “Номин”-гийн Ш.Баярсайхантай халаас нэгтэй гэх мэтээр мэдээлэл түгээж, бичиж байсан нь саяхных. Ердөө гурван сарын дараа харин нөгөө хоёр маань эвлэрлийн гэрээнд гарын үсэг зураад зогсохгүй, эргээд “Драгон” руу зургаан аймгийг шилжүүлэх шийдвэрийг хэнд ч мэдэгдэхгүй гаргасныг нь Ж.Энхжаргалан уучлалт гуйсан мэдэгдэлтэйгээ зэрэгцүүлэн сошиал орчинд түгээв.

Бүхэл бүтэн Монгол Улсын зам тээврийн асуудлыг хариуцчхаад ганц төвийг нааш, цааш нүүлгэн шилжүүлж, "тоглох"-оос  өөр ажилгүй сайд энэ төрд байж болох юм уу, Ерөнхий сайд аа. “Драгон” авто тээврийн үндэсний төвийг өнгөрөгч наймдугаар сард нүүлгэн шилжүүлэх шийдвэр гаргаж, Толгойтын 18-102 тоотод байрлах “Номин реалтор” компанийн байр руу явуулснаас хойш сардаа бараг 20 орчим сая төгрөгийн түрээсийг тэнд төлж буй нь үнэн.

Тухайн үед энэхүү шийдвэрийг олон нийт болон мэргэжлийн зарим байгууллагууд хүртэл шүүмжилж, хэвлэлийн хурал хийж байлаа. Өөрөөр хэлбэл, Драгоноос хот хоорондын 48 чиглэлд 58 аж ахуйн нэгж, байгууллагын 700 гаруй автобус орон нутгийн иргэдэд үйлчлэхэд ямар ч саад бэрхшээл байгаагүй байсан. Жилд дунджаар 1.5 сая зорчигч тээвэрлэдэг, тэр хэрээр мөнгөний урсгал сэлгэж байдаг газар.

Гэсэн ч С.Бямбацогт сайд “Энэ газарт тээврийн төв байх ёсгүй. Стандарт, эрүүл ахуй алдагдсан. Мөн шинээр барилга баригдаж байгаа, хэн ч юу ч гэж гүтгэсэн би шийдвэрээсээ ухрахгүй” хэмээн сүржин мэдэгдэл хийж, тэднийг үл тоомсорлож, нүүлгэх шийдвэр гаргаж байв. Үнэндээ олон жил С.Бямбацогттой, С.Бямбацогтгүй иргэдэд үйлчлээд ирсэн газар байхад толгой мэдэн нүүлгэж, төрийн мөнгөөр туйлсан шийдвэрийнх нь бэх ч хатаагүй байгаа шүү. Гэтэл эрхэм сайд хүргэн хүүгийн үг, баримт шүүмжлэлээс айсан уу Төрийн ордонд дуудаж уулзан ханцуй дотроо наймаалцаж, дахин иргэдийг төөрөлдүүлэх, чирэгдэл учруулах шийдвэр гаргачихлаа.

“Драгон” төвийг хоёр хуваах буюу Төв, Дундговь, Өмнөговь, болон Сэлэнгэ аймаг чиглэлийн үйлчилгээнүүдийг өнөөдрөөс эхлэн "Драгон Холдинг" ХХК-ийн байрнаас буюу хуучин газраас нь тээвэрлэхээр болжээ. Мөн Дархан-Уул, Орхон чиглэлийн такси үйлчилгээ ч тус төвөөс тээвэрлэлт гүйцэтгэх шийдвэр гаргасан аж. Ингэж иргэдээр бас төрийн мөнгөөр тоглож болдог хэрэг үү, сайд аа. Хуучин нэг төвөөс бүх чиглэлд үйлчилгээ аваад, нэг газар түрээсээ төлөөд яваад болоод байсан зүйлийг өөрчилж иргэнд ч, төрд ч баахан хүндрэл чирэгдэл учруулчихлаа шүү дээ.

Төрийн мөнгөөр туйлж болдог хэрэг үү. Ингэж эргэж, хургасан шийдвэр гарах байсан юм бол сайдын суудлаар далайлгаж нүүлгэж мөнгө үрэх шаардлагатай байсан юм уу. Эндээс харвал Ж.Энхжаргалантай тохиролцож, зургаан аймгаар наймаалцсан үйлдлийнхээ цаана энэ нөхрөөс айх, шантаажинд нь орох шалтгаан байсан бололтой. Төрийн мөнгө, иргэд ч таны тоглоомын шийдвэрийн золиос биш юмсан.

Эргэж хургасан энэхүү шийдвэрээс чинь болоод хэчнээн их чирэгдэл, түгжрэл нэмэгдэж, иргэд аль учраа олохгүй сандарч будилж байгаа бол. Хоёр газар түрээс төлөх хүртлээ бид баяжсан төр данхайсан, мөнгөө үрж ядсан хэрэг үү. Нөгөөтээгүүр, цахим орчинд Ж.Энхжаргалангийн тавьсан мэдээллүүд үнэн гэдэг нь ил болж, иргэний шантаажид автаж төрийн мөнгийг үргүй зарж, иргэдэд чирэгдэл учруулж байна гэж ойлголоо шүү, эрхэм сайд аа.