ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Хаяаши Шиничиро: Япончуудад ямар бүтээгдэхүүн таалагддаг вэ гэдгийг судлах ёстой

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2018-09-10

Монгол, Японы найрамдлын нийгэмлэгүүдийн хоёрдугаар хуралдаан өчигдөр Гадаад харилцааны яаманд боллоо. Тус уулзалтад УИХ дахь Монгол, Японы бүлгийн дэд тэргүүн, УИХ-ын гишүүн Л.Болд, Япон улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.Такаока, Ерөнхий сайд асан Д.Содном, Япон улсад сургууль төгсөгчдийн “Жугамо” нийгэмлэгийн тэргүүн Р.Жигжид зэрэг албаны хүмүүс оролцсон юм. Хоёр улсын хамтын ажиллагааны талаар Элчин сайдын зөвлөх Хаяаши Шиничирогоос байр суурийг нь сонирхлоо.

-Хоёр улсын найрсаг харилцаанд  ахиц гарсан гэж дүгнэж байна. Харин таны хувьд юу гэж үзэж байна вэ?

-Хоёр улсын харилцаа маш өндөр төвшинд хүрсэн. Миний харж байгаагаар хоёр улсын харилцаанд ямар ч асуудал байхгүй. Тухайлбал, эдийн засаг болон хувийн хэвшлийн салбарт харилцаа сайн байгаа. Тэр дундаа гадаад худалдаа, хөрөнгө оруулалтын харилцааг улс төрийн төвшинтэй зүйрлүүлвэл бага төвшинд бий. Бусдаар бол хоёр улсын харилцаа маш өндөр төвшинд хүрсэн.

-Гадаад худалдаа тэнцвэргүй байгаа. Үүнийг хэрхэн нэмэгдүүлэх вэ?

-Монгол Улсаас юу худалдаж авах, юу хэрэгтэй вэ. Япончуудад монгол бүтээгдэхүүний юу хамгийн их таалагддаг вэ гэдгийг сайтар судлах ёстой. Монголын талаас идэвхтэй танилцуулж, сурталчилах хэрэгтэй. Хамгийн чухал нь япончуудын дуртай,  бүтээгдэхүүнийг нь экспортлох боломжтой. Жирийн япон хүмүүст Монгол орны онгон дагшин газар нутаг, байгалийн сайхныг үзүүлэх, таниулах ёстой. Монгол талын мэдээлэл япон залуучуудын дунд бага. Үүнийг гадаад худалдаа, соёл, боловсролын  салбарт анхаардаг шиг  нэн тэргүүнд тавих асуудал. Мөн аялал жуулчлалын тоог нэмэгдүүлэхэд бүхий л насныхан ирж амрах нөхцөл бололцоог хангах хэрэгтэй. Тухайлбал, Монгол Улс цаг агаарын хувьд эрс тэс уур амьсгалтай болохоор япончууд монгол гэрт хонож, махан хоол идээд  амрах бололцоо муутай.. Аялагчид  янз бүрийн төвшний хүмүүс байдаг. Тиймээс тэдэнд зориулсан тусгай үйлчилгээнүүд байх ёстой.

-Япон, Монгол оюутнуудын солилцоо, сурч боловсроход нь  дэмжлэг үзүүлэхэд ямар бодлого хэрэгжүүлэх вэ?

-Япон улсын Засгийн газрын тэтгэлэг монгол оюутныг сургах тоо хязгаартай. Энэ нь манай улсын Засгийн газрын асуудал биш. Харин  хувийн байгууллагууд   хүчин чармайлт гаргах хэрэгтэй.