ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Жендэрт суурилсан хүчирхийллээс сэргийлэхэд хөрөнгө оруулахыг уриаллаа

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2023-11-24

- Гэр бүлийн хүчирхийллийн улмаас нас барсан хүний тоо өмнөх оны мөн үетэй харьцуулахад 20 хувиар өсчээ-

Охид эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсооход олон нийтийг татан оролцуулах, жендэрт суурилсан хүчирхийллийн талаарх мэдлэг, ойлголт түгээх зорилгоор жил бүр дэлхий даяар “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян”-ыг 1991 оноос нэг уриа, нэгдмэл зорилгын дор зохион байгуулж ирсэн.

Харин манай улсын хувьд 26 дахь жилдээ аяныг орон даяар зарлаж байгаа юм. Энэ удаа дэлхий дахинаа “Охид эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллээс сэргийлэхэд хөрөнгө оруулъя” гэх уриан дор аяныг зарлаж буй бол манай улс “Хүндлэл хамгийн тод гэрэл” гэх уриан дор зохион байгуулахаар болжээ.

Аян албан ёсоор өнөөдөр эхэлсэн бөгөөд ирэх арванхоёрдугаар сарын 10-ныг хүртэл үргэлжилнэ.  “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян”-ы нээлт Туушин зочид буудлын Сүлд танхимд болж, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа, УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар, Монгол улс дахь НҮБ-ын Суурин төлөөлөгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Эваристе Коуасси-Комлан, Жендэрийн үндэсний хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны дарга Т.Энхбаяр, Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн захирал Н.Арвинтариа нарын албаны хүмүүс, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын алба, төр болон төрийн бус байгууллага, иргэний нийгмийн байгууллага, олон улсын хөгжлийн түншлэгч байгууллагын төлөөлөл оролцлоо.

НҮБ-ын мэдээллээр Монголд хоёр эмэгтэй тутмын нэг нь амьдралынхаа туршид дор хаяж нэг удаа дотнын хамтрагчийн үйлдсэн хүчирхийллийн аль нэг хэлбэрт өртдөг байна. Жендэрт суурилсан хүчирхийллийн 2017 оны судалгаагаар эмэгтэйчүүдийн 10.7 хувь нь 15 нас хүрэхээсээ өмнө бэлгийн хүчирхийлэлд өртөж байсан бөгөөд ихэвчлэн гэр бүлийн гишүүд нь хүчирхийлэгчид байгаа нь сэтгэл түгшээх асуудал юм. Мөн 2023 оны эхний хагас жилийн байдлаар гэр бүлийн хүчирхийллийн улмаас нас барсан хүний тоо өмнөх оны мөн үетэй харьцуулахад 20 хувиар өссөн дүн гарчээ.

Үүнтэй холбоотойгоор Монгол Улс дахь Нэгдсэн Үндэстний Байгууллагаас жендэрт суурилсан хүчирхийллийн эсрэг 16 хоногийн аяныг тохиолдуулан төр, хувийн хэвшил, хөгжлийн түнш, донор, банк, санхүү, иргэний нийгмийн байгууллага, хувь хүмүүст хандан хамтын хүчин чармайлтаа нэмэгдүүлж, тогтвортой хөгжлийн тавдугаар зорилгын хүрээнд жендэрийн эрх тэгш байдлыг хангаж, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх ХҮНДЛЭЛ санаачлагад нэгдэн, хөрөнгө оруулахыг аяны нээлтийн үеэр уриалж байсан юм.

Т.Энхбаяр: Ирээдүйгээсээ битгий мөнгө харамлаач гэж уриалж байна

/Жендэрийн үндэсний хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны дарга/

Мөн Жендэрийн үндэсний хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны дарга Т.Энхбаяр ч аяны нээлтийн үеэр охид эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллээс сэргийлэхэд хөрөнгө оруулахыг уриалахыг уриаллаа. Тэрбээр “Аяныг дэлхий дахины жил бүр өөр уриан дор зохион байгуулдаг. Энэ жилийн хувьд хөрөнгө оруулахыг уриалж байгаа юм. Гэхдээ хөрөнгө оруулалт нь зөвхөн мөнгө биш. Жендэрт суурилсан хүчирхийллийн эсрэг ажиллаж буй хүний нөөц, тэдний бие даасан байдал, хүчирхийллийн хохирогчдыг хамгаалах дэд бүтэц, чадавхи, сургалт, соён гэгээрүүлэх ажил, үйлчилгээ гэх мэтээр бүх шатанд тэнцвэртэйгээр хөрөнгө оруулалтыг тасралтгүй хийхийг уриалж байгаа юм. Нэн тэргүүнд хүчирхийлэлээс урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэхэд чиглэсэн үйл ажиллагаанаас мөнгөө битгий харамлаач. Хүчирхийлэлтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажил бол сэтгэлийнх. Хүн өөрөө хүсч байж л хийдэг амаргүй ажил. Тэр хүмүүст хөрөнгө оруулаач анхаараач. Хүчирхийллийг таслан зогсоох чиглэлээр дан ганц олон улсын байгууллагаас туслалцаа авах биш, Засгийн газар өөрөө нөөцөө хуваарилаач, ирээдүйгээсээ битгий мөнгө харамлаач гэдгийг нэн тэргүүнд уриалмаар байна” гэлээ. Түүнчлэн, ХНХЯ-ны ГББХЗГ-ын дарга Н.Баярмаа жендэртэй суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх чиглэлээр хэрэгжүүлж буй үйл ажиллагааныхаа талаар дараах мэдээллийг өгсөн юм.

