ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Эмч, өмгөөлөгч, Их сургуулийн багш, сэтгүүлчид Солонгосын 3-5 жилийн виз авах боломжтой

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-09-11

БНСУ-ын Элчин сайдын яамнаас өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Хоёр Солонгосын Ерөнхийлөгч нар гурав дахь удаагаа уулзах гэж байгаа, Солонгосын соёлын өдрүүд Монголд болох талаар мэдээлэл өгсөн юм. Мөн Солонгосын 3-5 жилийн буюу олон удаагийн визний журамд өөрчлөлт орж байгаа, түүнийг хэрэгжүүлэх талаар мэдээлэл өглөө. 

Виз авахад өөрчлөлт орж байгаа асуудлаар  Улаанбаатар хот дахь БНСУ-ын ЭСЯ-ны консул Кил Канмүг мэдээлэл өгсөн.   Тэрбээр “БНСУ-руу зорчих визний журамд зөвхөн ЭСЯ дангаараа өөрчлөлт оруулдаггүй, БНСУ-ын Хууль зүйн яам, Гадаадын иргэн харьяатын газар, Цагаачлалын алба зэрэг холбогдох байгууллагуудын хамтарсан шийдвэрээр гаргадаг. Өнөөдрийн байдлаар мянга орчим солонгос иргэн Монголд зорчих олон удаагийн виз авсан бол 37 мянган монгол иргэн БНСУ руу зорчих олон удаагийн виз эзэмшдэг” гэсэн юм.

Хуучин журмаар олон удаагийн визийг олгохдоо долоон шалгуур хангасан байх нөхцөл тавьдаг байсан аж. Тэгвэл  энэ удаагийн шинэчлэлээр нэмж зургаан шалгуурыг тусгахаар болжээ. Өөрөөр хэлбэл,  шинэ журамд нийт 13 шалгууртай болгожээ.

ОДОО МӨРДӨГДӨЖ БУЙ ЖУРАМ:

-БНСУ-д зорчиж байсан иргэн

-Төрийн албан хаагч болон төрийн өмчит ААН-ийн үндсэн ажилтан (хэлтсийн даргаас дээш албан тушаалтан)

-БНСУ-руу тогтмол нислэг үйлддэг авиа компани, усан онгоцны компанийн үндсэн ажилтан (хэлтсийн даргаас дээш албан тушаалтан)

-БНСУ-тай хамтран байгалийн баялаг, эрчим хүч олборлох, борлуулах зорилгоор ААН байгуулах, БНСУ-ын төрийн болон төрийн өмчит ААН-ийн урилгаар хэлэлцээр хийх, гэрээ байгуулах зэрэг үйл ажиллагааны шугамаар зорчих иргэн

-БНСУ-ын иргэншилтэй болсон иргэний эцэг, эх, хүүхэд, БНСУ-ын иргэний эхнэр, нөхөр, мөн хоёр улсад гэрлэлтээ батлуулаад 1 жил ба түүнээс дээш жил зүй ёсоор амьдарч буй БНСУ-ын иргэний эхнэр/нөхрийн эцэг, эх, насанд хүрээгүй хүүхэд (18-аас доош насны)

-Олон улсад ашиглагддаг кредит карт эзэмшигчийн харилцагчийн зэрэглэл болон зарцуулалтаас хамааруулан VIP үйлчлүүлэгч гэж үзсэн иргэн

-Байнгын зорчигч – БНСУ-руу сүүлийн хоёр жилийн дотор 4 ба түүнээс дээш, нийт 10-аас дээш (сүүлийн 2 жилд заавал нэг удаа зорчсон байх) зорчсон иргэн

 ШИНЭЧЛЭГДСЭН ЖУРАМ:

-Одоо мөрдөгдөж  дээрх долоон журам дээр нэмэгдэн

-Холбогдох нөхцөлийг хангаж буй эмч, өмгөөлөгч, их сургуулийн багш зэрэг мэргэжлийн боловсон хүчин

-Холбогдох нөхцөлийг хангаж буй сэтгүүлч, найруулагч, редактор зэрэг хэвлэл мэдээллийн байгууллагад нэг жилээс дээш хугацаагаар ажилласан иргэн

-Нэг жилийн турш төлсөн татварын хэмжээ 500 сая төгрөгөөс дээш байх, эсвэл татвар төлөгч аж, ахуйн нэгжийн хэлтсийн дарга болон түүнээс дээш албан тушаалд нэг жилээс дээш хугацаагаар ажиллаж буй иргэн

-БНСУ-д бакалавраас дээш зэрэг хамгаалсан иргэн, эсвэл бусад улсад магистраас дээш зэрэг хамгаалсан иргэн (Үүнд коллеж хамаарахгүй)

-Холбогдох нөхцөлийг хангаж буй олны танил урлаг соёлын зүтгэлтэн, тамирчин (Тухайн салбарт гавьяа зүтгэл гаргасан иргэн)

-500 сая төгрөгөөс дээш үнэ бүхий үл хөдлөх хөрөнгө, санхүүгийн хөрөнгө зэрэг хувийн хөрөнгө эзэмшиж буй иргэн олон удаагийн виз хүсэх боломжтой болжээ.

Шинэ журамд тусгагдсан тодорхой нөхцөл хангах ёстой хүмүүст тавих шаардлагыг одоогоор эцэслэн шийдээгүй аж. Элчин сайдын яамныхан нөхцлөө эцсийн байдлаар шийдсэнийхээ дараа тодорхой мэдээлэл өгөх ажээ.