Монгол Улсад сүүлийн жилүүдэд үзэгдэх гамшгийн тоо тасралтгүй өссөн үзүүлэлттэй гарч, бидний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрсдэл алхам тутамд нэмэгдэж байгааг мэргэжлийн байгууллагуудын зүгээс байнга мэдээлж, сэрэмжлүүлдэг билээ.
Гэвч иргэдийн хайхрамжгүй байдал мэдлэг, мэдээлэл хангалтгүйн улмаас амь насаа алдах тохиолдол жил ирэх бүр нэмэгдэж байна. Бид эрсдэлээс хэрхэн өөрийгөө болон бусдыг хамгаалах вэ. Энэ талын ойлголт хангалттай юу. Цаашлаад эрсдэлийг хэрхэн даван туулах вэ зэрэг чадамж нэн шаардлагатай болоод буй. Тэгвэл энэ талаарх мэдээ мэдээллийг өгөхөөр Шадар сайд С.Амарсайханы ивээл дор Төрийн ордонд “Эрсдэл ба Стандарт” үндэсний чуулган өнөөдөр эхэллээ.
Энэхүү чуулган арваннэгдүгээр сарын 22–ыг дуустал үргэлжлэх бөгөөд төр, иргэний нийгэм, олон улсын байгууллагууд, эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагууд, аж ахуйн нэгж, бизнес, жижиг дунд үйлдвэр эрхлэгчид, хэвлэл мэдээлэл зэрэг 1500 хүний төлөөлөл оролцож, эрсдэл стандартын талаарх нөхцөл байдлын тухай санал бодол, байр сууриа илэрхийлж байна.
Тус үйл ажиллагааг нээж, Шадар сайд илтгэлдээ "Өнөөгийн Улаанбаатар хот нь стандарт алдагдсаны тод жишээ бөгөөд тухайн улсын нийт хүн амын 7-14 хувь нь нийслэлдээ оршин суудаг бол үүнийг стандарт хэмжээ гэж үздэг. Монгол Улсын нийт хүн амын 50 хувь нь нийслэл хотдоо амьдардаг. Энэхүү үзүүлэлт нь стандарт хэмжээнээс даруй 3.5-7 дахин их байна гэсэн үг.
Стандарт бол нэг агентлагийн эсвэл нэг салбарын асуудал биш. Нийт улс орны эрх ашиг, ард иргэдийн аюулгүй байдлыг хангах чухал эд эс нь юм. Хаана стандарт бодитоор хэрэгжиж мөрдөгдөнө, тэнд амар тайван амьдрал, хөгжил дэвшил цэцэглэнэ. Хүн амын амьдралын чанар сайжирна.
Харин хаана стандарт алдагдана, тэнд аюулын харанга дэлдэж, ажилгүйдэл ядуурал нэмэгдэж, хөгжил боомилогдож байдаг. Шадар сайдын хувьд, гамшгийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний хувьд салбар бүрт стандарт мөрдөж хэвшүүлэх талаар илүү бодит үр дүн гаргахыг зорьж, “Стандарт ба Хөгжил” үндэсний хөтөлбөрийг боловсруулж, батлан хэрэгжүүлэх хүрээнд “Нэг улс-Нэгдсэн стандарт” үндэсний хөдөлгөөнийг орон даяар эхлүүлээд байна” гэв.
Түүний дараа НҮБ-ын Суурин зохицуулагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Эваристе Коуасси-Комлан “Эрсдэлийн удирдлага ба тогтвортой байдал” сэдвээр илтгэл тавив. Тэрбээр “Бидний зүгээс Монгол Улс дахь гамшгийн эрсдлийн талаарх судалгаа хийсэн. Ирэх оны гуравдугаар сард дүн нь гарна.
Нэн тэргүүнд гамшгийн эрсдэлийг даван туулахад төсөв санхүүжилт сайн байх хэрэгтэй. Ингэснээр гамшгийн эрсдэлийг бууруулж чадна. Цаашлаад инновацийн шийдлүүдийг гаргаж ирэх шаардлагатай. НҮБ-ын зүгээс тогтвортой хөгжлийн зорилтыг санхүүжүүлэхэд чиглэн ажиллаж байна. Тэр дундаа хөдөө, аж ахуйн салбарын чадавх ямар байна вэ гэдгийг үнэлээд, шаардлагатай санхүүжилтийг хийнэ” гэж мэдэгдлээ.