ХНХЯ-ны ГББХЗГ-ын дарга Н.Баярмаа: Хүчирхийллийн гэмт хэргийг үйлдэгсдийн 90 хувь нь эрэгтэйчүүд

Keterangan tidak tersedia.

Тэрбээр “Жендэрт суурилсан хүчирхийллийг бууруулахын тулд хүн бүрийн ойлголт хандлагыг өөрчлөх шаардлагатай. Хэдийгээр “Бэлгийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль”, гэрчийг хамгаалах тогтолцоо бүрдүүлэхэд төрийн шат шатны байгууллага, иргэний нийгмийн байгууллагууд ажиллаж байгаа ч, харамсалтай нь гэр бүлийн хүчирхийлэл, жендэрт суурилсан хүчирхийллийн тоо буурахгүй байна. Тиймээс үндсэн суурь шалтгаан болсон жендэрийн хэвшмэл ойлголтыг өөрчлөх ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлэх шаардлагатай байна. Энэ хүрээнд 2016 оноос хүчирхийллийн хохирогчийг хамгаалах, түр хамгаалах нэг цэгийн үйлчилгээний төвийг ажиллуулах болсон. 2016 онд түр хамгаалах нэг цэгийн үйлчилгээний төв 10 гаруй байсан бол одоо улсын хэмжээнд 36 байр байна. Хүчирхийллийн гэмт хэргийг үйлдэгсдийн 90 хувь нь эрэгтэйчүүд байна. Тиймээс эрэгтэйчүүдтэй ажиллах, тэдний зан үйлийг өөрчлөх, тэдэнд чиглэсэн нийгэм, сэтгэлзүйн үйлчилгээ, урьдчилан сэргийлэх сургалт нөлөөллийн ажлыг идэвхжүүлэх шаардлага үүссэн. Иймд иргэний нийгмийн байгууллагуудтай хамтарч, эрэгтэйчүүдэд үйлчилгээ үзүүлэх, сургалт нөлөөллийн ажил хийх, холбон зуучлах үйлчилгээний арга зүй гээд 16 цагийн модул хөтөлбөрийг боловсруулж, 21 аймаг, улсын хэмжээнд сургалт мэдээлэл өгөх ажлыг эхлүүлсэн” гэв.

Мөн тэрбээр жендэрт суурилсан хүчирхийллийн хохирогчийн 90 хувь нь охид, эмэгтэйчүүд, үлдсэн 10 хувь нь эрэгтэйчүүд байдаг гэдгийг тодотгож, эрэгтэйчүүдэд нийгэм сэтгэлзүйн зөвлөгөө үйлчилгээ үзүүлэх үйлчилгээг өргөн хүрээнд зохион байгуулах шаардлагатай байгааг дурьдаж байсан юм.  ХНХЯ-ны ГББХЗГ-ын дарга Н.Баярмаа “Нийслэлийн Хүүхэд гэр бүл хөгжлийн хэлтсийн дэргэд Эрэгтэйчүүдэд нийгэм сэтгэлзүйн үйлчилгээ үзүүлэх төвийг тавдугаар сарын 15-ны өдрөөс ажиллуулсан. Тэндээ эрэгтэйчүүдэд чиглэсэн тусламжийн утсыг ажиллуулж байгаа бөгөөд өнөөдрийг хүртэлх таван сарын хугацаанд тусламжийн утсанд 148 эрэгтэй хандаж, гэр бүлийн хүчирхийлэл, харилцаа, эдийн засгийн хүчирхийллийн асуудлаар зөвлөгөө мэдээлэл авсан байна. 85 эрэгтэй тусламжийн төвд биеэр ирж, ганцаарчилсан зөвлөгөө авсан бол гэр бүлээрээ ирж зөвлөгөө авсан тохиолдлууд ч байна. Нийтдээ 22 гэр бүл буюу 44 хүн гэр бүлээрээ ирж зөвлөгөө авсан байна. Түүнчлэн, аймаг дүүрэгт ажиллаж байгаа сургуулийн дэргэдэх хөвгүүдийн зөвлөл, ТББ-уудтай хамтарч, 2000 гаруй эрэгтэйчүүд, хөвгүүдэд сургалт, мэдээлэл, зөвлөгөө өгч ажилласан” гэх мэдээллийг өглөө.

Энэ удаагийн аяны хүрээнд олон улсын хөгжлийн түншлэгч байгууллагуудын уулзалт, үндэсний хэмжээнд цагаан туузтаны аян болон хүчирхийллийг үл тэвчих аян өрнүүлж, мэдээлэл сурталчилгаа, сургалтуудыг үе шаттайгаар зохион байгуулахаар төлөвлөжээ.