Энэ ахлагч бүсгүйн мөрөөдөл хүсэл хар багаасаа л хязгааргүйд тэмүүлжээ. Зургаахан настай жаахан охин том ватум цаасан дээр Чингис хааны хөргийг гуашаар зураад амьхандаа магтуулах санаатай, аав ээждээ баяртайгаар үзүүлтэл ээж нь “Ээ, бурхан минь. Дээдсийнхээ толгойгоор тоглодоггүй юм” гээд шатаачихсан гэдэг.
Бүтээлээ шатаалгачхаад бүлтийж зогссон охины хүсэл зориг үүгээр мохсонгүй. Харин ч заавал хүн зурж сурна, заавал гоё юм хийдэг болно гээд цаас, харандаанаас салахгүй болсон гэнэ. Оролдлого сайт оройд нь гэдэг дээ. Удалгүй охин Төв аймгийн гуравдугаар дунд сургуулийн сурагч байхдаа 30 гаруй хар зурган хөрөг бүхий бие даасан үзэсгэлэн, ШУТИС-ийн Үйлдвэр урлалын сургуулийн оюутан болоод 70 орчим уран зургаа дэлгэн үзүүлжээ.
Мөн модны холтос, шилний үйрмэг, шүр сувд, туузан урлал бүхий 100 гаруй үзмэртэй гар урлалын үзэсгэлэнгээ ч дэглэж, олны талархал хүлээгээд амжсан бүтээлч нэгэн. “Гоёл-2003” тэмцээний эсгий хувцасны төрлийн тусгай байрын шагналтан тэрбээр гар урлалдаа туйлын дуртай уран бүсгүй.
Саяхан түүхт 100 жилийнхээ ойг ёслол төгөлдөр тэмдэглэсэн Сүхбаатарын болон Байлдааны гавьяаны улаан тугийн одонт Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлийн хүндэт зочдын бэлэг дурсгалд тус нэгтгэлийн нэрэмжит болгон өргөмжилсөн маршал Х.Чойбалсангийн баримал хүндтэй байрыг эзэлсэн байв. Харин нэгтгэлийнхээ түүхт ойд маршалын 100 ширхэг баримлыг урлаж бэлэг барьсандаа ахлагч О.Отгонбаяр машид сэтгэл хангалуун үлджээ. Богино шахуу хугацаанд нарийн ажиллагаа ихтэй, ур чадвар, асар их хөдөлмөр шаардсан хариуцлагатай ажил хүлээн авсан бүсгүй унтах нойр, идэх хоолоо умартан ажилласаар амжиж дуусгасан гэдэг. Басхүү Монголын төр нийгэм, цэргийн нэрт зүтгэлтэн эрхэм маршалынхаа дүр төрхийг урлан бүтээж, өнөө цагийнханд өртөөлөн сануулж, нэгтгэлийнхээ брэнд бүтээгдэхүүн болгож чадсандаа бүсгүй өөртөө урамшиж, дээж баримлаа хоймортоо залж бэлгэшээсэн ажээ.
Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлийн Цэргийн далд удирдлагын албаны Нууцын хэрэг хөтлөгч, ахлагч Очирын Отгонбаяр хэмээх энэ бүсгүй ер нь нийгмийн идэвхтэй, аливааг сурахын төлөө мэрийсэн, бүтээлч нэгэн бололтой. Албан ажлынхаа зэрэгцээ Төв аймгийн Зуунмод сумын Залуучуудын холбооны тэргүүлэгч, Улаан загалмайн хорооны сайн дурын ажилтан, Залуу донор холбооны Төв аймаг дахь тэргүүлэгч, Монголын эмэгтэйчүүдийн холбооны гишүүн гэх зэрэг сонгуульт ажилд багагүй цаг заваа зориулдаг төдийгүй хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд багачууд, гал түймэр зэрэг гамшигт өртсөн иргэдэд туслах сайн үйлсийн аян, хандивын үйл ажиллагааг зохион байгуулдаг нийгмийн энэрэнгүйн үзэлтэн ажээ.
Мөн хивс дизайн, гоо сайханч, бичиг хэргийн ажилтан, хөдөлмөр эрүүл ахуйн мэргэжилтэн, нягтлан бодох бүртгэл тооцооны ажилтан, архив, албан хэрэг хөтлөлт, Зэвсэгт хүчний нууц хамгаалах ажилтан, ойжуулалт, мод тарьж ургуулах технологийн сургагч багш гээд шинээр сурч мэдэж болох бүхнийг цаг заваа зохицуулан суралцаж, амжуулж чаддаг нь ёстой л залуу насны авхаалж самбаа, эрч хүч, тэмүүлэл хүслийн хүч гэлтэй.
Тэрбээр аливааг чин сэтгэлээсээ урлан бүтээж, түүнийгээ хүнд бэлэглэж, баярласан царай, гэрэлтэх нүдийг нь харж сэтгэлийн цэнгэл эдэлдэг. Бүтээлүүд нь гадаад дотоодод борлуулагдаж, Зэвсэгт хүчний эгэл жирийн нэгэн ахлагчийн гар болоод билгийн мэлмийн урыг сурталчлан таниулахын зэрэгцээ эх орныхоо нэрийг дуурьсгаж байдаг нь дамжиггүй ээ.
Нэгэн бүтээл төрөх нь эгээ л эхийн хэвлийд цаг хормоор бойжин төлжиж, нарт хорвоод мэндэлж дуугаа хадаах нандин үр лүгээ адил зам мөрийг туулна. Санаа гэгч сав шимийн хязгааргүйгээс ухааны зангилаанд харван бууж, бодол оюунд тодрон гийж, онгодын хүлгээр зүс гоо тольдон, мэлмийн уран, мутрын ураар биежин бүтээл төрдөг болой. Түүний эцэст уран бүтээлч нэгэнтээ сэтгэл ханаж амсхийхэд бүтээлийг харж, хүртэж, мэдэрсэн үзэгч олны нүд, сэтгэл баясна.
Д.ГҮНЖИЛМАА