-АНУ Умард Солонгосыг БНСУ шиг хөгжүүлэхээ амлав-
Зүүн Хойд Азийн аюулгүй байдал, Солонгосын хойгийн нөхцөл байдлыг тогтворжуулахтай холбоотой олон чухал алхмууд өнгөрсөн долоо хоногт хийгдлээ. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео БНАСАУ-д айлчилж, энэ үеэр тус улсад хоригдож байсан АНУ-ын гурван иргэнийг суллуулсан байдаг.
Харин үүний дараа Ерөнхийлөгч Доналд Трамп Умард Солонгосын төрийн тэргүүн Ким Жон Унтай хийх түүхэн уулзалтын товыг зарласан юм. Саяхныг хүртэл хоёр улсын төрийн тэргүүн нарын уулзалт болох магадлалтай хотоор Сингапур, Улаанбаатар нэрлэгдэж байсан. Газар зүйн байршлын хувьд манай нийслэл Улаанбаатар хот илүү боломжит хувилбар байсан ч, аюулгүй байдлыг хангах, зохион байгуулалтаараа Сингапур илүү гэсэн шийдэлд талууд хүрчээ. Ингэснээр ирэх зургадугаар сарын 12-нд Доналд Трамп, Ким Жон Ун нар анх удаагаа нүүр тулж уулзахаар болов.
Уулзалтын тов нэгэнт тодорхой болсны дараа Д.Трамп Сингапурын Ерөнхий сайд Ли Сяньлунтай утсаар ярьжээ. Тэрбээр энэ үеэр “АНУ, БНАСАУ-ын аль алинтай нь найрсаг харилцаатай, хоёр улсын удирдагчдын аюулгүй байдлыг хангаж чадах улс тул Сингапурыг сонгосон” гэж ярьсан байна. Нөгөөтэйгүүр, Ким Жон Ун БНХАУ-д хоёр дахь удаагаа айлчилж, аюулгүй байдлын чиглэлээр хамтран ажиллахаар Ши Жиньпинтэй тохиролцсон тухай орон нутгийн мэдээллийн агентлагууд дамжуулж байсан юм. Ким БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Интэй уулзахын өмнө мөн л БНХАУ-д айлчилж байв.
“Хойд Солонгосыг БНСУ шиг хөгжүүлнэ”
Умард Солонгост хоёр ч удаа айлчилж, тус улсад хоригдож байсан гурван иргэнээ суллуулан эх оронд нь авчирсан Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео БНСУ-ын Гадаад хэргийн сайд Кан Кюн Ватай хамтарсан хэвлэлийн бага хурал хийх үеэрээ дээрх мэдэгдлийг хийлээ. Тэрбээр “Хэрвээ Пхеньян зоригтой шийдвэр гаргаж, цөмийн зэвсгээсээ түргэн хугацаанд ангижирвал тус улсыг хөрш БНСУ-тай ижил төвшинд хөгжүүлж өгөхөд АНУ бэлэн” хэмээжээ. Гэхдээ зургадугаар сарын 12-нд болох уулзалтаас өмнө Умард Солонгосын эсрэг тавьсан ямар ч хориг арга хэмжээг сулруулахгүй, цуцлахгүй аж. Энэ талаар Гадаад хэргийн сайд Кан “Трамп-Кимийн уулзалтаас өмнө тус улсын эсрэг тавьсан ямар ч хориг арга хэмжээг цуцлахгүй, хэвээр үргэлжлүүлнэ. Цөмийн зэвсгээс ангижрах асуудлаар Хойд Солонгосын талаас ямар нэг харагдахуйц, үр дүнтэй алхам гарах хүртэл хоригууд хэвээр үргэлжилнэ гэдэгт бид санал нэгтэй байна” гэж мэдэгджээ.
Пхеньян цөмийн зэвсгийн талбайгаа хаах товоо зарлав
Тэгвэл тус хамтарсан хэвлэлийн бага хурлын дараа Умард Солонгос цөмийн зэвсгийн туршилтын талбайгаа хаах товоо зарласан юм. Тодруулбал, тус улсын төв мэдээллийн агентлаг энэ сарын 23-25-ны орчимд туршилтын талбайг устгана хэмээн мэдээлжээ.
Үйл ажиллагаа олон нийтэд нээлттэй байх бөгөөд олон улсын сэтгүүлчид сурвалжлахад нээлттэй аж. Энэ үеэр газар доор байрлах цөмийн зэвсгийн туршилтын хонгилуудыг дэлбэлж, тэдгээрт нэвтрэх орцуудыг хаах юм байна. Мөн туршилтыг ажиглах, харуул хамгаалалтын болон судалгааны байгууламжуудыг нь буулгахаар болжээ. Улмаар БНХАУ, ОХУ, БНСУ, АНУ, Их Британи зэрэг олон орны хэвлэл мэдээллийн төлөөлөгчдийг уг үйл ажиллагааг сурвалжлахыг урьсан байна.
Цөмийн зэвсгийн туршилтын талбайгаа хаах асуудлаар Ким Жон Ун өнгөрсөн сард болсон БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Интэй хийсэн уулзалтынхаа үеэр тохиролцоонд хүрсэн байдаг. Гэхдээ албан ёсоор товыг зарлаагүй байсан юм. Харин Д.Трамптай уулзахын өмнө уг үйл ажиллагааг зохион байгуулсан нь түүхэн уулзалтын үе дүнд эерэгээр нөлөөлнө хэмээн олон улсын ажиглагчид үзэж байна.
Тэгвэл уг мэдээлэл гарсны дараа Д.Трамп твиттер хуудсаар дамжуулан сэтгэгдлээ илэрхийлээд амжжээ. Тэрбээр “Умард Солонгос дээд хэмжээний уулзалтаас өмнө цөмийн зэвсгийн талбайгаа энэ сард устгахаа зарлалаа. Баярлалаа, үнэхээр чухал, найрсаг алхам байлаа” хэмээн жиргэсэн байна. БНАСАУ өнөөдрийг хүртэл зургаан удаа цөмийн зэвсэг туршсан юм. Хамгийн сүүлчийн туршилтаа өнгөрсөн оны есдүгээр сард хийж, хамгийн хүчирхэг цөмийн зэвсэгтэй болсноо олон улсад зарлаж байсан юм.