ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

У.Ганбат: Бичлэг үзэхийн тулд гарын үсэг зур гэхээр нь татгалзаад гарч ирлээ

O.Admin
2023-11-15

Хилийн цэргийн 0326-р ангид алба хаахаар очсон дөрөвдүгээр дамжааны оюутан энэ сарын 13-ны өдөр орондоо амиа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ. Талийгаач хүү гадны нөлөөтэй нас барсан эсэх талаар өнөөдрийг хүртэл тодорхой хариу гараагүй бөгөөд өнөөдөр ЦЕГ-аас өгсөн мэдээлэлдээ “Хүүгийн цогцост задлан шинжилгээ хийсэн. Хариу нь 14 хоног ба түүнээс удаан хугацааны дараа гарна. Тэр үед мэдээлэл өгнө” хэмээгээд цэргийн ангийн бичлэгийг талийгаачийн аав болон түүний хууль ёсны өмгөөлөгчид өнөөдөр үзүүлнэ гэж мэдэгдсэн.

Тэгвэл хүүгийн аав У.Ганбат өнөөдөр ЦЕГ-т бичлэгийг үзэхээр ирсэн ч зөвхөн коридорын бичлэг гэхэд л хоёр өдрийн маш урт хугацааны мөн гарын үсэг зурсан тохиолдолд үзүүлнэ гэсэн учраас үзэхээс татгалзан гарч ирсэн талаараа мэдээлэл өгөв.

Тэрбээр, “Бичлэг би үзье гэхэд маш урт хугацааны буюу 24 хоногийнх юм байна. Тийм учраас би үзэхээс татгалзлаа. Өдөржин болж байгаа процессыг тэр олон хоногоор үзэхэд хугацаа хэрэгтэй. Ажил явдлынхаа ард хугацаа гаргаж үзье гэж шийдлээ. Тэгэхгүй ажил явдлын хажуугаар тэрийг үзээд суух аргагүй байна. Би ажил явдлаа өнгөрүүлээд гомдлоо бариад явна. Би эрүүл хүүхдээ өгсөн, эргүүлээд авах ёстой байсан. Миний хүүхэд эрүүл гээд л аваад явсан шүү дээ, бүх эмч нар нь үзсэн. Даруухан, хүний үгэнд ордог, толгой сайтай хүүхэд байсан. Намайг бичлэг үзэхийн тулд гарын үсэг зур гэхээр нь гарын үсгээ зурсангүй. Тэр бичлэгийг үзэхгүй л гэлээ” гэв.

Харин хууль ёсны өмгөөлөгч П.Эрхэмбаяр “Хохирогчийн хууль ёсны албан ёсны төлөөлөгчөөр аав У.Ганбатыг томиллоо. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эхний мэдүүлэг өглөө. Цагдаагийн байгууллагаас үзлэг буюу камерын бичлэгт үзлэг хийх боломжоор хангасан. У.Ганбат гуайн хувьд ажил явдал зэргээ харгалзаад маш олон цаг зарцуулах нь гэж үзээд татгалзлаа. Гэхдээ шүүх рүү шилжихээс өмнө бүгдтэй нь нэгбүрчлэн танилцана. Шууд үзэхээс татгалзсан гэсэн үг биш. Есөн хүсэлт гаргаж тавилаа.

Хавтаст хэрэгтэй холбоотой бэхжүүлэх нэн шаардлагатай асуудлууд бас бий. Ор хөнжил, өмсөж байсан хувцас, хумс зэрэг бусад шинжилгээг авах, гутал хувцсыг хэр эвхэж тавьсан зэрэг мөрдөн шалгах ажиллагаанд чухал ач холбогдолтой ажлуудыг хийж гүйцэтгэх хүсэлт тавилаа. Мөрдөн шалгах ажиллагаатай холбоотой баримтуудыг мөн сайн хадгалах хүсэлт тавилаа. Бид хэргийн оролцогч болж байгаа учраас үүнээс цааш мэдээлэл өгөх боломжгүй боллоо.

Хэрэг шүүх рүү шилжих үед нууц биш болдог. Тэр болтол эндээс олж авсан мэдээлэл, зураг, бичлэг, шүүх шинжилгээний дүгнэлтийг тавих юм бол бид өөрсдөө хариуцлага үүрэх болно. Гэхдээ цагдаагийн байгууллага бүгдийг нууцалж, хэргийн ул мөрийг баллуурдахгүй байх чиглэлд өмгөөлөгчийн хувьд хяналт тавина. Ажил явдалтай учраас нууцын баталгаанд гарын үсэг зурахгүй гээд гарч ирлээ" хэмээлээ.