Мөн Үндэсний статистикийн хорооны дарга Б.Батдаваа “Нийгмийн эрсдэл ба нөлөөлөх хүчин зүйлс” сэдэвт илтгэлдээ “Өрхийн орлого бага байх тусам, халамжаас хамааралтай болж байна. Цаашлаад эрүүл мэнд, боловсролдоо анхаарах зэргээс хамаараад өрхийн орлогыг нэмэгдүүлэх шаардлагатай. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжихгүй бол энэ нь үе дамжих магадлалтай. Цаашлаад хүүхдийн өсөлтийн хоцрогдол их байгаа.
Тухайлбал, 100 хүүхэд тутмын ес нь өсөлтийн хоцрогдолтой байгаа. Мөн хот, хөдөөгийн боловсролын тэгш бус байдал их байдаг. Тэр дундаа хөдөө, орон нутагт эрэгтэй хүүхдийн боловсрол эзэмших чадвар орхигдож байгаа.
Хоол, тэжээлийн тэгш бус байдалд анхаарахыг маш сайн анхаарахыг давхар сануулъя. Хүн хаана амьдарч байгаагаас үл хамаарч, хөгжилтэй хөл нийлүүлж алхах ёстой. Иймд хот, хөдөөгийн цалин хөлсний ялгамж их байгааг анхааруулж байна" гэв.
Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Г.Ариунбуян “Гамшгийн эрсдэлийн өсөлт” сэдвээр илгэл тавилаа. Тэрбээр “Манай улсад тохиох гамшгийн эрсдэл нэмэгдсэн. Үүнийгээ дагаад амиа алдах эрсдэл их болсон. Үер усны гамшиг сүүлийн 10 жилийн байдлаар нэмэгдсэн. Үерт 100 гаруй хүн амиа алдсан сүүлийн үеийн судалгаа байна. Цаашлаад газар хөдлөлт зэрэг байгалийн давагдашгүй хүчин зүйлийн нөлөөлөл их байгаа.
Иймд ард иргэдийг гамшгийг даван туулах, эрсдэлийг бууруулах мэдлэг, мэдээлэл түгээхэд чиглэн ажиллах шаардлагатай"-г сануулж байв. Өөрөөр хэлбэл, хот суурин газрууд үерийн эрсдэлийг бууруулахаар нэлээд анхаарах хандуулах нь зүйтэй. Гамшгаас сэргийлэх үндэсний чадавхийг нэмэгдүүлэх, эрсдэлийн даатгалын тогтолцоог сайжруулах, гамшгийг бууруулах эрх зүйн орчныг бүрдүүлэх, Монгол хүн ба эрсдэлийн аян үндэсний хөтөлбөр хэрэгжүүлэх, гамшгаас хамгаалах иргэдийн мэдлэг, мэдээлэл, ойлголтыг сайжруулах, хот төлөвлөлтийн стандарт, дүрэм журмыг хэрэгжүүлэх шаардлагатайг анхаарууллаа.
"Мандал санхүүгийн нэгдэл"-ийн Чэйрман Ө.Ганзориг “Эрсдэлийн менежмент” сэдвийн хүрээнд “Эрсдэл хүн анх үүссэн цагаас эхлээд бий болсон. Хүний эргэн тойронд олон талын эрсдэл байдаг. Тэр дундаа бид гамшгийн эрсдэлийг ярьж байна. Олон төрлийн эрсдэлийг зохицуулж, төлөвлөхийг эрсдэлийн менежмент гэдэг. Ийм л энгийн ойлголт шүү дээ. Олон улсын судалгаагаар Монгол Улсын иргэд эрүүл аюулгүй орчинд амьдарч чадахгүй байна. Нэн эрсдэлтэй орчинд амьдарч байгаа талаар судалгаа гаргажээ. Бусад улстай харьцуулахад өндөр байна.